Бидний мэдэх, мэдэхгүй дипломат ёсон

Twitter Print
2019 оны 09-р сар 17-нд 16:53 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын гадаад харилцаа өргөжин тэлэхийн хэрээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дипломат ёс, ёслолын журам, дэг жаягийг сахин хүндэтгэх явдал чухал шаардагдаж байна. Төрийн болоод гадны зочид гийчид оролцсон хувийн аж ахуйн хэвшлийн аливаа ёслолын аливаа арга хэмжээнд дипломат ёс, ёслол, ёслолын дэг журмын тодорхой мэдлэг, мэдрэмжтэй оролцохгүй бол гарч мэдэх алдаа нь манайхны хувьд мэдэхгүйтэй, хэнэггүйтэй, нэрэлхүү зантай холбоотой болж таардаг.

Заавал төрийн өндөрлөг рүү жишээлж ярилгүйгээр энгийн түвшинд авч үзвэл, Монголд зохиогдож буй ёслолын арга хэмжээ, олон улсын хурал, зөвлөлгөөнд уригдсан гадны төлөөлөгч, зочдыг их, бага гүрэн гэж үл ялган, зохих байранд нь урьж суулгах, ахлалыг зөв тогтоох, адил тэгш үйлчлэх зэрэг нь тэгш эрхийн зарчмыг илэрхийлэх, гадаадын улсын харилцагч нараа хүндэтгэж буй хэрэг юм. Ёслолын аливаа арга хэмжээнд цаг хоцорч ирэх, ямар нэг шалтаг хэлэлгүйгээр орхиж явах нь үл хүндэтгэсний илэрхийлэл гэж тооцогдохын дээр өөрийгөө ч үл хүндэтгүүлэхийн эхлэл болох нь зайлшгүй. Энэ мэт зүйл нуршаад байвал тоймгүй олон. Юуны өмнө нэр томъёог нь зөв ялга! Хүүхдийн үс авах найр, насны ой, 85-ны найр, хурим, битүүн, цагаан сар, гүү барих унага тавих, эсгий хийх найрууд, цол, одонгийн найр, эрдмийн зэрэг цолны найр, их дээд сургууль, 10 төгссөний найр, сүүлчийн хонхны баяр гээд жагсаавал монголчууд тоймгүй олон найртай. Харин эдгээрээс “Хүлээн авалт” буюу “Приём”, “Reception” нь зохион байгуулалт, этикийн хувьд ямар ялгаатай болохыг өнөө нэгэнт мэдэх цаг болжээ.

“Хүлээн авалт”, оросоор “Приём”, англиар “Reception” гэсэн үг юуг илтгэх вэ? Мэдээж эмч өвчтөнөө хүлээн авах цагийг тэгж хэлнэ, дарга нар олон нийттэй харилцахдаа мөн хүлээн авах цагаа тэгж томъёолдог. Харин дипломатын ба ажил хэргийнхний гал тогоонд ёслолын цайллага будаалгыг тэгж нэрлэдэг. Эхлээд нэр томъёоны тайлбар хэвшүүлье гэж шийдлээ. Хэвшүүлнэ гэхлээр Монголд хэвшээгүй байна гэсэн үг юм. Энэ бүхэн мэдээж орчуулгаас их шалтгаалдаг.

Ийм олон төрлийн зоог байх. Эндээс аль нэг нь танд ирсэн урилга дээр чинь англи, эсвэл францаар (ерөөсөө дэлхийн бүх оронд англиар) бичээстэй байна гэж үзвэл, эсвэл таны айлчлалын, хурлын хөтөлбөрт бичээстай байвал чухам юунд уригдан оролцох, юу нь урилгагүйг эрхбиш монголоор тайлчих боломжтой боллоо. Монгол хэлээр бол аливаа зоогийг барих гэдэг үгтэй хамт бичнэ, жишээ “зоог барина” гэхээс бус зоог өгнө, зоог хийнэ, зоогоор дайлна гэж байхгүй. Харин “хүлээн авалт хийнэ”, “дайллага хийнэ”, “цайллага хийнэ” гэвэл зөв орчуулга нь тэр. Аперитив гэгч “Архитай угтлага” Төр засгийн дээд өндөр түвшний дайллага, зоогууд суугаа, бусад нь ихэвчлэн оноосон суудалгүй зогсоо хийгддэг. Хана дагуулж сандал тавьж болно. Гэвч тэр бол заавал эгнэн суу гэсэн үг биш. Зогсоо хүлээн авалтууд нь бэлтгэх, үйлчлэхэд хялбараас гадна олон зочин урьж болох, уригдсан зочид өөр хоорондоо танилцах, ажил хэргийн яриа өрнүүлэх боломж олгодог давуу талтай.

Ердийн зоог, өглөөний цайг эс тооцвол дээрх олон төрлийн зоог, дайллагууд заавал аперитив (aperitif) хэмээх нэгэн өвөрмөц ёслолоор эхэлнэ. Уг үг нь хэл зүйн талаасаа нээх, сэргээх гэсэн утгатай, харин ёслолын талаасаа францчууд дарс, ликёр, вермут уухыг тэгж ойлгодог. Ухаан нь таныг хүлээн авалтад уригдаад очиход өмнөөс чинь цар дээр архи, дарс, ундаа өөрсөн зөөгч тосон угтахыг хэлж байгаа гэсэн үг. Аперитив нь хүмүүс цуглахыг хүлээх хооронд хоол идэх таашаал төрүүлэх, хооллохын өмнө “дотроо халааж”, хүмүүсийг хооронд нь танилцуулах, ярианы сэдэв өрнүүлэх зэрэг үндсэн зорилготой. Аперетив барьж байх үед хаа нэг тамхи тавьсан байдаг. Аперитив барих хугацаа ихэвчлэн 10-15 минут байдаг. “Аперитив барих” хэмээх ёслолд цай, кофе, сүү, тараг, айраг хэрэглэж үл болно. Зөвхөн архи, дарс, пиво, ундаа, цэвэр усаар бага зэрэг дайлах ёстой.

“Завтрак”-т урьсан урилга оросоор ирвэл тэр нь өглөөний хоол хамт зооглох гэсэн үг биш, “Lunch” буюу үдийн зоогоо хэлж байгаа нь тэр. Харин “обед” гэсэн байвал оройн зоог гэсэн үг. “Зоог” гэдгийн цаана зооглох, хооллох гэхээсээ илүүтэй “зочилгоо”, “зочлол” гэсэн санаа гол нь юм.

Welcome Reception - Угтах буюу yгталтын хүлээн авалт

Reception / Lunch  - Үдийн зоог

Reception – Dinner - Оройн зоог

Farewell Reception - Үдэх буюу Үдэлтийн хүлээн авалт

Cocktail – Lunch / Dinner - Цайллага буюу Коктейль

Luncheon - Үдийн зоог  (хүндэтгэл багатай)

Buffet – Lunch / Dinner - Буфет зоог

Dinner - Talk (Working)

Working Lunch - Ажлын зоог

Banquet - Дайллага

Get – Together - Танилцах уулзалт (цайллагатай)

Cup de Vini / Cup de Champagne эсвэл Un verre de Champagne - “Хундага дарс” / шампанск /

Ice Breaker Social Party - Нүүр хагарах (танилцах) үдэшлэг

Wedding Reception - Хуримын зоог 

BBQ - Шарсан махтай зоог (хорхог гэсэн үг)

Lunch / Dinner in suite -  Ердийн  хоол (ёслол биш)

Petit dejeuner эсвэл Morning Coffee - Өглөөний цай

“Beer Busting” - Шар айрагны найр

“At Home” invitation - Гэртээ урьж зочлох

Evening Parade & Cocktails - Коктейль дагалдах үдшийн зугаалга

Black tie dinner - Эрвээxэй зангиатай очих оройн зоог

Buffet Supper - Оройн буфет зоог

Taste of International Cuisine - Олон улсын хоолны амталгаа

Cake and Coffee - Бялуу, кофений зочилгоо

Rooftop Social Party - Ил задгай зохиох нэгэн төрлийн цайллага

Refreshment - Хөнгөн зууш

Picnic - Зугаалга

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.