Их-7: ОХУ Украин руу дайрвал хариугаа амсах болно

Twitter Print
2021 оны 12-р сар 13-нд 12:47 цагт
Мэдээний зураг,

"Их-7"-гийн удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу дайрах шийдвэр ноцтой үр дагавар, их хэмжээний хор хохирлыг дагуулах болно хэмээн өнгөрсөн ням гарагт хийсэн уулзалтынхаа үеэр анхааруулжээ.

АНУ-ын Тагнуулын албанаас мэдээлж байгаагаар ОХУ Украин руу цэргүүдээ оруулахаар бэлтгэж байгаа ба уг ажиллагаанд нь ОХУ-ын 175 мянган цэрэг оролцох аж. Кремлийн зүгээс ОХУ-д Украин руу дайрах төлөвлөгөө байхгүй ба барууны орнууд Оросоос айх айдаст хэт автсан байна хэмээн мэдэгджээ.

Москва Украины хил орчим байрлаж буй НАТО-гийн цэргүүдийн тоо нэмэгдэж байгаа нь ОХУ-д заналхийлж буй явдал хэмээн онцолжээ. Английн Ливерпуль хотноо болсон уулзалтын үеэр "Их-7"-гийн төлөөлөгчид ОХУ Украины хил орчим цэрэг техникээ байршуулж буй явдлыг санал нэгтэйгээр буруушааж буйгаа илэрхийлэн, Москвагаас уг үйл ажиллагаагаа зогсоохыг шаарджээ.

"Их-7"-гийн удирдагчид Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлж, Украин улсад дэлхийн бусад бие даасан, тусгаар улс орнуудтай адил өөрийн улсын ирээдүйг шийдэх эрхтэй гэжээ.

Нөгөө талаас Лондон дахь ОХУ-ын элчин сайдын яамнаас, "ОХУ НАТО-д бүс нутаг дахь хурцадмал байдлыг намжаах олон тооны санал тавьсан.

"Их-7"-гийн уулзалтаар тэдгээр саналуудыг хэлэлцэж болох байсан ч ОХУ руу дайрч давшсан зүйлсээр өөр юм бид сонсоонгүй." хэмээн мэдэгджээ.

Хөрш Украин улсад НАТО-гийн үйл ажиллагаа өргөжиж байгаа нь Оросын эрх баригчдын санааг зовоож байгаагаас гадна Москва Украинд НАТО-гийн зүгээс пуужингийн систем байрлуулахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зүгээс НАТО ОХУ-ын хилийн ойролцоо цэрэг техникээ байршуулахгүй гэсэн хууль ёсны баталгаа шаардаж байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украиныг НАТО-д элсэх үгүйд ямар ч улс хориг тавих эрхгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Кремлийн зүгээс Ерөнхийлөгч В. Путин Украины хил орчим байрлаж буй Оросын цэргүүд ямар нэг аюул заналхийлээгүй, ОХУ цэргүүдээ өөрийн газар нутаг дээр дураараа байршуулах эрхтэй болохыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд мэдэгдсэн хэмээн мэдээлсэн ба хоёр улсын төрийн тэргүүнүүд Украины асуудлыг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохирсон гэдгийг онцолжээ.

"Их-7"-гийн уулзалтанд Их Британи, Канад, Франц, Итали, Герман, Япон, АНУ болон Европын холбооны удирдлагууд оролцсон ба "Бид ОХУ-аас дипломат харилцаа холбоо ашиглаж, цэргийн ажиллагаагаа олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээний дагуу ил тод нээлттэй явуулахыг хүсч байна." хэмээн хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.