Канад Энэтхэгээс 41 дипломатаа эгүүлэн татлаа

Twitter Print
2023 оны 10-р сар 20-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Канад улсад бусдын гарт амиа алдсан Энэтхэгийн сикх шашны салан тусгаарлагчийн үхэлтэй холбоотойгоор Канад Энэтхэгт ажиллаж байсан 41 дипломатаа эгүүлэн татсан тухай тус улсын Гадаад харилцааны сайд Мелани Жоли мэдэгджээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Бритиш Коламбия мужид амиа алдсан 45 настай Хардип Сингх Нижарын үхэлд Энэтхэгийн тусгай албаныхан холбоотойг нотлох баримт байгаа тухай мэдэгдсэний дараа Дели Оттавагаас Энэтхэгт ажиллаж байгаа дипломат ажилтнуудынхаа тоог бууруулахыг шаардсан билээ.

Ингэхдээ Энэтхэгийн эрх баригчид Канадын дипломатууд энэ баасан гараг гэхэд Энэтхэгээс явахгүй бол Энэтхэгийн зүгээс тэдгээр дипломатуудын халдашгүй эрхийг цуцлахаа мэдэгдсэн ба Мелани Жоли үүнийг ямар ч үндэслэлгүй, Венийн конвенцийн илт зөрчсөн үйлдэл хэмээн онцолсон байна.

41 дипломат нь эх орон руугаа буцсанаар өнөөдрийн байдлаар Энэтхэгт Канадын 21 дипломат үлдэж байгаа аж.

Канадын Ерөнхий сайд Ж. Трюдо Энэтхэгийн эрх баригчдын "алан хядагч" хэмээн цоллосон Хардип Сингх Нижарын үхэлд Энэтхэгийн тагнуулын алба холбоотой хэмээн, Делигээс мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллахыг уриалсан юм.

Дели уг мэдэгдлийг үгүйсгэж, Канад улсын иргэдэд виз олгохоо зогсоох зэргээр хариу арга хэмжээ авч эхэлсэн юм.

Өнгөрсөн сард Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Субрахманям Жаишанкар Канадын гаргаж ирсэн бүх баримт нотолгоонуудыг шалгах хүсэлтэй байгааг мэдэгдсэн юм.

Канад улсын нийт хүн амын 5 хувийг энэтхэг гаралтай хүмүүс эзэлдэг ба тус улсад 770 мянган Сикх шашинтнууд амьдардаг юм.

Канадын хүн амын 2 орчим хувийг эзэлдэг сикхчууд Энэтхэгийн Панжаби мужийг салан тусгаарлаж, Халистан хэмээх улс байгуулахыг дэмждэг юм.

Канадын Цагаачлал хариуцсан сайд Марк Миллер Энэтхэг дэх дипломатуудынх нь тоо цөөрснөөр Дели дэх элчин сайдын яаман дахь Канад руу цагаачлах асуудлыг хариуцсан ажилтнуудынх нь тоо ч дагаж цөөрнө гэжээ.

Ингэснээр Канадад ажиллаж амьдарч, сурч байгаа хүмүүс, боловсролын байгууллагуудын хувьд нөхцөл байдал хүндэрнэ гэдгийг ч онцолжээ.

Канадын их дээд сургуулиудад суралцаж буй гадаадын нийт оюутнуудын 40 орчим хувийг энэтхэгчүүд эзэлдэг аж.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.