Хятадын хүн амын тоо 1961 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлттэй гарлаа

Twitter Print
2023 оны 01-р сар 18-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын хүн амын тоо 1961 оноос хойш анх удаа буурсан нь тус улсад "хүн амын урвуу өсөлтийн эрин үе" эхэлснийг илтгэж байна.

Хятадад 1.000 хүн тутамд 6.77 төрөлт бүртгэгдэж сүүлийн 60 жилд хүн ам нь анх удаа багасчээ. 2022 онд Хятадын хүн ам 850.000-р цөөрч энэ оны дөрөвдүгээр сар гэхэд Энэтхэгт гүйцэгдэхээр болов. Энэтхэгийн хүн ам нэг тэрбум 411 сая.

Хятад улс “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоо цуцлаад долоон жил болж байгаа ч төрөлт буурч “сөрөг өсөлтийн үе” ирсэн, Хятадын хүн ам 2021 онд 1.412.600 байсан бол 2022 онд 1.411.750 болж буурсан хэмээн Хятадын Үндэсний Статистикийн хороо мэдээлжээ.

Хятадын эрх баригчдын зүгээс сүүлийн жилүүдэд хүн амын өсөлтийг дэмжих бодлогууд хэрэгжүүлж эхэлсэн ч энэ нь хүн ам буурах хандлагыг зогсоож чадсангүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Хятадын Ардын их хурлын Хөдөө аж ахуй, Орон нутгийн асуудлыг хариуцсан хорооны дэд дарга Цай Фанг Хятадын хүн амын тооцоолж байснаас эрт буюу 2022 онд оргилдоо хүрсэн гэдгийг мэдэгджээ.

2021 онд АНУ-д 1.000 хүн тутамд 11.06, Энэтхэгт 16.42 хүүхэд мэндэлжээ. Харин Хятадад энэ үзүүлэлт 7.52. 1976 оноос хойш нас баралт анх удаа төрөлтөөс давжээ. 2021 онд 1.000 хүн тутамд 7.18, 2022 онд 7.37 үхэл бүртгэгджээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар хурдацтай хөгширч буй хүн амаа өсгөхийн тулд иргэдээ олон хүүхэдтэй болохыг уриалсан бодлогуудыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнд хүүхэдтэй айл өрхүүдэд тулгарч буй санхүүгийн болон нийгмийн дарамтуудыг бууруулах, урамшуулал олгож, татварыг бууруулах зэрэг арга хэмжээ багтсан юм.

Тэрчлэн олон жилийн турш "нэг хүүхэд" бодлого баримталж ирсний үр дүнд мөн амьдралын өртөг өндөр байгаа нь иргэд олон хүүхэдтэй болохоос зайлсхийх шалтгаан болжээ. Залуусын ажилгүйдэл нэмэгдсэн, цалин бага хэвээр байгаа нь гэрлэлт, хүүхэдтэй болохыг хойшлуулж төрөлт багасчээ. Ковидын улмаас нас баралт нэмэгдсэн. Хятадад нэг-хүүхэд бодлого байхгүй болсон ч “Илүү хөгжил-цөөн хүүхэд” гэдэг хандлага газар авчээ.

Энэтхэг улс БНХАУ-ыг хүн амын тоогоороо тэргүүлэх хандлагатай байгаа ба 2021 онд л гэхэд БНХАУ-д 1000 хүн тутамд 7.52 төрөлт оногдож байсан бол 2022 онд энэ тоо 6.77 болж буурсан нь тус улсын түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт болоод байна. 2021 онд Хятадад 10.62 сая төрөлт бүртгэгдсэн бол 2022 онд энэ тоо 1 саяаар багассан байна.

 

Түүнээс гадна 2021 онд тус улсад 1000 хүн тутамд 7.18 нас баралт бүртгэгдсэн бол 2022 онд энэ тоо 7.37 болж нэмэгджээ. Цай Фангийн хэлснээр Бээжин нийгэм хамгааллын бодлогоо өөрчилж, ахмад настны асаргаа сувилгаа, өндөр настны тэтгэврийн асуудлыг сайжруулах шаардлагатай аж.

Учир нь эдгээр нь ойрын ирээдүйд Хятадын эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөх нь гарцаагүй гэжээ. Хятадын нийгмийн сүлжээнд иргэд Хятадын хүн ам буурч байгаа явдалд цочирдохгүй байгаагаа илэрхийлжээ.

Интернет хэрэглэгчдийн бичиж байгаагаар иргэд хүүхэд гаргахыг хүсэхгүй байгаа нь орон байр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний өртөг өндөртэй холбоотой аж.

Хятадын хүн амын өөрчлөлтийг судлаач, Висконсин-Мэдисоны их сургуулийн эх барих, эмэгтэйчүүдийн салбарын судлаач И Фусяны хэлснээр Хятадын хүн амын урвуу өсөлт нь Хятадын засгийн газар болон НҮБ-аас тооцоолсноос 10 орчим жилийн өмнөөс эхэлж байна гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.