
Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих тухай саналыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцээд Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 /Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/-т заасан үндэслэлээр 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын иргэн Б.Буянжаргал нь МУИС-ийн Хуулийн сургуулийн оюутан бөгөөд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Т.Болдбаатарын охин аж. Тэрбээр өмнө нь ч хар тамхины хэргээр саатуулагдаж байсан юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.