Ноён урваач, нохой шарваачид

Twitter Print
2014 оны 05-р сар 13-нд 13:02 цагт
Мэдээний зураг,

Монголын улстөр урваач, шарваачдаар ёстой л нэг бялхаж байна. Албан тушаалын амлалт сонсох, алс ирээдүйд хүчний харьцаа өөрт нь хэрхэн ашигтайгаар үйлчлэхийг тооцоолсны үндсэн дээр   улстөрд анхлан хөл тавиулсан намаасаа дүрвэж, нэгэн цагт эгцэлж ч хардаггүй байсан улстөрийн хүчинд ичих ч үгүй  урван гүйж очсон эрхмүүд өнөөдрийн УИХ-д хангалттай олон бий. Тоймтойгоос нь дурьдвал өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдааны төгсгөлд “Одоо үндсэний эв нэгдлийн Засгийн газар байгуулцгаая” гэж уриалан эрх баригч АН-ынхан төдийгүй сөрөг хүчнийхний нүдийг орой дээр нь гаргасан С.Баярцогт гишүүн 1990-ээд онд МАХН-ын хамгийн ирээдүйтэй залуу улстөрч гэгдэн тэдний нэр дээр хойшоо сургуульд явж байсан нэгэн билээ. Гэтэл сургуулиа төгсөж ирэнгүүтээ ёстой л эвэр нь ургасан ишигний зан гаргаж, энхрий хайрт МАХН-аа мөргөчихөөд АН-ыг бараадсан түүхтэй.

За тэгээд цааш нь нам дамжин хэсүүчлэгч, жим даган хөврөгчдийн нэрс Д.Арвин, Н.Батцэрэг, М.Содномпил, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Цолмон гээд урт цуваа үүсгэнэ.

Тэгвэл ашиг хонжоо, авлага, өглөгөө тооцоолон нам сэлгэн наймаалцагчдын тоо хоёроор нэмэгдэж байгаа ажээ. Нам дамжин наймаалцагчдын сүүлийг мушгиж байгаа хоёр эрхмийн тухайд Монголын улстөрд энэ талын сөрөг дээд амжилтад ойртож яваа эрмүүд гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй л болов уу.   

Анх Н.Энхбаярыг бяр чадалтай байхад нь дагаар орж МАХН-ыг цээжээрээ хамгаалах шахуу юм болж явсан Ц.Шинэбаяр, улстөр судлаач гэгдэх С.Молор-Эрдэнэ хоёр МАХН-ын хаалгыг тас саваад гарч одсон цаг саяхан мэт. МАХН-аас нүүр бууруулсныхаа дараа Хамуг Монгол хөдөлмөрийн нам гэгчийг байгуулан 2012 оны сонгуульд оролцож байсан УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, судлаач С.Молор-Эрдэнэ нар намаа татан буулгаж, анх улстөрийн галаа асааж байсан МАХН-д нэгдэхээс өөр гарцгүй болсон бололтой. Өөрсдийн гэсэн жаахан эд зүйлсээ боож, баглаж аваад МАХН-ын цагаан байрны хаалгаар өнөөдөр буцан алхаж орцгоож байгаа аж.

Анх МАН-аас нэр дэвшин УИХ-д сууж байсан Ц.Шинэбаяр гэнэтхэн л нэг өдөр МАХН, Н.Энхбаяр даргад дагаар орсноо зарласан. Энэ үеэр урьд нь хаана явсан нь төдийлөн олонд танил бус улстөр судлаач гэгдэх С.Молор-Эрдэнэ гэх нөхөр гарч ирээд Н.Энхбаярын баруун гараар тодорч, хэдэн сар гайгүй идэвхтэй дагаж гүйсэн удаатай. Гэтэл нэг л өдөр эргэж харахын аргагүй түнжин хагарч, хоёр товариш МАХН-аас өрх тусгаарлан одож билээ. Тэдний байгуулсан Хамуг монголын хөдөлмөрийн нам сүүлийн үед санхүү эдийн засаг, хүн хүчний хувьд бүрэн дампуурч, яах аргагүй “хуучин баян”-ы хаяа түшихээс өөр авралгүй болсноор тэд ийнхүү ичих нүүрээ улалзуулан тас савж одсон хаалгаа илж таалах нь холгүй буцан ирцгээж байна.

Тэд саяхан хуралдаж, “Бидний аврал бол өөр хэн ч биш МАХН л юм байна. Учир иймд эргэн нэгдэхээс өөр арга алга” хэмээцгээжээ.   Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ нар саяхан л хаалгыг нь тас саван одсон МАХН-д буцан гүйж ирж байгаагийн цаана ямархуу наймаа, ашиг хонжооны тохиролцоо хийгдсэн нь тун удахгүй тодорхой болох болов уу. Монголын улстөр дэхь ичгүүр сонжуургүй наймаалцал, ашиг хонжоо харсан түр зуурын нэгдэл, өгөө авааны тохиролцоон үргэлжилсээр л.

Д.Энхтүвшин   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Lavonn

      (188.143.234.155) 2016-07-24 08:31
      • 0
      • 0

      syifa2009/08/22 lagu ini pas banget buat orang yg suka pacaran, agar dia ingat bulan ramadhan. yg harusnya &#2A#0;BERIBAD2H”&28280;MAJU TERUS BAND WALI”Pokonya ini lagu keren abis

      Хариулах