Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа

Twitter Print
2013 оны 10-р сар 30-нд 11:24 цагт
Мэдээний зураг,

Гурамсан сургааль

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав
Ачлахын дээдээр аялууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав
Ялахын түрүүнд ялууштай нь
Нойр, залхуу, атаа гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав
Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав
Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав
Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав
Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав
Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав
Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав
Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав

Д.Равжаа

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.