А.Навальныйд 3.5 жилийн хорих ял оноолоо

Twitter Print
2021 оны 02-р сар 03-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Москва хотын Симоновский дүүргийн шүүхээс Оросын сөрөг хүчний тэргүүн А. Навальныйд 3.5 жилийн хорих ял оноосон байна. Түүнийг 2014 онд шүүхээс оноосон тэнсэн харгалзах ялынхаа нөхцлийг зөрчсөн хэмээн буруутгаж, өнгөрсөн сард ХБНГУ-аас ОХУ-д ирсэн даруйд нь баривчилсан билээ.

А.Навальныйг шүүх хурал болж байгаа байрны гадаа түүнийг дэмжигчид цугласан байсан ба цагдаа нар тэдгээр иргэдийг цохиж, баривчилж байгаа дүрс бичлэгүүд нийгмийн сүлжээгээр тархаад байна. Шүүхээс А. Навальныйг 1 жил орчим хугацааг гэрийн хорионд өнгөрөөснийг авч үзэн, жирийн дэглэмтэй хорих ангид 2 жил 8 сарын хугацаатай хорих шийдвэр гаргасан байна. Шүүх хурлын үеэр А. Навальный ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг өөрийг нь хордуулсан хэмээн буруутгаж, иргэдийг жагсахыг уриалжээ. Нийслэл Москва хот болон Санкт-Петербург хотноо хэдэн зуун хүн төв талбайдаа гарч жагссан ба цагдаа нар Москва хотод л гэхэд 850 гаруй хүнийг баривчилсаны 350-ыг нь Симоновский дүүргийн шүүхийн гадаанаас баривчилсан талаар ажиглагчид мэдээлж байна.

А.Навальныйгийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгджээ. Барууны улс орнууд А. Навальныйд оноосон ялыг буруушааж, Оросын эрх баригчид хүний эрхийг зөрчсөн явдал хэмээн А. Навальныйг суллахыг шаарджээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова үүний хариуд тэдгээр улс орнуудыг ОХУ-ын дотоод хэрэгт оролцохгүй байж, өөрсдийнхаө асуудлыг шийдэхийг зөвлөсөн байна. Шүүгч А. Навальныйгийн ялыг уншихаас өмнө А. Навальный түүнийг яллаж буй нь сөрөг хүчнийхнийг айлгах гэсэн оролдлого хэмээн, "Тэд нэгийг нь шоронд оруулсанаараа бусдыг нь айлгадаг. Тэд ингэж л ажилладаг." гэжээ. Өнгөрсөн жилийн 8-р сард А. Навальныйгийн бие онгоцон дотор огцом муудаж, түүнийг Омск хотын эмнэлгээс Берлин дэх эмнэлэг рүү тусгай онгоцоор шилжүүлсэн билээ.

Германы эмч нар А. Навальныйд хийсэн шинжилгээгээр түүнийг ЗХУ-ын эрдэмтдийн бүтээсэн "Новичок" бүлгийн бодисоор хордуулсан болохыг тогтоосон ба А. Навальный болон сөрөг хүчнийхэн түүнийг В. Путины тушаалаар хордуулсан хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр Германд 5 сар болсон ба өнгөрсөн сард эх орондоо ирсэн даруйд нь баривчилсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.