
ОХУ-ын пуужингийн цохилтонд өртсөн Украин улс шаардлагатай цахилгаан эрчим хүчнийхээ 50 хүрэхгүй хувийг л сэргээгээд байна. Цахилгаан түгээх сүлжээний Укрэнерго компани хамгийн түрүүнд нэн чухал объектуудын цахилгаан эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байгаа ч засварын ажил цаг их авч байгааг онцолжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цахилгаан эрчим хүч болон ундны усны асуудал Украины 15 муж тэр дундаа нийслэл Киев хотод хамгийн хүнд байгаа хэмээн мэдэгдсэн байна.
Украины эрх баригчид өвлийн улирал эхэлж Украин даяар агаарын хэм хасах руу ороод байгаа энэ үед иргэдийн дунд осгож амиа алдах эрсдэл байгааг онцолжээ.
Өнгөрсөн пүрэв гарагийн өглөөний байдлаар Киев хотын нийт айл өрхүүдийн 70 хувь нь тоггүй байсан байна. Киев хотын дарга Виталий Кличко Киев хот тоггүй, усгүй, халаалтгүй болж болзошгүйг үгүйсгэхгүй байгаа гэжээ.
Украины эрх баригчдын мэдээлж байгаагаар мужуудад цахилгаан эрчим хүч, цэвэр усны сүлжээг бага багаар сэргээж эхэлж байгаа аж.
Түүнчлэн Украин даяар өвлийн хүйтнийг давж гарахад туслах 4000 гаруй цэгүүдийг байгуулсан байна. Тэдгээр дулаан асарт иргэд утсаа цэнэглэж, халуун цай эсвэл кофе уух боломжтой аж.
Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещук, "Террорист Орос бидний эсрэг эрчим хүчний дайн эхлүүлж, хүмүүнлэгийн томоохон хэмжээний хямрал үүсгэх зорилт тавиад байна. Бидний хувьд одоогийн нөхцөл байдалд ахмад настнууд, хүүхэдтэй эмэгтэйчүүд, эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийг нэн түрүүнд хамгаалахыг зорьж байна. Манай ард иргэд 120 өдөр буюу энэ өвлийн 3 сарыг л давах хэрэгтэй байна." гэжээ. Түүний хэлж байгаагаар оросууд Херсон хотыг одоог хүртэл бөмбөгдсөөр байгаа ба Украины эрх баригчид хотын иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
ОХУ Украины иргэний чухал ач холбогдол бүхий дэд бүтцүүдийг устгаж байнаа нь дайны гэмт хэрэг хэмээн Украин болон барууны улс орнууд удаа дараа онцолж байгаа билээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Украины эрх баригчид ОХУ-ын тавьсан шаардлагыг биелүүлснээр ард иргэдийнхээ зовлон шаналлыг эцэс болгож чадна хэмээн мэдэгдсэн бол хариуд нь Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк өөрийн Твиттер хуудаснаа, "Гэмгүй тайван хотуудыг пуужингаар бөмбөгдөж байхдаа энх тайвныг уриалж байга нь өөрөө зан үйлийн эмгэгийн хурц хэлбэр юм."
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.