Ноёдын, ардын гэсэн хоёр сургууль, хоёр улс

Twitter Print
2022 оны 08-р сар 16-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

Ноёдын, ардын гэсэн хоёр сургууль, хоёр улс

Манай улс өнгөрсөн 30 жилд шуудхан хэлбэл ерөнхий боловсролын 2 төрлийн сургуультай болсон.

Ноёдын хүүхдийн сургууль

Ардын хүүхдийн сургууль.

Ноёдын хүүхдийн сургуульд ноёдын хүүхэд сурна. Ийм сургууль хоёр хэлбэртэй. Нэг нь дэлхийн шилдэг их сургуулийнхаас ч өндөр төлбөртэй хувийн ерөнхий боловсролын сургууль юм. Энэ сургуульд өнгөрсөн 30 жилд өмч хувьчлал, тендер, газрын наймаа, уурхай лиценц, банк дампууруулах, алдарт 20 дугаар тогтоолоор нэг минутын дотор л хөлгүй хөлжсөн бодлогын баячууд буюу олигархын хүүхэд сурдаг. Энэ төрлийн 2 дахь хэлбэр нь Кембрижийн сургууль, Орос 3 дугаар сургууль гэх зэрэг хөлжсөн баячууд шигээ мөнгийг чулуудах чадваргүй ч түүнээс цэнэтэй эрх мэдэл, хуулийн эзэд болж байдаг төрийн албаныхан, хурган, ишигэн МАНангийнхны хүүхэд сурдаг. Энэ сургуулийн төгсөгч нь хожмоо энэ улсад ч, гадаад улсад ч тусдаа амьдрах тул бүх зүйл нь эхнээсээ тустай байдаг. Тэд жишээ нь бүгд онц сурах ёстой. Гадаадын тэтгэлгийн бүх хичээлээр 90 дээш байх ёстой гэдэг босго шаардлагыг шууд хангаж байхын тулд бүгд бүх хичээлээрээ 90 дээш авдаг байх ёстой. Аливаа сурлагын амжилтаар шалгаруулах шаардлагыг өөрсдөө зориулж гаргуулах ёстой. Нэг хүүхдийн хувьсах зардлыг авдаг атлаа манай улсын стандартыг мөрдөхгүй, тэнд. Англиар мэдээж уйлдаг байх ёстой. Бас тэд ЭЕШ өгдөггүй. Тусдаа. Гадаадын бүх тэтгэлгийг авдаг байх ёстой. Тусдаа шаардлага гаргуулснаар ачаар. Төрийн сангийн зээлээр гадаадад шалгалтгүй уригдаж сурдаг байх ёстой. Эргэж ирсэн ганц нэг нь энд ман-ын дарга, төрийн дэд сайд, төрийн нарийнаас доошгүй албыг зүгээр л зугаацан хашиж дарга болно. Учир нь төр хүнээ таньж байгаа нь тэр. Ноёдын сургуулийн төгсөгчийн явдаг зам, хийдэг ажил энэ улсад ийм л тустай. Ноёдын хүүхэд учраас тэр юм.

Нөгөө нь яагаав, ердийн ердийн ердийн сургалтай гэж цоллуулсан, ичээсэн ердийн ЕБС юм. Энэ нь ноёдын хүүхдээс бусад бүх ердийн хүний хүүхэд сурна. Тэнд мөнгө хийх, монголыг боловсролоор нь сүйтгэх алсын хараатай хорон бодлоготой Азийн хөгжлийн банкны хорлон сүйтгэх төслийн үр дүн болсон 22 хичээлийг 12 жил зүгээр орсон л болно. Тэнд нэг ангид олноороо бөөгнөрч сурсан болно. Байнга шалгуулна. 22 хичээлээр 22 багшийн өгсөн "Хүүхэд мэдлэгээ өөрөө бүтээнэ" гэсэн номлолоор тэд өөрсдөө мэдлэгээ бүтээх гэгч болсон тул болсон, болоогүй 22 хичээлийн 22 багшийн даалгавраар 24 цаг бөмбөгдүүлнэ. Тэгээд л муу, худал дүн авч муу сурна. Тэднийг сурахад нь дургүй болгох ёстой. Тэд барлаг болгох ёстой юм чинь. Тэднийг дүнгээр балбаж байж л сурахад дургүй болгоно. Яагаад гэвэл тэднийг гадаадын тэтгэлгийн анхны босго голч дүнгийн шаардлагыг хангуулж болохгүй. Ардын хүүхэд заавал ард байх ёстой. Багаасаа барлаг байх ёстой. "Би барлагын амьдралаар амьдрагч юм байна аа" гэж тэдэнд багаас нь итгүүлэх, зөвшөөрүүлэх ёстой. Тэдэнд сайн багшаар иймд хичээл, сургалтыг заалгаж болохгүй. Үүний тулд багшийг ихээр ядууруулж байх ёстой. Багшийг нь багшийн ажлаас өөр ажлаар дарж байх ёстой. Тэд харанхуй байх ёстой. "Тэгэхэд ардын сургуулийн төгсөгч барлаг болохгүй дээ яахав" гэж тэд хатуу итгэнэ. Тэд ийм л бодлого барьдаг. Итгэхгүй бол ардын дампуурсан боловсрол руугаа хар. Ардыг шинж. Хүүхдийг нь хар. Халтардсан байгаа биз. Гэнэн халтарууд болсон байгаа биз.

Манай улс ингэж ноёдын, ардын гэсэн ийм л хоёр сургуулийг боловсролын хагас жаранд бодлогоор бий болгов. Тэгээд хэзээ ч бараг эвлэрэхгүй ноёд анги, ард анги гэсэн 2 ангитай болсон. Үнэндээ яах ч аргагүй соёлоороо, хандлагаараа, иргэншсэн байдлаараа яах ч аргагүй нийлэхээргүй, нэгдэхээргүй, нэгсэхээргүй болсон. Нэг нь баярхаад л... Нөгөө атаархаад л... Хоёулаа дэлбэрчихээд л...

Ноёдын хүүхэд ноёд, ардын хүүхэд ард болно гэсэн амьдралын хоёр замналтай болсон доо, хагас жарны МАН-ын хорлонт хар бодлогоор.

Энэ улс энэ байдлаар явбал ноёдын улс, ардын улс гэсэн хэзээ ч эвлэрэхгүй хоёр улс удахгүй болно байх даа.

Үүнээс илүү улсаа хорлоно гэж юу байхав дээ, манан минь ээ,

Үүнээс муу алдагдсан боломж гэж байх уу, та минь ээ!

Ц.Лувсандорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.