
Хойд Солонгосын мэдээ мэдээллийг түлхүү нийтэлдэг БНСУ-ын Daily NK цахим мэдээллийн сайтад Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын 12-нд зүрх судасны мэс засалд орж, Хянсан мужид байрлах эдлэн газартаа эмчлүүлж байгаа тухай бичжээ.
Ким Жон Ун энэ сарын 15-нд тохиосон хойд солонгосчуудын хамгийн том баяр болох өвөөгийнхөө төрсөн өдрийн ойн баярт оролцож, олон нийтийн өмнө гараагүй нь олон улсын анхаарлыг татсан билээ. Тэгвэл Өмнөд Солонгосын засгийн газраас Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зүрх судасны мэс засал хийлгэсэн гэх мэдээлэлд эргэлзэж буйгаа мэдэгджээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний төлөөлөгчийн мэдээлснээр Хойд Солонгост ямар нэг "ер бус" зүйл тохиолдсон гэх мэдээлэл ирээгүй бөгөөд Ким Жон Уны талаар батлагдсан шинэ мэдээ мэдээлэл байхгүй байгаа аж.
Хойд Солонгост эх сурвалжтай Daily NK зүрх судасны мэс засалд орсон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны биеийн байдал тогтвортой байгаа талаар өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн байна. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч зүрх судасны мэс ажилбар хийлгэх шаардлага гарсан явдалд "таргалалт, тамхи татах хорт зуршил, ядаргаа" зэрэг хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн хэмээн бичжээ. Тэгвэл Америкийн СиЭнЭн суваг Хойд Солонгосын удирдагчийн биеийн байдал хүнд байгаа гэх мэдээллийг Америкийн тагнуулын албаныхан шалгаж байгаа тухай мэдээлжээ. "Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Чен Ун зүрх судасны хагалгаанд орж ухаангүй байна" гэсэн мэдэгдлийг Цагаан ордны аюулгүйн зөвлөх мэдэгдэв. Солонгосын цөмийн зэвсгийн асуудалд анхаарал хандуулсан хэвээр байгааг энэхүү мэдэгдэл нотолж байна.
Харин Хойд Солонгосын зүгээс одоог хүртэл ямар албан ёсны нэг мэдээлэл өгөөгүй байна.
Зарим эх сурвалжуудад түүний дүү, баруун гар нь болох Ким Ё Жон орлон ажиллаж байна гэжээ. Тэрбээр асуудал гарвал улсын жолоодогч болохоор бэлтгэгдэж ирсэн. 1987 онд төрсөн, ахтайгаа хамт Швейцарьт сурсан, компьютерийн мэргэжилтэй. Гэр бүлтэй, гэр бүлийн байдал нь төрийн маш нууцын зэрэглэлд ордог.
БНАСАУ өнгөрсөн оны сүүлчээс хойш онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд тус улсын удирдагч Ким Жөн Уны оронд түүний эмэгтэй дүү Ким Ё Жоныг томилохоор бэлтгэж эхэлсэн гэж Японы "Иомиури" сонин Өмнөд Солонгосын болон Америкийн эх сурвалжуудын мэдээллээс иш татан мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, 2019 оны сүүлчээр болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хурлын үеэр Ким Жөн Уныг гэнэт нас барсан тохиолдолд түүний бүх эрх мэдлийг эмэгтэй дүү Ким Ё Жонд шилжүүлэн өгөх шийдвэрийг гаргажээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.