Анагаах ухааны сонирхолтой нэр томъёонууд

Twitter Print
2019 оны 10-р сар 10-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Анагаах ухаанд өвчин эмгэг, шинж тэмдэг/хамшинж эсвэл оношилгооны аргыг анх тодорхойлж бичсэн эмчийн нэрээр (Дауны хамшинж) эсвэл өвчтөнийх нь нэрээр (Валентиногийн шинж) нэрлэх явдал бий.

Эсвэл өвчин эмгэг, түүний үүсгэгчийг газар нутгийн (Эбола вирус) нэрээр нэрлэсэн байдаг. Мөн алдартай зохиол (Робин Гуудын хамшинж/Robin Hood Syndrome, Mюнхаузены хамшинж/Munchausen syndrome) эсвэл амьтны нэр (гахайн томуу) хоол хүнстэй (гүзээлзгэний хэл) зүйрлэн нэрлэсэн нь ч бий. Эдгээрээс цөөн хэдийг сонирхуулъя.

• Матрын нулимсны хамшинж (Crocodile tears syndrome)

Бид хүнд өрөвдүүлэхийн тулд худлаа уйлахыг “матрын нулимс унагаах” гэдэг. Тэгвэл хүүхэд хөх/угжаа хөхөх эсвэл хоол унд идэж уух бүрт нулимс гоождог ховор эмгэг бий. Үүнийг анагаах ухаанд матрын нулимсны хамшинж гэдэг. Шүлсний булчирхайг мэдрэлжүүлэх ёстой мэдрэлийн судал буруу “ургаж” нулимсны булчирхайг мэдрэлжүүлснээс хоол унд идэж уух, хоолны үнэр авах зэрэгт нулимс гоождог. Энэ нь дийлэнхидээ төрөлхийн бөгөөд хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөггүй, эмчилгээ шаарддаггүй. Би 31 жил хүүхдийн эмчээр ажиллахдаа нэг л ийм тохиолдолтой таарч байсан.

• Алиса гайхамшгийн оронд хамшинж (Alice in wonderland syndrome)

Английн зохиолч Луйс Кэрроллын энэхүү алдартай зохиолд (1865) Алиса охин өөр ертөнцийн нүхэнд унаж, үл таних хачирхалтай хэрнээ ер бусын гайхалтай хүмүүс, амьтадтай уулзан (аварга том эсвэл өчүүхэн жижигхэн), шинэ сонин адал явдалтай учирдаг. Тэгвэл зарим мэдрэл сэтгэцийн өвчний үед хүн эсвэл эд зүйлс өчүүхэн жижиг болон харагддаг бөгөөд мөн өвчтөнүүд цаг хугацааны баримжаагаа алддаг. Алиса гайхамшигийн оронд хамшинж тархины гэмтэл, хавдар, харвалт; уналт таталтын өвчин; толгой таллаж өвдөх өвчнүүдийн үед илэрч болох бөгөөд ховор тохиолдолд эмийн шалтгаантай байж болно. Томуугийн эмчилгээнд хэрэглэгддэг Оселтамивир эмийг Алиса гайхамшигийн оронд хамшинж үүсгэж болзошгүй гэж анагаах ухаан үздэг.

• Гүзээлзгэний хэл (Strawberry Tongue)

Улаан эсэргэнэ хэмээх хүүхдийн тууралтат халдварт өвчний нэг үндсэн шинж. Энэ өвчний үед хацар улайж бүх биеэр тод улаан тууралт гарна. Тууралтыг тэмтрэхэд яг л зүлгүүр мэт мэдрэмж төрнө. Түүнчлэн өндөр халуурч, хоолойн өвдөх шинж заавал илэрдэг.

• Алгадуулсан хацрын шинж (Slapped cheek syndrome)

Халдварт эритема хэмээх хүүхдийн тууралтат халдварт өвчний нэг үндсэн шинж. Хүүхдийн 2 хацар яг алгадуулсан мэт улаан болдог. Их биеэр гарсан тууралт нь “нэхсэн тор” мэт харагддаг.

• Кофены шаараар бөөлжих (Coffee ground vomitus)

Улаан хоолой, ходоодноос дотуур цус алдаж ходоодонд бүлэгнэсэн цусаар бөөлжихийг хэлнэ. Яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай. Ходоод улаан хоолойн төрөлхийн гаж хөгжил, судасны өргөсөлт, шарх, цусны өвчин байж болзошгүй.

Хүүхдийн эмч Т.Навчаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.