80 сая мал ер нь ямар хэрэгтэй вэ

Twitter Print
2020 оны 01-р сар 12-нд 17:34 цагт
Мэдээний зураг,

Малын тоогоо 80 саяд хүргэж хөхүүлэн дэмжсэн төр засгийн бодлого зөв үү? Олон улсын судлаач нар дүгнэлт хийгээд малын тоогоо 37 сая болгож бууруулахгүй бол дэлхийн дулаарал, цөлжилтөнд “тус хүргэсэн” үйл явдал болно хэмээсэн байна.

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” хөтөлбөрөөс 2011-2014 онд хийсэн судалгаагаар Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Дундговь аймагт бэлчээр үлэмж доройтон хамгийн их талхлагдсан. Улсын бэлчээрийн 70 гаруй хувь нь ургамлын нөмрөг, бүтэц бүрэлдэхүүний хувьд доройтож, 25.2 сая га бэлчээр талхлагдаж хэвийн хэмжээнээс дордсон тул малын хөлөөс чөлөөлж зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай хэмээн дүгнэжээ.

“Мянгат малчин” шалгаруулдаг, тэрийгээ сүр дуулиан болгон зарладаг, тэмдэглэж баяр хөөр болгодог бодлого нь ирээдүйгээ бодож тооцоолдоггүй “төрийн бодлого” юм. Малчид голын эх дагаж зусах, нуур бараадаж шавах, малаа услах нэрийдлээр гол горхи, нуур тойром руу шууд тууж оруулдаг нь тухайн орчны бүс дэх хүн ам, ан амьтны ундаалах усанд сөрөг нөлөөлж бохирдол үүсгэдэг.

Хэдэн арван сая малтай хэрнээ өнөөг хүртэл малынхаа махыг гадаад руу экспортолж мөнгө олж чаддаггүй. Малаа малын эмчид үзүүлдэггүй, вакцинд хамруулдаггүй, угаалганд оруулдаггүй, арьс ширийг нь элддэггүй, сүү саалийг нь бүрэн авдаггүй болоод өчнөөн жил өнгөрч байна. Монголын байгаль ганцхан малчдынх биш 3.3 сая монгол хүн бүрийнх, цаашлаад хэдэн тэрбумаараа амьдарч буй дэлхийн хүмүүсийнх.

Малын тоо толгойг хэнд ч ашиггүй ингэж өсгөх нь залхуу байх сэтгэлгээг аль хэдийнэ суулгажээ. Өөрөө бэлчээд идээшилдэг мал нь эзнийхээ хөлсийг дуслуулж “зовоогоод” байхгүй, их л бодож 3-4 цаг л эзнээрээ “санаа тавиулна”. Сүүл үеийн малчид ихэнх цагтаа айраг архи эргүүлж, мөрийтэй тоглож, том том мөнгө, хурдан морь ярьж элдвээр аархаж гайхуулдаг болсон. Өөрсдийгөө байгалийн хатуу ширүүн нөхцөлд их л “зовж зүдэрч” мал өсгөж буй мэтээр өрөвдүүлэхийг хичээнэ. Бага зэрэг хүйтрээд ирэнгүүт улсаас “хангамж, тэтгэмж” хүлээгээд суучихна. Эртнээс нааш нүүдэлчин, малчин байсан уламжлал, зан заншил, амьдралын хэв маягаа орчин үеийн хөгжил, технологийн хурданд тохируулан “нийгэмших” байтал ял болгоод үүрүүлчихсэн юм шиг аяглаж суудаг болсон нь худал бус.

Эдийн засгийн үр ашиг улс ард түмэндээ өгдөггүй, хөрс, ургамал, агаарын дайсан болсон малын хэт өсөлтийг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ. Малыг 80 сая, 100 саяд хүргэх нь Монгол улсад, монгол хүнд, цаашлаад дэлхийд ямар ашигтай вэ? Дэлхийн улс орнууд чанартай, байгаль орчинд хал багатай мал аж ахуй руу аль хэдийнэ шилжчихээд байхад монголчууд л бахь байдгаараа. Монголын 80 сая мал нь газрын үржил шимийг устгаж уул уурхайгаас илүү хор хүргэх эрсдэлтэй болчихоод байна.

Ч.Буянбадрах 

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.