Молиго Монгол

Twitter Print
2014 оны 05-р сар 09-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Гадаад оронд зорчих визний тухай асуудал яривал манайдаа Солонгосын виз хэцүү. Тэгвэл манай виз ч бас гадаадынханд тийм амар биш. Энэ нь босго өндөр, барьцаа мөнгө их зэрэг элдэв шалгууртаа биш. Өөр талаараа манай виз амар олдохгүй. Америкийн нэг иргэн монголд жуулчилж тэмээний баярыг үзэхийг хүсч. Мөнгө байна, нислэгийн тийз байна. Харин виз авахын тулд Вашингтон хотыг зорих хэрэгтэй болж. Монголыг зориход өөрийн амьдрах хотоос гарч виз авах гэж эх орон дотроо явахад л ойр зуур замын зардал 3000 ам.доллар болчихож.  Бодоод үзтэл энэ мөнгөөрөө хөрш Мексик рүү аялачихаад ирж болохоор байжээ. Холын монголд очихын тулд ийнхүү виз авах нь түүнийг ийн холын үзүүртэй бэрхшээл хүндрэлд дуудаж байгаа хэрэг. Бас шууд нислэг байхгүй тул заавал хоёр нислэг хийнэ. Энэ хэрээр мөнгө алдана. Энэ бол манай аялал жуулчлалын бодлого менежмент цаг үеэсээ үнэхээр хол орхигдсон байгаагийн жижигхээн жишээ. Виз даруулах гэж мөнгө үрдэг энэ хоцрогдлыг цахим виза төслөөр шийдэх гэж байгаа гэсэн тул орхиё.

Манайд ирсэн нэг жуулчин хамгийн багаар 3000 доллар бидэнд оруулдаг. 2010 онд 470 мянга жуулчин ирж 300 орчим мянган ам.долларыг олсон байдаг бол нөгөө талд нь манай улс гаднын жуулчдад таагүй ханддаг 10 орны нэгэнд орчихсон байгаа юм. Аялал жуулчлал хариуцсан албаны мэргэжилтэн өөрсдийн ойрын зорилгоо нэгэнт ирсэн жуулчныг нэг хонох байсан бол хоёр хонуулах гэж тун товч тодорхой хэлж байна.

Мишээдэг билүү, инээдэг Улаанбаатар гэж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж жуулчдын тоог нэмэх санаа бодож олсноо нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга телевиз хэвлэлээр сурталчлаад байх юм. Гадагшаа жуулчдад дуулгах ёстой зүйлээ эндээ мунгинах бидэнд бас дээд дарга нартаа дуулгаж магтуулах гэж улайраад байгаа зарим дарга нарыг нь харахаар аялал жуулчлалын салбарыг өөдрөгөөр харах урам хугарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай оронд ирэх жуулчдын тоо буурах хандлагатай бөгөөд ойролцоогоор жуулчдын тоо 63 мянгаар багассан тухай мэдээ байна. Уул уурхай зогсонги болж монголд ирэх хятадуудын тоо багассанаас ийнхүү жуулчдын тоо буурсан гэсэн цочмоор тайлбарыг ч хийх мэргэжилтэн байна. Уурхайд ажиллахаар, зам тавихаар ирсэн хөдөлмөрийн гэрээтэй хятадуудыг жуулчдынхаа тоонд оруулаад өсөлттэй статистик гаргачихдаг байсан ч юм шиг. Аялал жуулчлалын статистик тоо баримт бүрдүүлэлтийн аргачлалыг өөрчлөх шаардлага бий болсон нь эндээс харагдана.

Манай орны хувьд жуулчдын сонирхлыг татдаг, сурталчлах гол зүйл бол нүүдэлчин соёл иргэншил, байгалийн унаган төрх байдаг. Иймд дээрх сонирхол татах үзмэр /attraction/-үүдээ хадгалан хамгаалж, улмаар баяжуулан шинэчилж, чанартай үйлчилгээний хамт үзүүлснээр авч байгаа жуулчдынхаа тоог нэмэгдүүлэх бүрэн боломж харагддаг. Гадны жуулчид ирээд үзэж харж байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байхын сацуу үйлчилж буй үйлчилгээ орчин нь тааламжтай байвал дахин дахин ирсээр байдаг тухай практикт батлагдсан байдаг. Харин бид унаган байгал үзэхээр ирсэн жуулчдыг унаган хээгүй зангаараа таагүй орчинд угтан урмыг нь хугалж үдсээр байгаа нь үнэн.

Энд аялал жуулчлалын бодлогыг төр зөнд нь хаяж танил тал, намын нөхдөө сэлгэн суулгаж болдог хэн ч хийчихдэг бэлэглэлийн албан тушаал, агентлаг болгож ирсэн нь ч үнэн. Аялал жуулчлалын салбарт төрөөс цалин авч ирсэн үе үеийн дарга нар нь энэ салбарыг хөгжүүлэх түлхүүр нь тэдний оролцоотойгоор боловсруулан гаргах төрийн бодлого зохицуулалт гэдгийг ойлгохоосоо илүүтэй юм хийсэн болж харагдахыг илүүд үзсээр ирсэн. Үүнийг одоогийн зогсонги байдалд орчихоод байгаа аялал жуулчлалын салбарын дүр зураг өөрөө харуулна. Үнэхээр хөгжүүлье гэсэн зүтгэл сэтгэлтэй нэг хоёр хүн гарч ирсэн ч төрийн гар татсан төсөв мөнгө хаанаа ч хүрэхгүй тул юм хийхэд хэцүү. Уг нь ухаалаг төр байсан бол нэгийг гаргаад хоёрыг олох ийм салбарт том мөнгө хаях ёстой.

Нэг ирсэн жуулчныг аргалж байгаад 3 хонуулахын тулд улсын баяр наадмын хөтөлбөрөө нэмж сунгах нь зөв ч юм уу гэж бодож байгаагаа ССАЖЯ-ны мэргэжилтэн телевизээр хуваалцаж байна. Ирсэн жуулчныг ил “0”-д явган суулгаж бие засуулаад, халаасны хулгайч нартайгаа нийлж хэдэн долларыг нь суйлж буцаагаад байвал аялал жуулчлал хэзээ ч хөгжихгүй гэсэн наад захын ойлголт хүн бүрт бий.  Аялал жуучлал бол цэцэрхэх тайлагнах зэргээр аргалаад байдаг салбар биш. Асар их долларын урсгалыг татаж улсын төсөвт авч үлдэх том маркетингаар явах ёстой ажил байх. Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын ярьж буйгаар бол жуулчин хүлээн авдаг ААН-үүд ресторан зочид буудал зэрэг газруудад харилцааны соёлыг бий болгох, мөн жуулчид хамгийн ихээр зорчдог нийслэлийн 38 хорооны цагдаа нартайгаа хамтран хулгайгаас сэргийлэх, тээврийг хөгжүүлэх зэрэг чиглэлүүдээр ажиллаж үүгээрээ ирэх жуулчдын тоо нэмэгдүүлнэ гэсэн төсөөлөлтэй байгаа юм байна.  Нэгждээ нэн тэргүүн хийх ажил мөн боловч бодлого нь даанч орхигдсон санагдана. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэх шинэ төрлийн аялал жуулчлалын чиглэл гаргах, салбараа судалж мэдсэн чанартай боловсон хүчнээр хангах, гадаад сурталчилгаа мэдээллээ өргөтгөх зэрэг суурь бодлого нь хаана ч эзэнгүй л байна. ССАЖЯ дээр энэ талын бодлого боловсруулагдаж байгаа гэдэг. Бор зүрхээрээ яваа салбарын хувийн хэвшлийнхэн яаж оршиж байна. Төрийн  бодлого зохицуулалт байхгүйн харгайгаар өөр хоорондоо үнийн хямдралаар өрсөлдөн жуулчдаас авах ашгаа унагасаар байна. Жилээс жилд бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсөөд байхад сөрж буудал хоолоо хямдруулаад байдаг жуулчны баазууд бий. Аялал жуулчлал нь улирлын чанартай ажил тул давчуу цаг хугацаанд явагдана. Ийн өрсөлдөхдөө маркетингээр биш өөр хоорондоо үнийн бодлогоороо өрсөлдөж Монголдоо үлдэх мөнгийг жуулчдын хэмнэлт болгож халаасанд нь үлдээгээд үдэж байна. Уул уурхай дагасан доншууч хятадуудаас илүүтэй унаган байгаль үзэх гэсэн гадаадын жуулчдаас бидэнд авч үлдэх юм их. Баялгаа ухаж хэсэг бүлгийг баяжуулах уу, байгаль түүхээ “дэлхийн музей” болгож улсдаа доллар олох уу. Энд том маркетинг, төрийн дэмжлэг хэрэгтэйг нуршин ярихад илүүдэхгүй.

ССАЖЯ байгуулагдаад хоёр жил боллоо. Аялал жуулчлалын салбарт төрөөс баримтлах бодлогыг шинээр харж томоор буулгасан бичиг баримт хаана явна. Наад зах нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохдоо өөрийн орны нөхцөл онцлогийнхоо талаар  жуулчдад үнэн зөв ойлголт өгөх ёстой юм.  Манайд ирж буй жуулчдын бараг 80 гаруй хувь нь анх удаагаа ирж буй жуулчин байдгийг энд онцлон анхаарах ёстой байх. Жуулчид монголд нэг ирж үзсэн бол “Би дахиж очихгүй, чи ч битгий яв, Монгол молиго шүү”  гэж нэгэндээ захидаг гэнэ.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.