
Дэлхийн эдийн засгийн төв гэгддэг Хонгконг коронавирусын халдварын улмаас нас барагсдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор оршуулгын төвүүд уламжлалт модон авснуудын хомстолд оржээ.
Коронавирусын цар тахлын 5 дахь давалгаанд өртсөн тус хотод коронавирусын халдварын 1 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын улмаас 8000 гаруй хүн нас бараад байна. Хонгконгийн эмнэлгүүдийн цогцос хадгалах төвүүд дүүрсэнтэй холбоотойгоор эрчим эмчилгээний тасагт цогцоснууд хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдтэй хамт нэг өрөөнд өрөөстэй байгаа дүр зураг олон нийтийг цочирдуулсан билээ.
Түүнээс гадна нас барсны гэрчилгээ олгох үйл явц мөн удааширч, өнгөрсөн 3-р сарын 1-нд нас барсан иргэний нас барсны гэрчилгээ одоо хүртэл гараагүй байгаа гэдгийг оршуулгын төвийнхөн онцолж байна.
Нас барсан иргэдийг оршуулах үйл явц удааширсан нь Хонгконгийн хөрш Шэньжен мөн л коронавирусын халдварын голомт болсонтой холбоотой бөгөөд Хонгконгийн тусгай захиргааны бүс хилээ хаасны улмаас Шэньженээс шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй байгаа аж.
Хонгконгийн оршуулгын төвүүдийн ажилчид коронавирусын халдварт өртөж байгаа нь, уламжлалт модон авснуудын хомстол ч мөн ачаалал үүсэхэд нөлөөлж байгаа гэжээ. Их газрын Хятад Хонгконгт өдөрт 250-300 авс нийлүүлж байгаа ба 3-р сарын 14-нөөс 26-ны хооронд нийт 3570 авс нийлүүлжээ.
Хонконгт үйл ажиллагаа явуулдаг шарил чандарлах 6 төв 24 цагаар ажиллаж байгаа ба өдөрт дунджаар 300 шарил чандарлаж байгаа нь цар тахлын өмнөх үеэс ачаалал 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин цогцос хадгалах төвүүдэд 4600 цогцос хадгалагдаж байна.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.