Гандангийн дэнжийг өөрчлөх байгуулахад анхаарах зүйл их бий

Twitter Print
2014 оны 05-р сар 09-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

“Гудамж” төслийн “Гэр хороолол” дэд төслийн хүрээнд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандантэгчилэн хийд орчмын гэр хороололд дахин төлөвлөлт хийж, инженерийн дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэхээр болоод байгаа. Төслийн үр дүнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх хангагдаж, бизнесийн шинэ орчин, ажлын байр, нийгмийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх олон талын ач холбогдолтой талаар дээр, дооргүй ярьцгааж байна. Тэр нь ч үнэн.

Одоогийн байдлаар уг төслийн нийгэм, эдийн засгийн суурь судалгаа, төлөвлөлт, зураг төслийн ажлууд бэлэн болж, бүтээн байгуулалтын ажил удахгүй эхлэх талаар Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс эхлээд Баянгол дүүргийн удирдлагууд олон удаа тайлбарласан. Тун саяхнаас төслийн багийнхан ажил эхлэх гудамжуудаар явж, шилжүүлж өөрчлөх шаардлагатай инженерийн байгууламж, одоогиийн нөхцөл байдалтай танилцаж ерөнхийдөө ажил оволзох нь тодорхой боллоо.

Улаанбаатарын хамгийн унаган газар, Гандангийн дэнжид шинэ бүтээн байгуулалт өрнөж, тэнд XXI зууны тохилог хороолол сүндэрлэн босох гэж байгаа нь яах аргагүй хөгжил, дэвшил мөн. Харин хэдэн зуун жил одоогийн Улаанбаатарын төв цэг болсоор ирсэн энэ газарт бүтээн байгуулалт өрнүүлэхдээ гойд анхаарах ёстой хүндрэл, бэрхшээл олон байгааг заавал бодолцож, ажил эхлэхээс өмнө хожим үүсэн гарч болох эрсдлүүдийг сайтар тооцоолох ёстой. Хамгийн гол аюул, хүндрэл бол Гандангийн дэнжид хэдэн зуунаар бүрэлдэн бий болж, одоо хүртэл хадгалагдаж байгаа хүний биед маш хортой химийн элемент, “Шүвтэрийн хий” юм.

Гэхдээ өнөөдрийн аюулыг дурьдахаас өмнө Гандангийн дэнжид хүмүүс хэрхэн суурьшиж эхэлсэн тухай домог мэт зүйлийг сонирхуулъя. Эдүгээгийн Гандантэгчэнлин хийдийн оршин буй өндөрлөг газрыг Гандангийн дэнж хэмээн нэрлэдэг. Гэвч энэ дэнжийн анхны нэр нь “Далхын дэнж” нэртэй байжээ. Гандан хийд энд байгуулагдахаас өмнө Далх хэмээх нэгэн хүн гэр бүлийн хамтаар амьдарч байж. Тэрбээр нэгэн удаа гурван хонь муулах хэрэг гараад эхний хоёр хонийг төхөөрч дуусаад байтал эхнэр нь хоолоо ид хэмээн дуудсан аж. Далх хоолоо идсэний дараа үлдсэн хонийг төхөөрье хэмээн бодоод хутгаа тэндээ орхиод гэртээ оржээ. Гарч ирээд хутгаа хайсан чинь олддоггүй гэнэ. Гэтэл нөгөө үлдсэн ганц хонио босгох гэтэл хөдлөхгүй байжээ. Өргөөд хажуу тийш болгосон чинь хутга нь хонины хэвтэр дор байна гэнэ. Тэгээд Далх “Ухаангүй адгуус хүртэл амиа хамгаалж хутга дараад хэвтсэн байхад ухаантай хүн би амьтны амь хороож байх ч гэж” хэмээн бодоод “Үүнээс хойш амьтны амь таслахгүй” хэмээжээ. Тэр тухай яриа, түүхийг V Богд сонссон тул “Энэ дэнж эгэл хүнийг бодь сэтгэлтэй болгосон адистидтай газар хэмээн үзээд 1838 онд Их хүрээний баруун дэнж дээр түүний зарилгаар Гандантэгчилэн хийдийг байгуулсан гэдэг. Тэр цагаас хойш энэ дэнж дээр хүмүүс суурьшин амьдарч, 200-аад жилийг өнгөрүүлээд байгаа аж. Өнөөдөр Гандангийн дэнжид 1800 гаруй өрх, 8000 гаруй хүн амьдарч байгаа тоо байдаг.

Нийтдээ 55,5 га газар нутагтай Улаанбаатарын унаган хороолол ийнхүү шинэ дүр төрхтэй болохоор хөдөлгөөнд орох нь ээ. Уг нь энэ хавийн газрыг төр засгаас иргэдэд өмчлүүлдэггүй байж. Харин 2004 оны сонгуулиар өнөөдрийн Хүний эрхийн үндэсний коммиссын дарга Ж.Бямбадорж нэр дэвшиж байхдаа иргэдэд газрыг нь өмчлүүлж эхэлсэн гэдэг.

Энэ хавьд бороо орсны дараагаар гудамжинд тогтсон шалбааг усан дээр машины тос, масло асгачихсан юм шиг янз бүрийн өнгө солонгорон харагдаж шивтэрийн үнэр байнга үнэртдэгийг тэр хавийн оршин суугчид андахгүй. Одоогоос зургаан жилийн өмнө Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд Гандангийн дэнж, Нарантуул захын хойд хэсгийн хөрсийг шинжилж үзээд “Шүвтэрийн хий” гэгч маш хүчтэй химийн хорт элемент байдгийг олж тогтоожээ. Хүн, малын ялгадас агаарын солилцоогоор задрал явагдаж байгальд шингэсэн үедээ ямар ч хор хөнөөлгүй. Харин хөрсөн дор агаарын солилцоогүй он удаан жил байх тусам хүний биед онц хортой химийн урвал ялгаруулж эхэлдэг байна. Энэ хий нь хүний тархинд хүчтэй нөлөө үзүүлж, хорт хавдар үүсгэдэг гэдгийг олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр баталчихаад байгаа. Гэр хорооллын айлууд жорлонгоо дүүрэхээр нь агаар орох боломжгүй болтол нь шороогоор булчихдаг. Гэтэл Гандангийн дэнжид 300 шахам жилийн турш хүн амьдарсан. Газар ухаж хичнээн жорлон барьсаныг тооцоолох ямар ч боломжгүй юм. Тийм учраас энэ газарт эрүүл хөрс үлээгүй гэдэг нь ч ойлгомжтой.

Он удаан жил ямар ч агаар ороогүй хөрсөн дор булаастай байсан жорлонгууд ямар хэлбэртэй байсан яг тэр хэлбэрээрээ газрын хөрсөн дор ягаан өнгөтэй болж хувиран нэг цул үүсгэн хатуурч дагтаршсан байдаг гэнэ. Хэрвээ тэр цулыг задлах юм бол Гандангийн дэнж тэр чигээрээ өмхийгээр дүүрэх аюултай. Гадна талаас нь хүрзээр жаахан хусахад л өмхий үнэртдэгийг тэр хавьд барилгын ажил хийсэн хүмүүс урьд нь ярьж л байсан. Тэр ч байтугай ажлаа цааш үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болж,   эргүүлээд шороогоор булахаас өөр арга олдоогүй тухай ч дурьдаж байж.

Гэтэл тун удахгүй Гандангийн дэнжийг жишиг хороолол болгох ажил эхлэх гэж байгаа. Хэрвээ барилгын ажил эхэлж, газрын хөрсийг эргүүлэхэд Гандангийн дэнж, Улаанбаатар тэр даяараа “Шүвтэрийн хий”-д хордож, тэртэй тэргүй хэцүүхэн байдаг цэвэр агаар гамшгийн түвшинд хүрэх аюул нүүрлэвэл бид яах вэ. Гандангийн дэнжийн газар шороог тэр аяар нь эргүүлэхэд тэр доороос чухам ямар аюул Улаанбаатарчуудад тохиолдож болохыг эрхэм дарга нар маань сайтар тунгааж, судалгаа шинжилгээ хийсэн үү. Гэхдээ энэ сэрэмжлүүлгээрээ шинэ бүтээн байгуулалтыг жадлан эсэргүүцэх өчүүхэн ч зорилго агуулаагүй юм. Харин гарч болох үр дагаварын эсрэг бид юу хийж болох вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг л хаа хаанаа анхаараасай гэсэндээ үүнийг тэрлэв. Монголчууд “Долоо хэмжиж нэг огтол” гэж ярьдаг нь зүгээр ч нэг сүржигнэл биш билээ.

Д.Энхтүвшин

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.