Япон улс манайд дахиад л тусламжийн халуун гараа сунгажээ

Twitter Print
2022 оны 05-р сар 02-нд 08:13 цагт
Мэдээний зураг,

Япон улс манайд бас л тусламжийн халуун гараа сунгажээ. Энэ удаа "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр"-т өнөө жил 263 сая иенийн санхүүжилт олгохоор болсон байна. 2001 онд эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Монголын 360 залуу боловсон хүчин Японы их, дээд сургуулийн магистр, докторантурын сургалтад хамрагджээ. Хоёр орны Гадаад харилцааны сайд нар мөн Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцээд, хөтөлбөрт тусгасан заалтууд үндсэндээ бүрэн хэрэгжсэн гэж үзжээ. Дэлхий дахины байдал ороо бусгаа энэ үед айл, манай хоёр юм юм л хэлэлцсэн байж таарна. Алин боловч Японтой баримтлах аль ч чиглэлээрх харилцааны эцсийн үр дүн Монголд хожоо л болно уу гэхээс хохирол болох үндэсгүй (гэж би итгэдэг). Гуравдагч орнуудын дундаас өнөөдөр Монголын чин итгэлт анд нөхөр хэн бэ гэвэл эн түрүүнд Японыг хэлэхгүй бол хэнийг хэлэх вэ.

Манай улс Японтой дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Шинэ тутам сэргэн мандсан улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд аюул учирсан тэртээ 1913 онд Монголын цогт эх оронч Да лам Цэрэнчимэд их хэргийн тусын тулд Японыг зорин гараад, гадаад улсын эрх хүчинд автан замын дундаас буцсан тэр үеийг харгалзан үзвэл хоёр улсын харилцан нөхөрлөх, нэгнээ түших эрмэлзлэл нэлээд эртнийх. Дэлхий дахины нөхцөл байдал орвонгоороо эргэснээр шинэ тутам үүссэн дэг журамд эрхгүйгээр татагдан орсон жижиг буурай нь их их улсын хоорондын зөрчил тэмцлийн давалгаанд хамагдан зовлон үзэж хохирдог жамыг Монгол тойроогүй. Дайн байлдаан эцсээ үзэж, тайван цаг ирсний бүүр сүүлээр буюу 1961 онд манай улс НҮБ-д элссэнээс хойш Өрнөдийн гүрнүүд БНМАУ-тай дипломат харилцаа тогтоож эхлэхэд (хамгийн анхных нь Их Британи 1963 онд) Японд ч мөн ийм сонирхол байж, хоёр орны хооронд худалдаа наймаа эхлээд, хэрэндээ өрнөж байсны сонин баримт бий. (Дэлхийн энх тайвны төлөө хурал уулзалтад монголчууд Японд очиж оролцох явдал үүнээс арай эрт эхэлсэн, 1956 оны 10 дугаар сарын 20-нд МАХН-ын Төв хороо тогтоол гаргаж, Америкийн цөмийн бөмбөгдөлтөд өртөж хохирсон Хирошима хотын иргэдэд тусламж үзүүлэхээр шийдвэрлэж байв) 1963 онд БНМАУ-ын нийт гадаад худалдааны 0.2% нь Их Британи, Австри, Франц, Швед зэрэг капиталист орнуудад оногдож байсан бол 1969 онд 0.7% болж өсчээ. Үүний ихэнх хэсэг нь Японтой хийх худалдаа байсан бөгөөд хоёр орны хоорондын бараа эргэлт 1965 онд 455 мянган доллар, 1966 онд 570 мянган доллар, 1967 онд 922 мянган доллар болсон байна. Хоёр улс 1968 оны 3 дугаар сард Токио хотноо худалдааны гэрээ байгуулж, жил бүрийн таваарын солилцоог нэг сая долларт хүргэхээр тохиролцов. Японд Монголын бараа таваарыг сонирхох явдал өсч, 1968 он гэхэд “Японы 35 компани Монголтой худалдаа хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” хэмээн “Киодо Цүшин” агентлаг тухайн үед мэдээлжээ. Ю.Цэдэнбал 1969 оны 7 дугаар сарын 13-нд “Майничи” сонины сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “... Япон улстай дипломат харилцаа тогтооход бэлэн байгаагаа манай улс нэг биш удаа мэдэгдэж байсан юм. Хоёр улсын хооронд хэвийн харилцаа тогтоох нь Ази болон Алс Дорнодод энх тайвныг сахин бэхжүүлэхэд тус дөхөм болохсон билээ” гэжээ.

Улмаар хоёр улс 1972 онд дипломат харилцаа байгуулав. Гэвч худалдааг нэг сая долларт хүргэх өнөө зорилт биелсэн нь эргэлзээтэй. Арав гаруй жилийн дараа тэмээний ноос, ямааны ноолуур боловсруулах “Говь” комбинатыг Япон улс бэлэглэн өгөхөд, үйлдвэрийн барилгын ган хийцийг усан онгоцоор тээвэрлэн Зөвлөлт улсын боомтод хүргээд тус улсын нутгаар нааш тээвэрлэх замд хэн нэг нь чингэлгүүдийг эвдэн тэдгээр хийцүүдийг хэрэглэх аргагүй болгон гулзайлгаж хорлосон гэх мэт болон үүнтэй төстэй ил далд саад бэрхшээл байсаар 90-ээд онтой золгож, хоёр улсын харилцаа сая шинэ шатанд гарсаар эдүгээ 30 гаруй жилийн нүүр үзжээ. Үүнээс хойшхийг өгүүлэхэд илүүц. Маш товчхон хэлэхэд, хоёр улсын сүүлийн 30 гаруй жилийн харилцаа бол Япон улс Монголд харамгүй, болзолгүй, зогсолтгүй тусалсан л түүх билээ.

Монгол улсын гадаад харилцаанд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдал арай үүгээр дуусахгүй. Словени улсаас манайд суух элчин сайд жуух бичгээ барив. Эдийн засаг нь маш эрчимтэй өсч байгаа, Европын холбоонд 18 жилийн өмнө элссэн улс. Нэг хүнд ногдох орлого нь 30 гаруй мянган доллар гэнэ үү? Аленко Сухадолник гэж өвөрмөц нэртэй эмэгтэй байна. Дараалаад Бангладеш, Тайланд, Бельги, Шри Ланка, Доминикан улсаас суух элчин сайдууд жуух бичгээ баривай. Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг УИХ батлав. Хятад, Иран, Филиппин зэрэг 10 гаруй орон нэгдсэн энэ хэлэлцээрийн нэр нь хэл хугалчих шахсан хэдий ч нидэр дээрээ маш чухал, товчхондоо бол манай улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлбэл худалдааны зардлаа 10 орчим хувиар бууруулж чадна.

Харин энэ шинэ хэлэлцээртэй хамтатган бүрэн хэрэгжүүлбэл худалдааны зардлыг 30 орчим хувиар бууруулах төдийгүй экспорт, импортод зарцуулах хугацааг 55-60 хувиар хэмнэнэ гэнэ. Энэ бол судалгааны дүн. 28-ны өдөр Бургастай-Лаоемяо авто замын боомт нээгдэж, бүтэн нэг жил хагас дангинатал хаагдсан экспорт-импортын чухал судлаар цус гүйж эхлэв. Үүнээс яг хоёр долоо хоногийн өмнө манай Гадаад харилцааны сайд, Хятадын Гадаад хэргийн сайдтай утсаар ярьснаар олон чухал ажил урагшилсны нэг нь энэ.

Улмаар өнгөрөгч Пүрэв гарагт Монгол, Латви хоёр улсын ГХЯ-дын улс төрийн зөвлөлдөх уулзалт анх удаа болов. Латви сайхан орон. Европын соёлын хүрээний, үүх түүх баян, ёс журамтай, эрхэмсэг улс. Балтийн гурван орон хэзээнээсээ ийм. Манайтай адил зовлон бас үзсэн, нөхөрлөхөд гэмгүй байх. Люксембург улсад суух манай элчин сайд жуух бичгээ барив. Гэхчлэн их л юм болж. Хамаг дэлхийн шударга улстай, хамтран нэгдсэн эв маань бэхжих болтугай!

Буянжаргалын Бат-Амгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.