“Тонгойж унш, өндийж сэтгэ” гэдэг шиг...

Twitter Print
2020 оны 02-р сар 22-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

"Тонгойж унш, өндийж сэтгэ." хэмээсэн Күнзийн сургаалын талаар урьд өмнө өгүүлж байсан санагдана.

Орчин үеийн хүмүүсийн хувьд зөв зүйтэй ном сонгон уншаад түүнийхээ талаар эргэцүүлэн бодох явдал хамгаас чухал билээ. Дээрх сургаалын тухай сайтар эргэцүүлэн бодож үзвээс дийлэнх хүмүүс осолгүй бага сага уншаад байх шиг байгаа юм. Харин түүнийхээ талаар эргэцүүлэн боддог нь хэд билээ гээд тооцож үзвэл тун бага харьцаа гарч мэдэх юм шүү.

Сүүлийн үед хятадад дээрх зүйр үгийн загвараар "Гар утсаа доош тавьж, толгойгоо өндийлгөцгөөе." хэмээх шинэ уриа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр маш өргөн дэлгэрэх болсныг олж уншихад төвөггүй. Ямар сайндаа "Доош тонгойгсод" хэмээх шинэ хэллэг гарсан нь цахим дэлгэцний хэт хамааралтай болсон хүмүүсийг нэрлэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл гар утас, компьютер, зурагт, айпад гээд цахим дэлгэцийн хамаарал хэмээх шинэ нэр төрлийн эмгэг тус оронд нийгмийн үзэгдэл болтлоо өргөжсөнийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нь хурц шүүмжлэн хэлэлцэх боллоо.

Ганц Хятад гэлтгүй Япон оронд ч ийм үзэгдэл ихээхэн газар аваад байгаа бөгөөд энэ сөрөг байдлыг Токио зэрэг томоохон хотуудын метронд суугаад үзэхэд төвөггүй харж болохоор болсон байна лээ. Хамгийн аймшигтай нь урьд өмнө 15-20 насны хүүхэд залуус ийм эмгэгээр өвчлөх тохиолдол япон оронд дийлэнх хувийг эзлэдэг байсан бол одоо цэцэрлэг, бага ангийн хүүхдүүд ч ийм өвчлөлд ихээхэн өртөмхий байгаа нь түгшүүрийн харанга дэлдэж байгаа ажээ.

Ер нь дэлхий нийтийг хамрах чиг хандлагатай байгаа энэ үзэгдэл манай Монголд ямар байгаа билээ гээд бодсон чинь бас л төдийлөн олигтой дүр зураг санагдахгүй байна шүү. Энэ талаар би нүүр номондоо холбогдох жишээ баримтууд байнга дурьдан бичиж байдагийг та бүхэн мэдэх байх аа. Энэ үзэгдлээс үүдээд монголоор биш, англиар хэлд орчихсон хүүхдүүд олшрох төлөвтэй байна. Аав ээж нь ч анхандаа хүүхэд минь хүний нутагт биш монголдоо унаган англи хэлтэй болчихлоо гээд чамгүй их баярлаж байсан чинь сөрөг муу тал нь болох уур уцаартай, бухимдуу, дураараа, үгэнд ордоггүй зэргээс гадна хамгийн аймшигтай нь монголоор өөрийгөө илэрхийлж чадахгүй байгааг хараад сэтгэл нь хамгаас их зовж таарна аа даа.

Ер нь японы судлаачдын гаргасан судалгаанаас үзэхэд ухаалаг гар утсанд донтсон хүүхэд дээр дурдсан зан араншингийн эмгэг шинжээс гадна эсвэл хэт их хөдөлгөөнтэй дүрсгүй, эсвэл гөлрөө, мэлрээ, анхаарал төвлөрч өгөхгүй зэрэг сул тал ажиглагддаг гэж бичсэн байх юм. Хамгийн гол нь тийм хүүхдийн тусгах чадвар буурдаг, тэр ч байтугай алддагдаг нь нөхөж болшгүй том гарз мөн.

Үүнээс сэргийлэх арга замын талаар иймэрхүү асуудалтай тулгарсан гэр бүл, эцэг эхчүүд хамгаас их сонирхож байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүүхдийн хүмүүжил нийгэм, орчныхоо нөлөөнд хамгийн их өртөмхий байдаг болохоор эцэг эх, ах дүүс нь гар утас зэрэг цахим дэлгэцийн хэт хамааралтай байх нь бага насны хүүхэд тийм байдал руу халтиран орох гол эхлэл болдог ажээ. Хүүхэд чинь нэгэнт тийм донтой болсон бол та хүүхдийнхээ буруу зуршилтай биш харин өөрөө түрүүлж үлгэрлээд нэг хэсэгтээ цахим дэлгэцээс нэлээд удаан хугацаанд холдчих буюу эсвэл маш бага зохистой хэрэглээтэй болчихвол "донтсон хүүхдээ" ямар ч сайн сэтгэлзүйч эмч дээр дагуулан очоод үнэтэй эм тариа хэрэглэснээс илүү тустай байна гэж гадаадын судлаач мэргэжилтэнгүүд зөвлөснийг өнөөдрөөс эхлэн өөр дээрээ хэрэгжүүлж эхлэхэд илүүдэх юун.

Д.Болдбаатар 

"Гэгээ" сургалтын төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.