Д.Цэрэндорж: Бие минь хол ч сэтгэл зүрх минь Монголдоо

Twitter Print
2016 оны 05-р сар 31-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн өнцөг булан бүрт монголчууд бидний үр удам, яс махны тасархай, элэг нэгт ахан дүүс минь сурч, ажиллаж, амьдарч байна. Тэр дундаа эрх чөлөөний орон гэгдэх Америкт гэхэд сурч боловсрох, ажиллаж амьдрах гээд олон аавын охид хөвгүүд амьдран буй. Тэдний нэг, эх нутгаасаа 16 жилийн өмнө гарч Америкт өдгөө хүртэл ажиллаж амьдрахдаа элэг нэгт ахан дүүсдээ болон Монгол орондоо чадах чинээгээрээ туслаж, оюуны хөрөнгө оруулалт хийж яваа энэ эрхэмийг Дэмбэрэлийн Цэрэндорж гэдэг. Өдгөө “Бэй ареагийн Монголчууд”-ын холбооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг түүнийг Америкийн монголчууд андахгүй. “Замдаан” нэртэй монголчуудад зориулсан сэтгүүл, зарын сонин гаргаж байснаар хүмүүс ихэнхдээ эчнээ танил болсон байдаг. Тэрээр Монголд хүндэтгэх шалтгааны улмаар ирсэн ч бидний урилгыг хүлээн авч өөрийн ажил амьдрал болоод Америкт суугаа монголчуудын тухай хүүрнэсэн сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

"Холын хүнээс үг сонс" гэж гоё үг байдаг. Та Америкт хичнээн жил болоод эх орондоо ирэв дээ?

Анх 1998 онд Америкт хөл тавьсан. Тэр цагаас хойш эх орондоо ирэлгүй бүтэн 16 жил болсон байна. Америкт очиход тухайн үед цөөхөн монголчууд байлаа. Зарим очсон хүмүүсийн ихэнх нь хэл мэдэхгүй тийм болохоор Оросуудыг түшихээс өөр аргагүйд хүрсэн юм. Социализмын үед өгсөн хүмүүжил их хэрэг болсон. Адаглаад ерөнхий мэдлэгийн хүрээ гэхэд хэнээс ч доогуур орохгүй, Америкийн том компанид ажилд горилож шалгуулахад зоолттой тэнцээд л гараад ирэх жишээтэй. Монголчууд хурдтай ажиллаж чаддаг. Миний Вьетнам найз их гайхдаг байсан. Анх очоод удаагүй байхдаа хүмүүс шинэ машин авч унаад байх юм. Машин авмаар байна гэхэд “чи юу яриад байна вэ, чи хэзээ ирлээ, ноднин ирчихээд ийм зүйл яриад байх даа яахав дээ” гэдэг байгаа. Ямар системээр авдаг юм бол машин авч унамаар байна гэх зэргээр яриа их өрнөдөг. Тэгэхээр их гайхна.  

Азийнхан өчнөөн жил хөдөлмөрлөөд ажиллаад л байдаг тэгсэн мөртлөө хуучин хувцас, машинтайгаа бахь байдгаараа. Харин манай Монголчууд хажууд нь гоёж гангарах, гоё газруудаар аялж баян чинээлэг улсын дэргэд адилхан харагдах гэж хичээх ч юм уу тийм нэг өөдрөг, зовхи нь өөдөө, сайхан амьдралд тэмүүлсэн сэтгэлгээ суучихсан байдаг.

Америкт буй Монголчуудын мэдээллээ авдаг топ сайтууд ямар нэртэй сайтууд байдаг бол?

Хамгийн ихээр уншдаг нь orloo.com, dayarmongol.com. Энэ 2 сайтаас л гол мэдээллээ авдаг. Хот, хотын жижиг сайтууд ч бий. Энэ хоёроос илүүтэй гуравдах сайт бараг байхгүй байх шүү. Дунд насныхны сонирхдог зүйл бол фэйсбүүк болчихоод байна. Нэг үе хүмүүс өөрсдийн үзэл бодлоо солилцох хэрэгсэл твиттр байдаг байсан. Гэтэл өдөр тутмын зар, хүмүүстэй харилцах харилцаанаас фэйсбүүкийг хүмүүс илүү ашигладаг болсон. Одоо мессенжер шалгадаг хүн ховор болж.

Анх намайг Америкт очиход мэдээ, мэдээллээ хаанаас авахаа мэдэхгүй, тухайн үед "Монгол ньюс"-ынхан хийж байсан ганцхан сайттай байсан. Одоо цагийн хурдаар технологи хэдхэн жилийн дотор асар их хөгжиж байна. Тэр үед бид мэдээлэл өөрсдөө эрдэг байсан бол одоо мэдээлэл биднийг эрж, тэр их далайн дундаас хэрэгтэй мэдээллээ олж авдаг тэр цаг мөч ирчихжээ.

2001 онд бид “Замдаан” нэртэй цаасан хэвлэл бичиж үзсэн. Монголын хамгийн анхны сонин “Америкийн монголчууд” нэртэй 8 нүүртэй сонин гаргаж байлаа. Тэрний дараа А4 форматтай сэтгүүл хийж тараасан. Оюутолгойн Хэвлэл, мэдээллийн албаны дарга П.Байка (П.Баярмагнай) “Denver” мэдээ нэртэй сэтгүүл хийж,  бидний хийсэн сэтгүүлүүд тухайн үедээ асар их эрэлттэй байсан. Миний хувьд гэхэд 480 захиалагчтай болж, сардаа нэг удаа гаргадаг байдлаараа нэлээн цаг хугацааг ардаа орхисон. Бараг хоёр жил гаруй хугацаанд 28 дугаар гаргасан байдаг.

Энэ нь Америкийн Монголчуудын мэдээллийн гол сувгууд болж чадсан. Улмаар интернет асар хөгжиж буйтай зэрэгцэн бид ч гэсэн цаасан хэвлэлээсээ татгалзаж, онлайн руу шилжсэн. Хүмүүс өдөр бүр шахуу мейл хаягаа шалгадаг болсон. Яг өнөөдөр Америкт буй монголчууд мэдээллээ хаанаас авдаг болсон гэхээр гар утаснаасаа л авдаг боллоо шүү дээ. Хүсвэл “Цагийн хүрд”-ээ үзэж, мэдээ мэдээллээ унших бүрэн боломжтой болсон. Гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийж, хэрэгтэй зүйлээ олоод үзчихэж байна. Энэ нь хүмүүсийн салшгүй хэрэглээ болсон. Монголын зах зээл дээр Мобиком  анх гарч ирж байхад би Datacom-д байхдаа анхных нь сурталчилгааг хийж өгч байлаа. Мобиком 1997 онд “Монголын хаанаас ч ярина, Таны гарт дэлхийг атгуулна” гэсэн уриатай байлаа.

Бүх зүйл онлайн руу шилжиж, технологийн том компаниуд байсаар байтал Сан Франциско хотод өдөр тутмын хоёр сонин гардаг. Америкийн зах зээл нь өдрийн сонингоо барьчихдаг. Манайхныг бодвол эмх цэгцтэй, хот хотууд ийм системтэй байдаг. Хүмүүс нь ч сонингоо уншдаг хэвээрээ, тийм уламжлал нь алдагдаагүй. Өглөө нь кофегоо уунгаа сонингоо уншдаг, гар утаснаас илүүтэй цаас барьж уншихыг илүүд үздэг. Гэхдээ залуучууд өдөр тутамдаа, ажил, гэртээ ч гар утаснаас мэдээллээ авдаг тогтолцоо бүрдсэн. Америкт байгаа Монголчууд мэдээллээ яаж авч байна гэхээр хүн бүр өөрсдийнхөө сонирхсон мэдээллээр групп үүсгээд мэдээллээ хоорондоо хуваалцдаг боллоо.

Монголчуудын тухай нэгэнт ярьсных Сан Франциско хотод хичнээн Монгол ажиллаж амьдарч байна вэ?

Монголчууд Америкийн дагуул хотуудаар их амьдардаг. Сан Франциско хотод Хятад тосгон буюу China town байдаг. Монголчуудын хувьд Сан Франциско хотод харьцангүй бага, 500 хүрэхгүй л тоо бий. Тойроод, дагуул хотуудаар амьдараг. Сан Францискогийн хувьд өртөг хамаагүй өндөр. Тухайлбал, тэр шигүү хотод машины зогсоол хүртэл асуудалтай. 15 минут машинаа тавихад л 25 доллар төлдөг байх жишээтэй.

Монголчууд одоо ч Америк руу явсаар байгаа. Анх удаагаа хилийн дээс алхаж байгаа хүмүүст зөндөө л бэрхшээл тохиолддог байх. Тэгэхээр Америкийн монголчуудын сайтаас ихэвчлэн мэдээ мэдээллээ авах уу?

Бид энэ асуудал дээр эхэн үедээ нэлээн үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Тэр байтугай монголчууд маань хүний газар амь нэгтэй, бие биендээ аман болон утсаар мэдээлэл өгч, авалцдаг. Мөн жолооны шалгалтыг нь хүртэл дагуулж яваад өгүүлэх жишээтэй. Ер нь хүний нутагт хэцүү зүйл их. Би л гэхэд анх Америкт ирэхдээ мөнгөгүй шахам, ганц үүргэвчтэй л ирж байлаа. Тэгсэн мөртлөө араасаа маш олон хүмүүсийг татна гээд л асуудал их байсан ч монголчууд бие биендээ туслаж, нэг нэгэндээ дэм болж байсны хүчинд бүгд гайгүй амьдралтай болцгоосон. Улмаар ар араасаа ирж буй монголчууддаа зааж зөвлөхөд их амар болсон. Миний хувьд долоо хоногийн “Замдаан” зарыг гаргадаг байсан. Ганцхан нүүр бичгийн цаасыг дөрвөн нүүр болгон хэвлээд дундуур нь нугалаад түүндээ бүх зараа бичиж тараадаг байлаа. Ер нь Америкийн монголчууд одоо ч нэг нэгэндээ маш их тусалдаг, ядарсан нэгнээ дэмжээд л явдаг даа.

 

“Замдаан” нэртэй монголчуудад зориулсан сэтгүүл, зарыг та сайн дураараа гаргадаг байсан уу?

Монголчууд гадаадад очоод эхний ээлжинд мэдээж хар бор ажлыг хүссэн хүсээгүй хийнэ. Тэрний хажуугаар мэргэжлийн ажлаа хийх хэрэгтэй. Хамгийн гол нь сонирхол сонирхолоороо хүнд хэрэгцээтэй зүйл хийнэ гэдэг сайхан. “Замдаан” нэртэй зарын хувьд ямар ч мөнгөний ашиг хонжоо байхгүй, тэгсэн мөртлөө холоос хүмүүс зорьж ирж авдаг байсныг бодоход тухайн үедээ тэдэнд их л хэрэг болдог байсан байх.   

Сэтгүүлийн хувьд шөнөжингөө сууж эхээ бэлддэг, өөрөө бичиж тойм, анализаа хийнэ. Бас өнгө үзэмжтэй сэтгүүл гаргахын тулд сайн зураг хэрэгтэй болж тухайн үедээ Olympus зургийн аппарат авч анхны сэтгүүлийн нүүрэнд үлдэх зурагнуудаа авч билээ. Нэг мэдсэн сэтгүүлийн захиалагч нар өдрөөс өдөрт нэмэгдсэн байсан. Бас нэлээн их хөдөлмөр ордог байсан шүү.

Америкт нийтийн сайн сайхны төлөө зориулагддаг сайн дурын ажилд бараг хүн бүр шахуу оролцох дуртай байдаг гэсэн. Тэгэхээр та мэргэжил, сонирхлынхоо дагуу хүмүүсийн сайн сайхны төлөө үнэ төлбөргүй зүйл хийнэ гэдэг их буянтай сайн дурын ажил байна шүү?

Хамгийн гол нь хүн өөрийнхөө дуртай, хийж чадах зүйлээ бусдын төлөө хийнэ гэдэг хамгийн чухал. Ялангуяа нутгаасаа хол, хүний нутагт монголчууд бид нэгдэж, эв найрамдалтай байж, хамтдаа урагшилна. Тэгэхээс биш нэгнийхээ улыг долоож, нэгнээсээ дээгүүр гарах гэсэн бодолтой бол хол явахгүй л болов уу. Миний хувьд учраа олохгүй явж байгаа монголчууддаа туслах үүднээс ядаж гарын доорх материалаар зар хийж үнэгүй тараая л гэсэн бодол толгойд ороод ирсэн шүү. /инээв/

Цахим ертөнцөөс түр хөндийрөөд Д.Цэрэндорж гэдэг хүний талаар ярилцья. Та ямар сургууль төгссөн бэ?

Би Багшийн дээд сургууль төгссөн. Мэргэжил сэтгүүлч биш, гэхдээ 1992 оноос хойш сэтгүүл зүй рүү орсон. Тухайн үед интернет монголд орж ирэх үед “MN” гэдэг сэтгүүл анх хийж байсан. Ингээд цаашлаад электроникийн чиглэл рүү орж, бие даан өөрийн “BSBT Эльба” нэртэй сэтгүүлийг гаргасан. Энэ сэтгүүл дээр бүх зүйлээ өөрөө хийдэг. Тухайлбал, хэвлэлийн газраар явахаас эхлүүлээд цаас эрж олох, зөөх, эхээ хүртэл өөрөө бэлтгэдэг байсан. Хамаг цагаа эх бэлтгэхэд л зориулдаг байлаа. Ингэж явсаар өөрөө ч гайгүй юм бичдэг болсон. Дараа нь хэд хэдэн технологийн талын сурталчилгаанд хамтран ажиллаж, бизнесийн лавлах буюу “шар ном”-ын эхний хоёр дугаар дээр ажиллаж, тэгээд л 1998 онд Америк руу явсан даа.

Та одоо “Бэй ареагийн Монголчууд”-ын холбооны тэргүүлэгч гишүүн гэсэн. Энэ холбоо нь Америкт байгаа Монголчуудын холбооноос нэлээд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг холбоодын нэг. Америкт буй бүх монголчуудын холбоодыг хүртэл хооронд нь холбоод үйл ажиллагаа явуулаад байдаг юм шиг?

Долоо хоног бүр монголчууддаа зориулж янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тухайлбал нэг сэдвийг сонгож авч тэнд амжилтанд хүрсэн хүмүүстэй уулзалт зохион байгуулдаг. Мөн хүүхэд залуучуудын сургалтын алба хүртэл бий.

Яг танай Бэй ареад амжилттай яваа ямар хүмүүс байна, жишээ нь?

Сая манай Галбадрахын “Монгол хүн - Монголын бахархал” төслийг хүмүүс андахгүй мэддэг боллоо. Ер нь сайн яваа залуучууд зөндөө бий. Yahoo, Microsoft, Google гээд Монголчууд ажиллахгүй газар алга. Apple-д гэхэд л Энх-амар байна. Facebook-д гэхэд л Мэргэн байх жишээтэй. Энэ мэт 10 гаруй IT салбарын шилдэг компаниудад нэр төртэй алба хашиж яваа залуучууд байна. Мөн судалгааны ажилд гаршсан хүмүүс бас бий.

“Монголчуудын холбоо” монголчууд руугаа хандсан дорвитой ямар ажил хийж байна вэ?

Мэдээж хэрэг энд хүмүүсийн санаачилга гол нь байдаг. Монгол руугаа, монголчууд руугаа хандсан ажил хийхийг их хичээдэг дээ. 2008 оны Дорноговь аймгийн Алтанбулаг сумд гарсан зудын үеэр бид санаачилга гаргаж, өвс авч өгье гэж шийдсэн. Тухайн үед хамгийн шаардлагатай зүйл өвс байсан юм.  Монголд байгаа хүмүүстэйгээ холбогдож, цуглуулсан мөнгөө явуулж, өвс худалдан авч хүргүүлж байсан.

Мөн цусны хавдартай хүүхдүүдэд зориулж барьж байгаа “Ажаа гэгээн”-ий эмнэлэгт зориулж нэг өдрийн дотор 62 мянган долларын хандив цуглуулж байлаа. Иймэрхүү жишээгээр л үйл ажиллагаа явуулж, өчүүхэн ч гэсэн улс орондоо, хүмүүст туслахыг боддог.

Сонгууль болохоор л гадаадад суугаа монголчуудын санал өгөх асуудал яах аргагүй олны анхааралд өртдөг?

Би өнгөрсөн сонгуулийн үеэр штабт ажиллаж байсан. Хот хотуудын мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулж, цаг тутам санал хэдэн хувьтай байгаа талаар цаг алдалгүй мэдээлж байсан.

Сонгууль гэж нэгэнт ярьсных тэр үед бас шүүмжлэлд өртөж байсан асуудлыг тодруулаад авъя. Сан Франциксогийн Монголын консулын  газрын даргаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гуайн хүү ажилладаг. Сонгуулийн үеэр Америкт байгаа монголчууд ихэнх нь ардчилагчид байдаг, харин Ц.Нямдоржийн хүү сонгуулийн сурталчилгаа явуулахгүй, зар тараахгүй байна, олон хүнийг санал өгүүлэхгүй гэсэн чигтэй ажиллаж байна гэсэн “шуум” их гарсан?

Би хуваарийн дагуу гурван хоног ажилласан. Анх сурталчилгаа, мэдээлэл тараахаас эхлүүлээд консул Н.Анхбаяртай хамт ажилласан. Би бол баттай хэлж чадна. Тухайн үед ямар ч саад, тээг болох асуудал гараагүй. Тэр ч байтугай өөрөө ч хэлсэн. Би улсыг төлөөлж буй консулын хувьд аль болох монгол хүмүүсээ бүгдийг нь хамруулах, хүргэх, энэ чиглэлээ барьж ажиллана гэсэн.

Та 1998 оноос хойш анх удаагаа эх орондоо ирлээ. Онгоцноос буугаад ирэхэд эх орон тань ямар харагдаж байв? Улаанбаатар таны нүдээр хэр өөрчлөгдөж?

Бие минь хол байгаа ч сэтгэл зүрх минь Монголдоо. Ойр, ойрхон ирж, очиж чадахгүй ч гэлээ Монголд ямар үйл явдал, юу болсон талаар мэдээллээ “Цагийн хүрд”-ээс авчихдаг. “Нарны гүүр” ашиглалтанд орлоо, “Цагаан хаалга” аваад хаячихлаа, "Лениний хөшөөг буулгаад оронд нь Д.Нацагдоржийн хөшөөг тавьлаа" гэх зэрэг мэдээллээ үзчихдэг учраас нэг их цочирдож хүлээж авах нь гайгүй байсан. Гэхдээ хот төлөвлөлт нь нэлээн шигүү, замбараагүй харагдаж байна. Мэдээж, хаа сайгүй бүтээн байгуулалт, бүтээн босголт, барилга ид өрнөж байгаа харагдсан.  

Мэдээж, хүн сайн сайхан зүйлс харж явна. Гэхдээ би замын асуудлыг гайгүй болсон байх гэсэн мэдээлэлтэй, бас сэтгэгдэлтэй байсан. Гэтэл Нисэхээс хот руу орох гээд явахад үндсэндээ санаанаас их хол зөрсөн. Тэр нь надад жаахан гонсгор санагдсан. Гэтэл хамт явсан залуу “юу ярьж байгаа юм бэ. Харин ч засч янзлаад энэ шүү дээ” гэсэн л дээ. Дараагийн асуудал хөдөлгөөний соёл үнэндээ алга. Би бүр “хүүш, чи шүргэлээ, мөргөлөө” гэж орилсоор байгаад л таарсан.

Тэгээд дараа нь “Гэсэр” сүм орлоо. Бүр яг дээр үеэрээ байсан. Уг нь тэнд өдөр бүр ороход мөнгө авдаг, сүсэгтэн олны хандивлаж байгаа мөнгө хаашаа орж байнав. Гэтэл өөрчлөгдөн шинэчлэгдсэн зүйл нэг ч алга. Намайг ингэж хэлэхээр зарим хүмүүс “ямар төрөл арилжсан хүн бэ” гэж бодох вий. Хамгийн гол нь хүний нүдэнд болж бүтэхгүй зүйлс нь эхэлж харагдаад байдаг гэмтэй. Гэлээ ч эх сайхан нутаг минь болохоор сайхан байнаа, сайхан байна. Ярих юм алга.

Бидний яриа энд хүрээд өндөрлөх боллоо. Танд маш их баярлалаа. Таны ажил, амьдралд их амжилт хүсье.

Эх сайхан нутагтаа ирээд та бүхэнтэйгээ ярилцаад суух үнэхээр сайхан байлаа. Та бүхэнд, бас гэгээлэг сайхан ажилд чинь амжилт хүсье.

Оакланд хотноо БАМХ-ны дотор "Замдаан" сэтгүүл ийм нэгэн жижиг өрөөтэй байв.

Уран нугараач Сэрчмаа. 2002 он "Замдаан" сэтгүүлийн 6 дахь дугаарын нүүрэнд зориулж авч байсан зураг. Дижитал аппарат гараад удаагүй байв. 1.3 мегапикселтэй Олимпус аппаратаар аваад сэтгүүлийн нүүрээ чимжээ. 

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос "Замдаан" сэтгүүлийн Д.Цэрэндорж, "Таван цагариг"-ийн Ц.Энхтүвшин, 25 дугаар суваг телевизийн Э.Энхтөр нарыг Спортын сэтгүүл зүй, Монголын олимпизмд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Олимпийн алдар одонгоор шагнав. (2013 он)

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны (БАМХ) тэргүүнээр 2010 оноос эхлэн үр бүтээлтэй ажилласан Цэндоогийн Хишигбаяр

2014.03.25

Сэтгүүлч Г.Ганчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.