
Коронавирусний цар тахлаас болж, хамгийн их хохирч байгаа салбаруудын нэг бол аялал жуулчлалын салбар юм. Маш их хөрөнгө оруулан, зөвхөн энэ салбартаа л ажил хөрөлмөр, ахуй амьдралаа зориулсан жуулчлалын салбарынхнаа харахад сэтгэл өвдөж байна.
Аялал жуулчлал бол дэд бүтэц энэ тэрээс шалтгаалан, манайд хөгжүүлэхэд тийм амар биш ч ажиллахад сайхан салбар. Аялал жуулчлалтай холбоотой ганц нэг дурсамжаасаа хуваалцъя.
1990-ээд оны эхнээс Монголын аялал жуулчлалын салбарт хувийн хэвшил орж ирж эхэлсэн дээ. Эхэн үедээ ганц хоёр автобустай, ресторан, улсын зочид буудлуудыг царайчлах маягаар л эхэлж байсан байх. Орчуулагч мэргэжилтэй, гадныхантай харьцаатай хүмүүс тав арван хүнийг жуулчин маягаар хүлээж авч эхэлсэн. Би хүртэл 1990-ээд оны эхнээс ганц хоёр япон хүнийг жуулчин маягаар хүлээж авч, тав арван төгрөг олдог байлаа. Одоо бодоход инээдтэй, ичмээр юм зөндөө л болдог байсан. “Даатгалаа яаж хийлгэх вэ” гэхээр нь, “даатгал маатгал хэрэггүй ээ, би бүгдийг зохицуулна, надад даатгачих” гэдэг байлаа ш дээ.
1990-ээд оны дундуур нэг япон хүн ирлээ, хэн танилцуулж, ямар шугамаар ирснийг нь санахгүй байна, их сонирхолтой хүн байсан. За тэгээд, би нөгөө япон хүнээ хүлээж аваад, үйлчлэв ээ. Улаанбаатарт бол Төв музей, Богд хааны музей гэсхийгээд л, аятайхан концерт таарвал сонирхуулна, зун бол бөхийн барилдаан үзүүлнэ, тэгээд л жуулчлал болно доо. Тэр үед Төв музейн динозаврын ясыг их сонирхон үзэцгээдэг байсан.
За тэгээд, хөдөө явна даа. Таньдаг айлдаа, эсвэл, хамаатныдаа аваачна. Номхоноос нь шилж байгаад морь унуулна. Хонь гаргуулж, шөл уулгана. Цагаан идээ их сонирхоцгоодог байсан. Байгалийн сайхныг үзүүлнэ, гээд л, Тэрэлж явдаг байлаа. Үндсэндээ, аялал ингээд дуусна даа. Тээвэр их чухал. Нөгөө япон маань машинаар явахгүй, автобусаар явна, сонин байна, гээд болдоггүй. Тэгээд л, автобусанд нэг суудал дээр давхарлаад л, нэгнийхээ өвдгөн дээр суусан монголчуудыг хараад, “Төмөрбаатар сан, хоёулаа ингэж сууя, манай Японд автобусанд ингэж суудаггүй” гээд л, үнэхээр үзээгүй юмаа үзэж байна аа, нөгөөдөх чинь.
Таньдаг нөхрийн найзын машиныг гуйгаад Тэрэлж явав аа, гэтэл Тэрэлжийн наад талын даваа өөд машин маань гарч чаддаггүй ээ. Жолооч, “зүгээр ээ” гээд л, ухардаг араандаа хийгээд ухраагаараа давааг давчихлаа. Тэгсэн чинь урагшаа явдаг араа нь хүчгүйдэхээр ухардаг араагаараа даваа өөд явдаг, хуучирсан машин байж л дээ. Япон маань толгой сэгсрээд л, жаргалтай байгаа гэдэг нь, жигтэйхэн. Хотод Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуугаар явж байсан чинь хүүхдүүд модны сүүдэрт суучихсан, хуушуур идэцгээж байв. Япон жуулчин маань хэлж байна аа, “би энэ хүүхдүүд шиг, модны сүүдэрт сууж, гартаа хоолоо барьж идмээр байна” гэлээ. Би хэлж байна аа, “энд онцгүй, хоёулаа ресторанд орж, гоё хоол, гуляш гэдэг хоол иднэ” гэлээ. Япон дургүйцэх шинжтэй, тэгэхээр нь, хуушуурыг нь авч өгөөд, модны сүүдэрт суулгачихлаа. Баярлаж байгаа гэдэг нь, жигтэйхэн. Хүүхдүүдтэй тоглоод л.
За тэгээд, хэд хоногийн аялал дуусаад, япон маань нутаг буцах боллоо, явахын өмнөх өдөр хэлж байна аа: “Сайхан аялал боллоо, баярлалаа. Би нэг юмыг л их сонирхож байсан юм. Японд мэдээлснээр бол Монгол социализмаас гарч, чөлөөт орон болсон чинь эдийн засаг нь сүйрээд, дэлгүүр хоршоонд нь бараа таваар байхгүй, хүмүүсийн амьдрал хэцүүдэж байгаа, гэж мэдээлж байсан. Үнэхээр л хэцүү байх шиг байна, би харлаа. Гэхдээ, нэг юмны учрыг олох хүсэл төрсөн. Хүмүүсийг харахаар, байдал хэцүү байхад ирээдүйдээ санаа зовсон шинж огт алга. Тэгээд, хэд хоног аялах зуур би учрыг нь оллоо. Монгол орон өргөн уудам нутагтай, газрын баялагтай, болохоо байлаа гэхэд л хөдөө гараад л мал маллахад амьдрах бүрэн чадвартай юм. Гол дээр очоод, хэнээс ч асуухгүй, зөвшөөрөл авахгүй загас барьж идэж болно, хажууд чинь зэрлэг сонгино ургаастай, аргал түлш зүгээр л хэвтэж байна. Танихгүй айлд ороод л, цай уучихна, бүгдээрээ л хамаатан садан шиг, хаана ч очсон хоол олоод идчихэж болмоор юм шиг санагдлаа” гэх маягийн юм ярьж билээ.
Одоо аялал жуулчлалын салбар хөгжиж, ном ёсоороо болж л байна. Харин монгол хүн өөрчлөгджээ. 30 жилийн дараах буюу өнөөдрийн Монгол орныг, монгол хүнийг нөгөө япон хүнээ авч ирээд, дахиж нэг үзүүлэх юмсан...
Япон судлаач Дэлэгийн Төмөрбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.12) 2014-05-11 21:47Liverpool forever
Хариулах
Зочин
(103.26.194.21) 2014-05-10 18:44Lfc the kops!
Хариулах