
Саудын Арабын Вант Улсын эрх баригчид аялал жуулчлалынхаа салбарыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах зорилгоор өнгөрсөн сараас эхлэн жуулчны виз олгож эхэлсэн юм.
Тэгвэл энэ сард Саудын Арабын эрх баригчид тус улсад аялж буй гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хосуудад зочид буудлын нэг өрөөнд хамт орох боломжийг олгох журмыг санаачилжээ. Саяхныг хүртэл Саудын Арабаар аялж буй гадаадын хосууд зочид буудлын нэг өрөөнд хамт орохын тулд гэрлэсэн гэдгээ батлах бичиг баримтыг үзүүлдэг байсан аж. Түүнчлэн шинэ журмын дагуу ганцаараа аялж буй эмэгтэй жуулчин зочид буудлын өрөө захиалах боломжтой болох гэнэ.
Саудын Арабын эрх баригчид 2030 он гэхэд жилдээ гадаадын болон дотоодын 100 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа ба ингэснээр аялал жуулчлалын салбар нь ДНБ-ий 10 хүртэлх хувийг дангаараа бүрдүүлэх аж. Саудын Арабын Вант Улс археологийн олдворууд, өв соёлоо сурталчлахын зэрэгцээ амралт зугаалгын төв, соёл амралтын хүрээлэнгүүдийн бүтээн байгуулалтанд тэрбум тэрбумаар нь хөрөнгө оруулж байгаа билээ.
Гэсэн хэдий ч тус улсад хүний эрх маш ихээр зөрчигддөг гэх асуудал, түүнчлэн өнгөрсөн жил сэтгүүлч Жамал Хашоггийг Истанбул дахь Саудын Арабын консулын газар хөнөөсөн явдал, Саудын Арабын газрын тосны байгууламж дроны халдлагад өртсөн явдал зэрэг нь тус улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагасаар байгаа билээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.