Их, дээд сургуулийн элсэлтийн босго оноог тогтоожээ

Twitter Print
2020 оны 04-р сар 21-нд 16:06 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын 139 дүгээр тогтоолын дагуу бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл зогсоосонтой холбогдуулан БСШУС-ын сайдын “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” тушаалыг баталлаа.

2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоожээ.

Улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн XII анги төгсөж буй 27 983 сурагчид ЭЕШ-д бэлтгэхэд нь туслах зорилгоор интернэтэд үнэ төлбөргүй орох дата эрх олгох ажлыг аймаг, дүүргийн БСУГ, орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэй зохион байгуулж, үүрэн телефоны операторууд үнэгүй дата бүхий дугаарыг олгож эхэлжээ. Түүнчлэн энэ жилээс сувилагчийн сургуульд элсэн суралцагч амжилттай суралцвал төлбөрийг нь төрөөс даахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Элсэлтийн хувьд: 2019-2020 оны хичээлийн жилийн эхний статистик мэдээгээр 95 их, дээд сургууль, коллежид 148.5 мянган оюутан суралцаж байгаагаас төрийн өмчийн 21 сургуульд 82.9 мянган оюутан, хувийн өмчийн 71 сургуульд 66,4 мянган оюутан, гадаадын их сургуулийн салбар 3 сургуульд 190 оюутан тус тус суралцаж байна.

Төгсөлтийн хувьд: Энэ хичээлийн жилд 22 387 суралцагч төгсөх бөгөөд нийт төгсөгчдийн 17 420 нь бакалаврын, 4 572 нь магистрын, 395 нь докторын зэрэгтэй төгсөх юм. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу оюутнуудыг хичээл сонголт болон төгсөлтийн шалгалтад бүрэн хамруулах үүрэг өгсөн. Энэхүү заалтад бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй 1 суралцагч, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцагч, багш мэргэжлээр суралцагч, нэг өрхийн 3 ба түүнээс дээш хүүхэд зэрэг суралцаж байгаа өрхийн 1 суралцагч, цаатан өрхийн суралцагч тус тус хамрагдана.

Энэхүү буцалтгүй тусламж олгоход 2020 оны төсөвт 8 460 оюутанд 16.6 тэрбум төгрөг баталсан аж. 2019-2020 оны хичээлийн жилийн эхний улиралд их, дээд сургууль, коллежийн 51 дотуур байранд 11.8 мянган оюутан амьдарч байсан. Одоогийн байдлаар 51 оюутны байранд нийт 412 оюутан амьдарч байна. Оюутны дотуур байранд амьдардаг оюутан, суралцагчийн эд зүйлсийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөрт багтаан хүлээлгэн өгөх ажил зохион байгуулахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгожээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.