Наадмын өглөө өгүүлэх нь

Twitter Print
2020 оны 07-р сар 11-нд 08:59 цагт
Мэдээний зураг,

Монгол хүний сэтгэлд маргаашийг дандаа санагдуулж, ирээдүйг ямагт угтан залж байдаг хоёр их ёс төр, хөлгүй их цэнгэл бий.

Сар шинэ гарлаа, наадам маргааш эхэллээ гэхэд сэтгэлийн огтоо хөдлөлгүй, орондоо ноолорч хэвтдэг монгол хүн гэж нэгээхэн ч үгүй. Наадам гэхэд, яагаад бид тэгж өөрсдөө л хүч сорин барилдах гэж байгаа юм шиг, хүлэг морьдоо юу юугүй уралдуулах гэж байгаа юм шиг, эрхий мэргэнээ энэтэй тэртэйд бахдуулах гэж байгаа юм шиг, хашлага сум харшилдуулан хасаа юундаа тасхийтэл буулгах гэж байгаа юм шиг тэгтэл юундаа дэвэлздэг билээ. Таны, миний сэтгэлийг тэгтэл хөөргөж, билэгшээн баясан өндөлзүүлдэг ид шид нь хаахна юундаа оршдог хэрэг вэ?

Монголыг минь, өвгөдийг минь, өв их соёлыг минь мартуулахгүй мөнхлөх, мандуулан цааш хөгжүүлэх эх орон минь, элгэн олон түмэн минь эгнэгт оршин байгаа шүү гэж дэлхийн дэлдгэрт дуулгаж байх аугаа их сүр хүч тоотой хэдхэн зүйлд л өнөөдөр торойж тогтож үлджээ. Тэр бол тэнгэр мэт аугаа их сүр хүчит, эзэн дээд Чингис хаан мөнөөсөө мөн.

Тэр бол хаанахын хэнээс ч ялгарах, давтаж, бас бүтээж эс болох, мянга мянганы тэртээгээс хөглөртөл нүүж ирсэн хөлгөн их түүх, ахуй соёл, ёс заншил аргагүй мөн. Тэр бол хичнээн хоцрогдсон, баларсан, буурайгаар нь цоллон дуудавч, дэлхийн дайдад мөрөө нэгэнт арилшгүйгээр давтан дархлан үлдээсэн нүүдэлчний их нүргээн бас мөн. Тэр бүхэн баяр наадам болгоноор эргэн сэргэж, эрвэлзэн дэрвэлзэж, энэ хараач гэж дэлхийг дуудан мишээж байдаг билээ. Тэгээд ч бид баяр наадам болгоноороо сүр сүлдээ сэргээж, шүншиг дуудлагаа хийж, төр түмнээрээ баясан цэнгэдэг жамтай.

Танай орноос бид нүүдэлчний ахуйг л үзэх гэж ирдэг юм хэмээн хүүрнэсэн, хорвоогоор нэг тэнэж, нүд тайлсан америк өвгөний яриа санаанаас минь ер гардаггүй. Нүүдэлчний ахуй л хэрэв эх орны минь хөрснөөс арилвал, Монгол гэж ялгарах юм ер юу ч үгүй болно. Өнөөгийн энэ ертөнц хэдийгээр биднийг тэгж тойрох аргагүйгээр хүчлэн газарчилж байгаа боловч, тэнгэр тулам өндөр байшин барилга, толгой эргэм хурд хүчтэй техник технологи, газрын хөрсийг эргүүлж хаясан өндөр өндөр хүчин чадалтай уул уурхайд, тонн тонноороо алт эрдэнэс, ер, юу байгаад ч Монголыг минь хаанахын ямар ч орноос ялгаруулж, тодруулж үлдээхгүй, орчлонгийн дагнаасанд аваачаад л нялгадаж орхино.

Монгол наадам... Тэр номин ногоон дэнж, тэр усан мандал дээр үүлэн хээ буугаад ирэв үү гэмээр майхан асар, хүн зон, хүлэг морьд, зодог шуудаг бүсэлсэн хүдэр эрчүүд, нүдэт амьтан эрхбиш эргэж хармаар бүсгүйчүүд, хүүхэд шуухдын цангинаа харахуй, сонсохуйн түмэн жаргалан тэнд л чухам цогцлон бүрддэг. Монголоос минь өөр хаанаас ч тийм зураг хуарыг олж харахгүй, ертөнцийн ямар ч аугаа их зураачийн бийрийн ширхэг бүдүүдэж, өнгөний ялгамж дутуудаж, гарын ур гарцаагүй мухардана. Ямар ч их гоо үзэсгэлэн, ямар ч их эр бяр, ямар ч их нүргээн түрхрээн Монгол наадмын ердөөн л өнгө төдий гоёо.

Баяр наадам тийнхүү хачин баяртай хийгээд цугларах тарахын жамыг өгүүлэх нь бас ч гэж, цаанаа гунигтай. Нөгөө их өнгө жавхаа, хээ хуар, нөгөө их үймсэн аймсан олны хөл, түмний нүргээн, нөгөө олон морьдын төвөргөөн, хүчтний уурхай хааччихив гэж аяндаа хар буухаар, нэг л өдөр хамаг талбай хов хоосорно, хавь орчин хачин эзгүйрнэ, тэрчигээрээ чимээ алдарч, хөлөөр энэхэн тэрхэн далбагнан хийсч, нэлэнхүйдээ нарийн цагаан тоосонд умбаж хоцорно.

Соронзонд татагдсан юм шиг цугларахын учир байхад, шуурганд туугдсан юм шиг тарахын жам бас байдаг юмаа хэмээн тэртээ цаанаас, ихээ холоос тамирдангуй хоолойгоор хэн нэгэн өгүүлэх ч шиг. Монгол ёс, монгол наадам минь л цагийн цагийн саалтанд улирч суларч бүү холдоосой билээ.

Ямар боловч, жил жилийн баяр наадмын нэгэн гайхамшиг нь энэ өдөр ингээд эзгүйрэвч, эргээд нэг өдөр дүүрээд ирэхийн билэг горийг монгол хүний сэтгэлийн мухарт үлдээж өгдөгт ч байж болох л юм. Монгол гэдэг нэгэн нэрийг дархалж, Монгол гэдэг нэгэн нэрийг дуурсгаж, монгол хүн бүрийн хийморь зоригийг сэргээж байдаг Монгол наадам минь мөнхөд оршин байх болтугай.

Д.Чулуунбаатар 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.