
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд суурилуулах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлсэн байна.
Иргэдийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа ажлыг дундаас нь зогсоохгүй байх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүх арга хэмжээг хот хэрэгжүүлэх ёстой. Тиймээс уг асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлэсэн гэдгийг хотын дарга С.Амарсайхан хэллээ.
Угаар мэдрэгч төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 01-нээс өмнө айл өрхүүдэд нэг удаадаа үнэгүй суурилуулах юм байна. Төхөөрөмж авах санхүүжилтийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргах аж. Харин одоогоор ямар төхөөрөмжийг хэдэн төгрөгөөр авахыг шийдээгүй гэдгийг онцоллоо. Угаарын хий мэдрэгч төхөөрөмж зах зээлд 30 мянгаас эхлээд 300 мянган төгрөг хүртэл үнэтэй байгаа бөгөөд аль болох чанартайг хямд үнээр авч, иргэддээ үнэгүй өгөх аж. Мөн тэрбээр Тавантолгой түлш компанийн түлшний үйлдвэрлэл хэвийн явагдаж байгааг хэлсэн юм.
Г.Ганаа