
Өнөөдөр Ялалтын баярын өдөр буюу Оросууд “Эх орны дайн” хэмээдэг дэлхийн хоёрдугаар дайнд ялж гарсаны баярыг өргөн олноороо тэмдэглэдэг ёслолын өдөр билээ. Хуучин ЗСБНХУ-ын хувьд 26,6 сая хүний амь насаар олдсон энэ ялалтыг Оросууд өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэхээс өөр яахав.
1965 онд ялалтын баярын хорин жилийн ойгоор Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Леонид Ильич Брежнев эх орны дайнд амь үрэгдсэн хүмүүсийн тоо 20 сая гэж хэлж байсан бол сүүлд нарийвчилсан судалгаагаар зургаан сая илүү хүн байгааг тогтоосон байдаг.
Нэг талаас гуниг харуусал, нөгөө талаас дайны аюулыг даран устгасны баярыг магнай тэнэгэр тэмдэглэж байгаа энэ өдөр Оросын ардын жүжигчин Валентина Толкуновагийн дуулсан сайхан дуунуудыг өргөн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Валентина Толкунова, "Хэрвээ дайн болоогүй байсан бол" ("Если б не было войны")
Тэрээр Зөвлөлт Оросын алтан тайзан дээр 40 жил очирон гэрэлтэж, зүрх сэтгэлийнхээ дуугаар түмэн олноо энэрэн дулаацуулж байсан билээ. Өөрийнх нь өнгө ялдам, дулаахан ааш маяг, элгэмсүү уяхан зан чанар нь Орос сэтгэлийн охь болж байсан гэдэг. Орос орны өнцөг булан бүрт хүрч, дуугаа хүргэсэн түүнийг АНУ, Канад, Европын олон улсууд, мөн Австрали, Япон, Энэтхэг, Вьетнам, Афганистан улсуудад алга ташин хүлээн авдаг байжээ.
Валентина Толкунова Краснодарын хязгаарын Армавир хотноо төрсөн боловч өөрийгөө үргэлж Москвагийн хэмээн тооцдог байсан аж. Учир нь түүний гэр бүл Москвад жилжин нүүж ирэхэд тэрээр ганц ойтой байжээ. Энд тэрээр хэлд орж, хөлд орж, дурлаж, итгэж, дуулж сурчээ.
Валентина Толкуновагийн уран бүтээл хүүхдийн бяцхан найрал дууны бүрэлдэхүүнд багтсанаар эхэлсэн байна. Дараа нь Гнесины нэрэмжит хөгжмийн сургууль, Москвагийн соёлын Их сургуулийг тус тус дүүргэжээ. Тэрээр ид залуу халуун насандаа таван жил жил илүү жааз хөгжмийн хамтлагт дуулж байсан түүхтэй. Хожим он жил өнгөрсний дараа түүнийг яагаад жааз дуулахаа больсныг асуухад тэрээр: «Яагаад гэвэл энэ хөгжим хэдэн зуун мянган хүмүүсийн хүрээнд таалагддаг хөгжим байж болно. Харин би сая сая хүмүүст зориулсан жанрыг олж авсан» гэж хариулжээ. Үүгээрээ ч тэрээр хэзээ ч, хэнийг ч дууриаж давтаагүй өөрийн гэсэн онцгой замыг олж аваад зогсохгүй өөрөө ч дахин давтагдашгүй ялдам сайхан эмэгтэй билээ.
Алдарт зохиогч Владимир Мигуля «Ээжээ, надтай яриач» дуугаа бичээд ямар дуучинд өгөхөө мэдэхгүй хэсэг мухардаж байж. Гэтэл тэр дууны төсөөлөхийн аргагүй гайхамшигтай мөрүүдэд хичнээн их хайр энэрэл, халуун дулааныг шингээсэн нь Валентина Толкунова болсон гэж үздэг.
Валентина Толкунова - "Ээжээ, надтай яриач " ("Поговори со мною мама")
Харин Валентина Толкунова өөрөө ээж болоход хөгжмийн зохиолч Борис Емельянов түүнд хүүхдийн тухай «Хамарнууд, шантгар хамарнууд» дуугаа бэлэглэжээ. Анх тэр дууг дуулсан даруй хит болж, асар их хайр, хүндлэлийг хүмүүст төрүүлсэн байдаг. Түүнээс нэгэнтээ аливаа дуу хит болох эсэхийг урьдчилан мэдэж болох уу гэж асуужээ. «Үүнийг хэн ч, хэзээ ч, дуучин ч, хөгжмийн зохиолч ч мэдэхгүй. Ард түмэн өөрсдийн сэтгэл шингэсэн дуунуудыг өөрсдөө сонгодог» хэмээн хариулж байсан гэдэг.
«Бяцхан өртөөн дээр зогсож байна» хэмээх түүний дуу Орос орон даяар алдартай.
Валентина Васильевна Толкунова 2010 оны гуравдугаар сарын 22-нд Москва хотноо мөнх бусыг үзүүлсэн билээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505