Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулснаар нэг их наяд төгрөг хэмнэнэ

Twitter Print
2014 оны 05-р сар 09-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Өчигдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай  УИХ-ын тогтоолын төсөл”-ийг 70.2 хувийн саналаар баталсан билээ. 

Энэхүү тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Х.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тогтоол нийтдээ 26 заалтаас бүрдэж байгаа бөгөөд 18 заалт нь санхүү эдийн засгийн хүндрэлээс гарах тухай бол үлдсэн 8 заалтад төрийн өмчийн удирдлага, менежментийн тогтолцоог өөрчлөх талаар тусгасан байна. Эдийн засгийн идэвжлийг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд Төсвийн тодотгол хийж, урсгал зардлыг 20 хувиар бууруулна хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Х.Гарамгайбаатар хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм. Мөн тэрээр хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг дангаараа эзэлдэг Ашигт малтмалын тухайн хууль батлагдвал хайгуулын үйл ажиллагаа сэргэж, жилд олдог 300-400 сая төгрөгийн орлого нэг тэрбум төгрөгт хүрнэ гэв. Түүнчлэн хүчингүй, маргаантай 300 гаруй лицензийн асуудлыг ч хөндөж ярив. Монгол Улсын орлогын гол  эх үүсвэр болоод байгаа нүүрсний экспорт 30 сая тоннд хүргэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байгааг онцолсон юм. Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулснаар нэг их наяд төгрөг хэмнэгдэнэ гэдгийг  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал дурдсан. Түүнчлэн эдийн засгийг идэвхжүүлэх богино, дунд, урт хугацааны бодлого боловсруулж энэ ажлын үр дүнд валютын урсгал сайжирна  гэж тооцоолж байгааг дуулгав. Мөн өрийн удирдлагын тухай хуультай болох, олон салаа төсвийг халж зөвхөн нэг л төсөвтэй байх нь зүйтэй гэдгийг ч онцлов. Үүнээс гадна жижиг аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөөр дэмжиж ажиллана. Ингэхдээ аж ахуйн  нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг буцаан олголт хийнэ гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Зоригтын хэлснээр аж ахуйн нэгжүүдийн улирал тутамд гаргадаг тайланг жилд нэг удаа гаргадаг байхаар болж байгаа аж. Энэ нь татварын орчинг сайжруулахаас гадна эрчим хүчний үнийг чөлөөлж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна гэлээ. Нийслэл хотод нийт айл өрхийн 64 хувь нь 150 кв/цаг доторх хэрэглээтэй бөгөөд энэ хэмжээнээс дээш хэрэглээтэй аж ахуйн нэгж, төрийн болоод бизнесийн байгууллагуудын цахилгааны төлбөрийг хөнгөлөх юм байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагад  давхардсан хяналт, шалгалтыг олноор хийдэг нь авлига бий болгох, ёс зүйн зохисгүй байдлыг нэмэгдүүлж байна гэж үзээд тэдгээр шалгалтын тоог цөөрүүлэхээр болсныг ч дурьдсан юм.

Д.Энхтүвшин

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.