Австралид Хятад хэлний хэрэгцээ улам бүр өсч байна

2013 оны 10-р сар 31-нд 13:39 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед Австралийн эрх баригчид Азийн орнуудтай харилцаа тогтоохын ач холбогдлыг онцлон тэмдэглэх болжээ. Иймд Азийн орнуудын хэлийг заадаг сургуулиудын тоог нэмэх амлалт өгч байна. Учир нь Азийн хэлийг сонгон суралцдаг сурагчдын тоо буурч эхэлжээ. Одоо Австралид 5 настнуудад Англи, Хятад хэлийг зэрэг заадаг сургуулиуд бий. Хятад хэлийг 2 дахь хэл болгон сурах бол хэдий чинээ эрт эхэлнэ төдий чинээ хурдан сурдаг. Бага насны хүүхдүүд яг л аяга угаадаг зөөлөн парлон шиг. Тэд бүх мэдлэгийг өөртөө маш хурдан уусгаж, шингээж авдаг гэж багш нар нь ярьж байна. Хятадад Европ хүмүүс тэдний хэлээр чөлөөтэй ярихад иргэд ихэд гайхан хүлээж авдаг байна. Австралийн Засгийн газар гадаад хэлийг Англи хэлтэй хамт хавсран заах сургуулиудыг дэмжин, санхүүжилт олгодог. Иймд энэ сургуульд л гэхэд 23 үндэстний хүүхдүүд суралцдаг байна. Тэдний зарим нь Австрали айлд өргүүлсэн, англиар ярьдаг Ази хүүхдүүд байдаг. Харин одоо Мандарин хэл сурч байна. 7 хоногт 2 өдөр зөвхөн Хятад хэлээр ярьдаг. Вьетнам хэлний ангийг ч нээжээ. Цаашид эдгээр ангиудаа өргөжүүлэх бодолтой байгаа юм. 6 жилийн дараа гэхэд тэд Хятад, Англи хэлний аль алийг нь эх хэл шигээ эзэмшсэн байх гэнэ. Иймд Melbourne-ий их сургуулийн Хятад хэлний сургалтын төвийн захирал Dr Jane Orton, “Энэ сургууль бол жинхэнэ баялаг. Шаргал үстэй, цэнхэр нүдтэй хүүхдүүд яг л Хятад хүүхдүүд шиг шулганана. Итгэмээргүй. Тэд хамгийн хүнд хэлийг ч сурч чадна гэдгийг нь баталлаа.” гэж ярьсан байна. Энэ сургуулийн дунд ангийн сурагчид эцэг эхчүүдийн зохион байгуулсан аялалд хамрагдан Хятад улс руу явдаг. Тэд Хятадаар ярих үед нутгийн иргэд их л гайхдаг гэнэ. Одоогоор Австралид маш цөөн буюу 10-аад сургууль л хос хэлний түргэвчилсэн сургалт явуулж байна. Харин бусад сургуулиуд нь Азийн орнуудын хэлийг цөөн цагаар зааж байна. Эдгээр сургуулиудад суралцагсад ахлах сургуульд ороод гадаад хэлний хичээлийг үргэлжлүүлэн авдаггүй. Учир нь Азийн орнуудын хэл их хэцүү гэжбодно эсвэл өнгөрсөн хугацаанд төдийлөн сайн сураагүй гэж хэлдэг байна. Судалгаагаар бага, дунд ангидаа Хятад хэлийг цөөн цагаар үзсэн сургачдын 95% нь ахлах сургуульд ороод Хятад хэл үзэхээ зогсоодог. Гэтэл Австралийн үе үеийн Засгийн газрууд гадаад хэл сонгон суралцах хүүхдүүдийн тоог өсгөх амлалт өгдөг. Өмнөх Засгийн газрыг тэргүүлсэн Хөдөлмөрийн нам 2025 он гэхэд ахлах сургуулийн сурагч бүрт Азийн орны хэлийг сурах бүрэн боломж олгоно гэж байсан юм. Харин одоогийн Засгийн газар ахлах ангийнхны 40% нь аль нэг гадаад хэлийг бүрэн эзэмшээд төгсөх ёстой гэж үзэж байна. Хамгийн сүүлийн судалгаагаар төгсөгчдийн 12%  нь л Англиас өөр хэл сураад төгсдөг нь харагдсан. Иймд улс төрчид биелүүлэх боломжгүй, хоосон амлалт өглөө. Тэд гадаад хэлний боловсролд ач холбогдол огт өгөөгүйг түүх харуулна. Тэд урам зоригтой зорилтууд дэвшүүлдэг ч ажил хэрэг болгодоггүй  гэх мэт шүүмжлэл ч байна.  

2023 он гэхэд ахлах ангийнхны 40%-ийг гадаад хэлний мэдлэгтэй болгон төгсгөхөд 2 тэрбум Австрали доллар шаардлагатай гэнэ. Тэгэхээр зардал, хөрөнгө оруулалтаа тооцох шаардлага үүсч байгаа юм. Энэ ажилд 3 жил зарцуулах юм байна. Ямартаа ч Австралийн эрх баригчид 5 наснаасаа Азийн хэлийг давхар сурсан иргэд Азийн зуун гэж нэрлэх болсон энэ цаг үед чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Азийн орнуудтай хөгжүүлэх эдийн засгийн хамтын ажиллагааны ач холбогдлыг Австрали хүн бүр л сайн мэддэг. Хэрэв бид асар их нөөцтэй Азийн орнуудтай бизнес, соёлын харилцаа тогтоохгүй бол өөр хэн нэгэн энэ боломжийг ашиглана гэж үздэг юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.