Хүүхдийг хөхнөөс гаргах хамгийн үр дүнтэй арга

Twitter Print
2021 оны 03-р сар 04-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

Та хүүхдээ хөхнөөс бүрэн гаргахад бэлэн байна уу? Заримдаа хөхүүлэх цагийг багасгахад л танд үр дүнтэй санагдаж болно.

Эсвэл ажилдаа эргэж орох, дүүтэй болох, эрүүл мэндийн шалтгаанаас болоод бүрэн гаргах ч шаардлага үүсдэг. Таны хүүхэд нэгээс бага настай бол хөхүүлэхийн оронд угжиж болно. Харин нэгээс дээш настай бол аяганаас шингэн уух зүйл өгөх, тэжээллэг хүнс өгөх эсвэл тоглуулж сатааруулах боломжтой.

Хэрэв хөхнөөс гаргахаар шийдсэн бол та болон таны хүүхдэд аажмаар гаргах нь сайн байдаг. Хэрэв та огцом, гэнэт гаргавал таны хөх өвдөж, үрэвсэл үүсэх аюултай. Таны хүүхдэд ч гэсэн таагүй мэдрэмж төрж, зан араншин өөрчлөгдөх, ууртай уйланхай болох зэргээр эсэргүүцэж хүлээж авдаг.

Нэгээс доош настай хүүхдийг хөхнөөс гаргах

Эхлээд хүүхдийнхээ нэг их сонирхож хөхдөггүй цаг дээр нь хөхүүлэхийн оронд угж өгнө. Таны хүүхэд танаас угж хөхөхгүй байх магадлалтай. Учир нь хүүхэд мээм нь яг хажууд нь байгааг мэдэж байгаа тул өөр хүнээс тусламж хүсээрэй. Мөн таны үнэрийг мэдэхгүй байхаар хол байгаарай. Ингээд нэг хөхүүлдэг цагийг угжаар солиод хэд хоносны дараа ахин нэг хөхүүлдэг үеийг угжаар солино. Өдөрт 2 удаа хөхүүлдэг цагийг угжаар сольж байгаа гэсэн үг. Энэ маягаар давтамжийг нь нэмнэ. Хэрэв хөх нь чинэрвэл саана. Бүрэн суллахгүйгээр чинэрч өвдсөн нь гайгүй болтол саахад болно. Ингээд аажимдаа таны хөх сүү бага үйлвэрлэдэг болно.

Нэгээс дээш насны хүүхдийг хөхнөөс гаргах

Хүүхдийг тэдэн нас хүртэл хөхүүлэх ёстой гэсэн тодорхой хугацаа байдаггүй. Та, болон таны хүүхэд аль аль нь хөхөөр хооллоход дуртай байгаад, дээрээс нь заавал гаргах чухал шалтгаан байхгүй бол хөхнөөс гаргахгүй байж болно. Зарим ээжүүд хүүхэд өөрөө болих хүртэл ч хөхүүлдэг. Том хүүхэд хөхүүлэх нь нялх, нярай хүүхэд хөхүүлэхээс мэдээж өөр байдаг. Эхний ээлжинд өдөр хөхүүлэхээ больж, зөвхөн орой унтахад нь хөхүүлнэ. Учих нь хөхүүл хүүхдүүдэд унтахад нь тусалдаг хамгийн гол зүйл нь мээм нь байдаг. Аажимдаа орой, шөнө хөхүүлэхээ болих хэрэгтэй.

Өдрийн цагийн хөхнөөс гаргах

Хүүхэд асуувал хөхүүлнэ. Харин асуухгүй бол өгөхгүй. Энэ аргыг “битгий өг, битгий татгалз” гэж нэрлэдэг. Хүүхдийг сатааруулна. Цэцэрлэгээс нь аваад шууд гэртээ орохын оронд гадаа тоглох, дэлгүүр орох гэх мэтээр хөхүүлэх боломжгүй газруудад байлгаж, сатааруулна. Гэртээ очсон бол битүү цамц өмсөнө. Аль болох сууж хөхүүлдэг байсан газраа суухгүй байж, хөхүүлэх процессыг сануулахгүй байх хэрэгтэй. Тогтмол хөхүүлдэг цагаар өөр уух зүйл, идэх юм өгөх, тоглуулах, ном унших, дугуй унах, гадаа алхах мэтээр сатааруулна.

Өдөрт 5 удаа хөхүүлдэг бол өдөр ирэх тусам 4, 3, 2, 1 гэж давтамжийг багасгаад зөвхөн орой унтахын өмнө л хөхүүлдэг болно. Аажмаар гаргах нь чухал учраас шууд больж чадахгүй байгаа бол хөхүүлж байхдаа дуу дуулах, эсвэл 20 хүртэл тоолж дуусахад болино шүү гэж хэлээрэй. 

Орой унтахын өмнө болон шөнийн цагаар хөхүүлэхийг болиулах

Өдрийн унтлагын цаг болон орой унтахын өмнө хөхүүлэхээ болих нь хамгийн хэцүү байдаг учраас хамгийн сүүлд хэрэгжүүлдэг.

Хэрэв таны хүүхэд тантай хамт унтдаг бол аавтай нь, ах, эгчтэй нь унтуулаарай.

Унтуулахдаа хөхүүлэхээс өөр арга хэрэглэж эхлэх хэрэгтэй. Тэвэрч алхах, дуулах, бүүвэйлэх гэх мэт байж болно. Хэрэв таны хөхнөөс гаргах явц хэтэрхий хурдан байвал хүүхэд ууртай болох, уйлах, ааштай байх, шөнө олон сэрэх, ээжээс салахгүй байх, хуруу хөхөх, доод уруулаа хөхөх мэтээр илэрдэг. Иймээс аажмаар гаргах нь хамгийн зөв байдаг.

Эх сурвалж: know.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.