
У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019.07.09-ний өдөр 296-р тогтоол гаргасан. Тогтоолоор:
- “Эрдэнэс Тавантолгой “ компаний дэргэд шинээр охин компани байгуулах
- Шинээр байгуулагдах охин компанид Тавантолгойн ордын MV-011943 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Цанхийн зүүн хэсгийг шилжүүлэх
- Охин компаний хувьцааны 30 хүртэлх хувийг гадаадын хөрөнгийн биржээр / IPO /арилжаалахаар заажээ.
Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” компаний охин компаниар “Эрдэнэс Тавантолгой Майнинг” гэх компанийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Х.Наранхүүг томилжээ.
“ Эрдэнэс Тавантолгой майнинг” нь охин компани боловч “Эрдэнэс таван толгой” компаний бүтээгдэхүүн экспортлохоос өгсүүлээд бүх эрхийг шилжүүлэн авахаар заажээ. “Эрдэнэс тавантолгой майнинг” компанид шилжүүлсэн Зүүн цанхи бол Тавантолгойн өрөм нь. Дээд зэргийн чанартай нүүрсийг хамгийн бага зардлаар олборлох хэсэг нь Зүүн цанхи. Уг нь Ашигт малтмалын хуульд ордыг сорчилж ашиглахыг хориглож, цогцоор нь ашиглахыг заасан байдаг.
“Эрдэнэс тавантолгой” –н лицензийг охин компани байгуулж шилжүүлсэн энэ шийдвэрийг ЗГ нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэж иргэд үзэж байна.
Учир нь “Эрдэнэс таван толгой” компаний 70 хувийг Засгийн газар, 30 хувийг Монгол улсын иргэд эзэмшдэг. Гэтэл охин компани байгуулах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх асуудлыг 70 хувийн хувьцаа эзэмшигч Засгийн газар дангаараа гаргасан. Компаний үүсгэн байгуулагчдын хурлаар шийдэх асуудал байлаа.Тэгээд ч АМТХ-ийн 9,1,4-т Стратегийн ордод хамруулах эсэхийг УИХ-аар шийдвэрлэнэ гэж заасан учраас Засгийн газрын 296-р тогтоол нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэж тайлбарлах иргэд ч байна. Өнөөдрийн “Эрдэнэс тавантолгой”-н ажилчдын эсэргүүцлийн жагсаал ч үүнтэй холбоотой юм.
Үе үеийн улс төрчдийн шуналыг хөдөлгөж, зүгээр байлгаж чаддаггүй орд бол Тавантолгой. 7,4 тэрбум тн-ын коксжсон нүүрсний орд дэлхийд ховор л доо. Өмнөх түүхийг сөхвөл:
1.2000-аад оны эхээр улсын төсвөөр хайгуул хийсэн Тавантолгойн лицензийг Сү.Батболд тэргүүтэй улс төр бизнесийн бүлэглэл хувьдаа авчихсан байсан. Дараа нь С.Баяр лицензийг нь төрд буцааж авах нэрийн доор нөөцийн бараг 20 хувийг “Эм Си Эс”, “Петровис”.... бүлэглэлд өгсөн нь одоогийн “Энержи ресурс” юм. Хожим С.Баярын АНУ-д худалдаж авсан 7 хаус “Петровис”-ийн хувьцаа эзэмшигчидтэй холбогддог нь санамсаргүй тохиолдол биш. Өнөөдөр С.Баяр авлигал, албан тушаалын хэргээр шалгагдаж байна.
2. 2005 онд сайд М.Энхсайхан төрийн өмчит “Эрдэнэс таван толгой”-н газар эзэмших, ашиглах , олборлох эрхийг 60 жилийн хугацаатайгаар “Энержи ресурс” болон Хятадын төрийн өмчит “Шинхуа” компанид шилжүүлж, Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг өмчлүүлэх заалттай “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулахаар УИХ-д өргөн барьсан. Энэ үйлдлээрээ өнөөдөр М.Энхсайхан “Монгол улсыг хорлон сүйтгэхийг завдсан” гэх яллах дүгнэлттэйгээр шүүхийн хаалга татаж байна.
3. Дараагийн ээлжинд “Тавантолгой”-н асуудлаар “шалгагдах” хүн нь одоогийн Засгийн газрын гишүүдээс тун удахгүй тодорно.
Сэтгүүлч Б.Отгон
2020.04.23
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
zochin
(202.9.46.92) 2020-04-23 10:30haramchhuugiin nariinhuu yugaa hiigeed ywnaaa.
Хариулах
emgenel
(118.43.185.99) 2014-05-12 19:55mongoliin gutamshig
Хариулах