Ипотекийн зээл хөдөө орон нутагт 7 хувийн хүүтэй болно

Twitter Print
2014 оны 05-р сар 12-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Даваа гараг бүрт болдог Засгийн газрын мэдээллийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн хагас сайнд болсон Засгийн газрын хуралдаанаар шийдсэн 15 асуудлын талаар мэдээлэл хийв.

Засгийн газрын хуралдаанаар шийдсэн 15 асуудлын эхэнд  эдийн засгийн гадаад, дотоод орчинд үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, бүх бололцоогоор зардлаа бууруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгожээ.  

Жижиг, дунд үйлдвэрийн зориулалтаар импортлож буй тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг сунган 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох нь зүйтэй гэж үзэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн түүнчлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулинд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, томоохон төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалт хийх тодорхой хугацаанд импортын гаалийн болон НӨАТ-аас аж ахуйн нэгжийг түр чөлөөлөх буюу татвар төлөх хугацааг 2 жил хүртэлх хугацаагаар хойшлуулах нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж, хуулийн төсөлд тусгажээ.

Ипотекийн зээлд хамрагдах хүрээг өргөтгөхийн тулд орон нутагт барьсан, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон амины орон сууцыг хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэв. Түүнчлэн аймаг, сумдад ипотекийн зээлийн хүүг жилийн 7% байхаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт оруулжээ. 

Сүүлийн үед санхүүжилтийн талаар хэл ам татлах болсон “Гудамж” төслийг тодорхой болгохын тулд БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 193 сая ам.долларыг “Гудамж” төслийн Туул голын хурдны зам төсөл”, “Яармагийн гүүр барих төсөл”-д зарцуулж, төслийн гэрээг Хятадын талтай байгуулж хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгажээ. 

“Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессийн гэрээг   “Нако” ХХК-тай байгуулахыг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрч, концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай авто замын трасс, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, зураг төслийг батлах, авто замын барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгохыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгажээ.   

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулагч компаниудын үйл ажиллагааг эхлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг батлав.

Засгийн газрын хуралдаанаас шийдсэн 15 асуудлын дотор иргэдийн амьжиргаанд ихээхэн ач холбогдолтой нэгэн заалт орсныг Ерөнхий сайд онцолсон юм. Энэ нь худалдан авагч иргэд аль ч дэлгүүрээс худалдан авалт хийхдээ НӨАТ-т төлсөн 10 хувиасаа 2 хувийг нь буцаан авдаг болох тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар болсныг мэдэгдсэн явдал байв. Ийнхүү шинэчлэлийн Засгийн газар үйлдвэржилтийг эрчимжүүлэх 100 хоног зарласны дараах эхний хуралдаанаараа иргэдийн амьдралд шууд нөлөөлөх тодорхой асуудлуудыг шийдсэн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээллээ.

Д.Энхтүвшин        

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.72.246.148) 2015-05-19 17:25
      • 0
      • 0

      Амьны орон сууцны зээл огт хэрэгжихгүй байна аа. Хэзээнээс хэрэгжих вэ. Энд болхоор бүх юм ок л гээд байх юм. Гэтэл газар дээрээ хэрэгжсэн юм алга л байна да

      Хариулах