Нэгдсэн улсын өөрсдийгөө рекламдсан 200 жилийн түүх

Twitter Print
2018 оны 09-р сар 24-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

ХХ зууныг Америкийн зуун гэж нэрлэдэг. Дэлхийн бөмбөрцөг дээр орших 207 орноос торойн гарч ирж эдийн засаг, зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбартаа тэргүүлэгч улс болсон Нэгдсэн гүрний хүчирхэгжсэн түүх нь тэртээ XVIII зуунаас эхтэй.

Одоогоос 200 гаруй жилийн өмнө АНУ нь Дэлхийд байтугай Хойд Америкт эдийн засаг, цэрэг армийн хэмжээгээр дундаж орны тоонд ордог байв. АНУ-ын усан онгоцнууд газар дундын тэнгист худалдаа хийхийн тулд Триполи, Тунис, Алжирын хаад, ноёдод их хэмжээний татаас өгдөг байсан. Мөн одооны Ливи, тухайн үеийн Триполи улсын хаан Бошоу дангаараа жил бүр 80000 ам.долларын татвар авдаг байжээ.

Зөвхөн татвар аваад зогсохгүй тал бүрийн хавлага үзүүлж, нэг өдөр Триполийн хаан АНУ-ын консулын өмнөх шонг нураан доромжилсон гэдэг. Үүнд нь илт дургүйцсэн АНУ-ын Конгресс 1804 онд байлдааны усан онгоц Триполид довтлох тушаал өгснөөр Нэгдсэн улсын армийн сүр хүч эхэлжээ. Тэрхүү Триполитой хийсэн дайнд АНУ ялалтыг өөртөө авч, улсын хаан нь эзлэгдэхийн даваан дээр бууж өгсөн юм. 1775 оны зургаадугаар сарын 4-нд тусгаар тогтнолоо зарласан АНУ-ын анхны томоохон ялалт нь энэ байлаа.

1820 онд “Европынхон Америкийн хэрэгт оролцох ёсгүй. Хэрвээ Европ Америк тивийн аль нэг улсад халдвал тэр нь АНУ-ыг цохисонтой адил гэж тунхагласан Ерөнхийлөгч Монрогийн номлол гарчээ.

1845-1947 онд АНУ хөрш зэргэлдээ Мексик улстай дайтаж, одоогийн Аризона, Нью Мехико, Невада, Калифорни, Коларада, Вайоминг мужийг багтаасан өргөн уудам нутгийг булаан авч өөрийн орны эзэмшил болгосон байна.

1890 онд АНУ аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Дэлхийд нэгдүгээр байранд орлоо.

1898 он хоёрдугаар сарын 15-нд Испанийн эзэмшилд байсан Кубын Гавана хотын усан буудалд АНУ-ын “Мэйн” хөлөг онгоц дэлбэрч, 256 цэрэг, энгийн иргэн амь үрэгдсний улмаас АНУ-ын Конгресс Испанид дайн зарласан аж. Гадаадын том гүрэнтэй хийсэн уг дайнд конгресс анх удаа 50 сая ам.доллар зарцуулах шийдвэр гаргаж байлаа. Ингээд 1898 оны долоодугаар сарын 3-нд Испанид цохилт өгч генерал Серверийн армийг нэгдсэн улсын усан флот нээлттэй далайд бүслэн бут цохижээ. Үүнээс өмнө тавдугаар сарын 1-нд Филиппины арлын Манила хотын ойролцоо Испанийн гадаад далайн флотыг илрүүлэн устгаад байлаа.

Ингээд 1898 оны арванхоёрдугаар сарын 10-нд Парис хотноо АНУ, Испани хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулж, Куба, Уэст, Гуамын арлуудад нэгдсэн улс нөлөөгөө тогтоож, Филиппины арлыг 20 сая ам.доллараар Испаниас худалдан авснаар энэхүү дайн дууссан. Гэвч Филиппины ард түмэн үүнийг эсэргүүцэж ардын баатар Эмилио Акинальдагийн удирдлагаар нэгдсэн улсын эсрэг боссон ч 1901 оны гуравдугаар сарын 23 хүртэл тэмцээд бууж өгчээ.    Нэг жилийн дотор Европ болон Азийн эсрэг хийсэн энэхүү дайнд ялалтад хүрсэн нь Америкийн сүр хүчийг рекламдсан хамгийн том үйл явдал болсон бөгөөд зарцуулсан 50 сая ам.доллар нь түүний үнэ байлаа.

1900 онд АНУ-ын “Кентакки” хэмээх цэргийн хөлөг онгоц Туркийн нийслэл Константикопольд ирж Засгийн газраас нь тус улсын шашны миссионерүүдэд учруулсан 95000 ам.долларын хохирлыг нөхөн төлөхийг шаардсан байна.

1907 онд АНУ-ын сүр хүчийг Дэлхий дахинд харуулах зорилгоор байлдааны 18 хөлөг онгоц дэлхийг тойрсон байна. Энэ аялалд 20 сая ам.доллар зарцуулсан гэдэг.

1914 онд 400 сая ам.долларын өртөгөөр боссон Дэлхийн ирээдүйн худалдаа, цэрэг, стратегийн өндөр ач холбогдолтой “Панамын суваг” АНУ-ын гарт орж ашиглах эрхийг ганцаар эзэмшдэг болжээ.

1912 онд Никарагуа улсад АНУ-ын 7000 цэрэг орж 1933 оныг дуустал байрлажээ.

1903, 1913, 1916 онуудад АНУ иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг нь хамгаалах нэрийдлээр Санга-Доминка, Гайти арлуудад өөрсдийн цэргийг оруулсан юм.

1916 оны хавар Мексикийг эрхшээлдээ оруулах зорилгоор генерал Першинг 6000 цэрэгтэй Мехико хот руу дайрсан боловч Ацтекуудын ардын баатар Панго Виллагийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч арга буюу нутаг буцаж байжээ.

1917 оны дөрөвдүгээр сарын 4-нд АНУ-ын сенат Германд дайн зарласнаар Дэлхийн нэгдүгээр дайнд татагдан орлоо. Нэгдсэн улсын бүрэн зэвсэглэсэн нэг сая орчим цэрэг Европын дайны хувь заяаг Атлантын талд ашигтайгаар эргүүлж, 1918 оны арваннэгдүгээр сарын 1-нд Герман бууж өгснөөр дайн дуусав. Энэхүү дайнд АНУ 49000 цэргээ алдсан бол бусад улсын найман сая гаруй хүн амь үргэджээ. Дайны дараа манай гаригийн алтны сан хөмрөгийн тэн хагас нь АНУ-д төвлөрч, дайны өмнө Европын улсуудад зургаан тэрбумын өртэй байсан Америк тэдгээр улсуудаас 10 тэрбум авлагатай болсон. Мөн 1912 онд 186.3 тэрбум ам.доллар байсан үндэсний нийт баялаг нь 1922 онд 320.8 тэрбумд хүрсэн байна. Ингэснээр дэлхийн нэгдүгээр дайн АНУ-д ашигтайгаар дуусч нэр хүнд нь таван тивд алдаршсан билээ.

1927 онд АНУ-ын нисгэгч Чарльз Линдборг ганц хүний онгоцоор 33 цаг зогсолтгүй нисч Парисын “Буржуй” нисэх буудалд газардан дэлхийг шуугиулав. Америкийн хөрөнгө оруулалт, долларын ханш олон улсад нэмэгдэж ноёлох байр сууринд гарч ирсэн байлаа.

1933-1938 онд Номхон далайн Хавайн аралд 96 хөлөг онгоц, 1200 нисэх онгоц бүхий стратегийн түшиц газар байгуулав

1940 онд Батлан хамгаалах зардалд 1,7 тэрбум ам.доллар, 1941 онд 6 тэрбумыг зарцуулах шийдвэр гаргажээ. Энэ бүхэн нь Европын таагүй уур амьсгал, болон зарлаагүй дайны бэлтгэл ажил болж байлаа. Мөн 1941 оны гуравдугаар сарын 17-ноос эхлэн Гитлерийн эсрэг эвслийн орнуудад 46 тэрбум ам.долларын зээллэг, санхүүжилт, тусламж өгсөн байна.

1942 оны хоёрдугаар сарын 7-ны хар ням гаригт Японы нисэх хүчин “Пирл Харбор” дахь АНУ-ын цэргийн баазыг бөмбөгдөж ихээхэн хэмжээний хохирол учруулсан билээ. Энэхүү үйл явдлыг хэрхэвч тэвчиж болохгүй байсны улмаас дэлхийн хоёрдугаар дайнд татагдан орж Япон болон фашист Германд дайн зарласан байна. 1942 оны арваннэгдүгээр сарын 8-нд тус улсын цэрэг Английн армитай хамтран Умард Африкт буужээ. Мөн 1943 оны долоодугаар сарын 10-нд Холбооны цэрэг Сицил аралд бууж есдүгээр сарын 3-нд Италийг буулган авсан аж.

Үүний дараа 1944 оны зургаадугаар сарын 6-нд генерал Эйзенхуарын удирдсан нэг сая хүнтэй Америкийн арми, холбоотон гүрэн болох Англитай хамтарч Нормандын эрэгт буун гурван сарын турш хүндхэн тулаан хийж Францыг чөлөөлсөн байна. Ингээд Зөвлөлт болон Холбоотны арми Фашистын дэглэмыг нурааж Европыг чөлөөлсөн Дэлхийн хоёрдугаар дайнд АНУ 299300 нисэх онгоц, 87600 танк, 72100 усан онгоц, 650000 их буу үйлдвэрлэж байжээ.

1945 оны наймдугаар сарын 6-нд Японы Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдөж Америкийн сүр хүчийг дэлхий даяар рекламдав. Энэхүү атомын бөмбөгийг хоёр тэрбум ам.долларын зардлаар бүтээсэн гэдэг.

1947 оны гуравдугаар сард Грек, Туркийг коммунизмын аюулаас хамгаалахын тулд 400 сая ам.долларын тусламж үзүүлж байжээ.

1948 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 24-ныг дуустал Оросын цэрэгт бүслэгдсэн баруун Берлины агаарт АНУ-ын сенатын захирагч Клайкийн удирдлагаар нэг тэрбум ам.долларын өртөгтэй агаарын гүүр тавьж өөрсдийн сүр хүчийг илтгэн харуулсан байна.

1950 онд генерал Макартурын командалсан АНУ-ын арми Умард Солонгосын давшилтыг няцаахаар Өмнөд Солонгост буусан. Энэхүү хоёр Солонгосын дайнд Нэгдсэн улсын арми 30000 цэргийнхээ амь насыг алджээ.

1954 онд АНУ Номхон далайд устөрөгчийн бөмбөг туршиж Бикийн арлыг устгалаа.

1958 оны арваннэгдүгээр сард тив хоорондын Баллистик пуужин хөөргөсөн байна.

1960 оны тавдугаар сард АНУ-ын “У-2” нисэх онгоц ЗХУ-ын нутаг дэвсгэрт 1200 бээр цөмөрч ниссэний учир хойд хөршийнхөн сөнөөсөн аж.

1949 онд батлан хамгаалах зардалдаа 13 тэрбум ам.доллар зарцуулж байсан бол 1951 онд 22 тэрбум, 1961 онд 95 тэрбум ам.доллар хүртэл өсгөж байлаа.

1962 оны аравдугаар сард ЗХУ дунд тусгалын пуужингаа АНУ-ын эргээс 140 орчим бээр зайд Куба арал дээр байрлуулсан тул АНУ-ын 183 усан онгоц, далайн цэрэг, шүхэрчид бүхий 6, 7 дугаар флотууд байлдааны бэлэн байдалд орж байжээ.

1964 оны наймдугаар сард Тонкины буланд Умард Вьетнамын цэрэг АНУ-ын усан онгоцыг торпедоор буудсаны дараа Өмнөд Вьетнамд 20000 цэрэг оруулсан. Энэхүү цэргийн тоо 1968 онд 50000 болж нэмэгдсэн аж. 1974 он хүртэл арваад жил үргэлжилсэн Вьетнамын дайн нь хамгийн их хохиролтой болсон гэдэг. Нэгдсэн улс түүхэндээ хамгийн их буюу 60000 цэргээ алдаж 300000 гаруй хүн шархадсан юм.

1965 оны дөрөвдүгээр сард АНУ-ын 10000 цэрэг Доминикан улсад цөмрөн орж жилийн дараа гарсан байна.

1980 онд Ираны Тегеран дахь АНУ-ын элчин сайдын яамыг 50 хүний хамт барьцаалсан лалын Фундаментуудаас хүчээр чөлөөлөх оролдлогыг “Дельта” хүчнийхэн хийсэн боловч амжилтгүй болжээ.

1981 онд батлан хамгаалах зардлаа 170 тэрбумд хүргэсэн бол 1985 онд 300 тэрбум ам.доллар болгох шийдвэр гаргаж байлаа.

1983 онд АНУ-ын цэрэг иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг нь хамгаалах нэрийдлээр Карибын тэнгис дэх Гренада арлыг эзлэн авав.

1983 оны аравдугаар сард энхийг сахиулах зорилгоор АНУ-ын 6 дугаар флотын 1500 усан цэрэг Бейрутэд буужээ. Үүнийг эсэргүүцсэн лалын террористууд аравдугаар сарын 23-нд флотын усан онгоцыг дэлбэлж 241 америк цэрэг үрэгдсэн юм. Харин 1984 онд Ливаныг орхисон аж.

1986 онд Ливийн алан хядагчид Өмнөд Герман дахь цэргийн бааз руу довтолсны улмаас Ливийн нийслэл Трипол хотыг америкийн нисэх хүчин бөмбөгджээ.

1983-1986 онд АНУ дунд тусгалын 500 ширхэг “Лершинг-2” пуужинг өрнөд Европт зүүн тийш харуулан зоосон байна.

1991 оны нэгдүгээр сард Ирак Кувейтэд довтолсны хариуд АНУ тэргүүтэй олон улсын зэвсэгт хүчин Иракийн армид дөрөв хоногийн дотор хүчтэй цохилт өгч Кувейтыг чөлөөлөв.

1997 онд БНХАУ-ын зэвсэгт хүчин Шар тэнгист Тайваны эргийн ойролцоо сургууль хийх үеэр АНУ-ын Номхон далайн 7 дугаар флот байлдааны бэлэн байдалд орж байлаа.

1999 онд АНУ болон НАТО-гийн эвслийн орнууд Югослав улсад агаарын цохилт өгчээ. Гэвч Америкийн онгоцноос андуурч харвасан пуужин Белград хотод байрлах БНХАУ-ын элчин сайдын яамыг устгасан байна.

2000 онд АНУ-ын тагнуулын нисэх онгоц Хятадын байлдааны сөнөөгч онгоцыг мөргөн устгажээ.

2001 оны есдүгээр сарын 11-нд Лалын “Аль-Кайде” бүлэглэлийн амиа золиослогчид Нью Йорк хотын дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагийг онгоц барьцаалан устгаж, Вашингтонд довтолсон. Үүний хариу болгож 2002 оны өвөл АНУ-ын зэвсэгт хүчин Афганистанд довтолж Талибаны дэглэмд сүйрлийн цохилт өгч устгасан билээ.

2003 оны гуравдугаар сарын 20-ны хар луу өдрийн луу цаг АНУ, Их Британийн зэвсэгт хүчин Иракын нийслэл Багдад хотод цохилт өгөх тушаалыг АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Ж.Буш өгснөөр “Дэлхийн гуравдугаар дайн эхэллээ” гэж олон улсын шинжээчид үзэж байлаа. Гэвч Дайныг цахилгаан болгох гэж төлөвлөсөн АНУ-ын санаархал бүтэлгүйтэж хоёр долоо хоног үргэлжилсэн ч бүрэн цохилт өгч чадаагүй юм.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.