Хулганын тахалтай тэмцэхэд зориулж Австрали улс 50 сая доллар төсөвлөжээ

Twitter Print
2021 оны 05-р сар 25-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Австраличууд хулганын тахалтай тэмцэж байна. Өнгөрсөн жилүүдэд Австралийн хөдөө орон нутаг олон тооны байгалийн гамшигт өртсөн билээ. Жил дараалан ган гачиг, ой хэрийн түймэр болон үерийн гамшигт өртсөний дараа энэ жил цаг агаарын нөхцөл байдал сайжирч, газар тариалангийн аж ахуй эрхлэгчид ч баяртай байжээ.

Гэтэл цаг агаарын уг нөхцөл байдал нь хулгануудад аж төрөх, өсч үржихэд хамгийн тохиромжтой аж. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид л гэхэд хулганын тоо толгой огцом өсч, тахлын хэмжээнд хүрчээ. Тус мужид газар тариалангийн аж ахуй эрхэлдэг иргэд урьд өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байгаагүй тухайгаа ярьжээ.

Тэдний хэлж байгаагаар хулганууд хэдэн арван мянган ам. доллараар хэмжигдэх хадсан өвсийг сүйтгэж, агуулахад хадгалж байсан үр будааг юу ч үгүй идэж, айлуудын цахилгаан хэрэгслүүдийн утсыг мэрж, тэр байтугай олон тооны автомашин, трактор зэрэг тээврийн хэрэгслүүдийг эвдэлжээ. Нэг хулгана нэг удаадаа 6-10 гөлчгий гаргадаг ба үржлийн үедээ нэг хулгана нийт 500 орчим гөлчгий гаргадаг байна.

Австралийн ихэнх нутагт газар тариалан эрхлэгчид жилдээ нэг удаа л ургац хураадаг ба хулганы тахал нүүрлэсэн явдал нь Австралийн эдийн засагт хэрхэн нөлөөлсөн нь удахгүй тодорхой болно хэмээн тариаланчид онцолж байна.

Хулганы энэ өсөлт үржлийг хянах боломжгүй бөгөөд тариаланчид хулганын хавх тавьж, хор цацаж, өөрсдийн чадлаараа тэмцэж байгаа ч энэ нь ямар ч үр дүнгүй байна.

Түүнчлэн орон нутгийнхныг хамгийн ихээр зовоож байгаа зүйл нь агаар дахь амьд болон үхсэн хулгануудын муухай үнэр аж.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хэсэг хугацааны дараа цаг агаар сэрүүн болоход хулгануудын тоо багасах аж. Австралийн эрх баригчид хулганы тахалтай тэмцэхэд зориулж 50 сая австрали долларыг төсөвт суулгасан байна.

Гэсэн хэдий ч өмнөх жилүүдэд олон тооны байгалийн гамшигт өртөж, их хэмжээний хохирол амссан тариаланчид энэ удаагийн хулганын тахлыг давж гарах хүч чадал, хөрөнгө мөнгөгүй болж байгаагаа онцолжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/av/world-australia

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.