
Буэнос Айрес хотын гудамжнаа цугларсан сая сая хөгжөөн дэмжигчидтэйгээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баяраа тэмдэглэхээр эх орондоо эргэн ирсэн Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийнхан задгай дээвэртэй автобуснаасаа бууж нисдэг тэргэнд суухаас өөр аргагүй байдалд хүрчээ.
Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулагдсан Катар улсаас эх орондоо аваргын цом өвөртлөн ирсэн Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийнхан Аргентины Хөлбөмбөгийн Холбооны байраас Буэнос Айрес хотын төв хүртэл задгай дээвэртэй автобусаар 8 цагийн турш явах ёстой байсан ч аюулгүй байдлын үүднээс уг төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрчээ.
Нийгмийн сүлжээгээр тархсан бичлэгүүдээс хөгжөөн дэмжигчид шигшээ багийнхны сууж явсан автобусны дээвэр лүү үсэрч байгааг мөн автобус гүүрэн доогуур гарах үед нэг хөгжөөн дэмжигч автобуснаас унаж буйг харж болох юм.
Лионель Мессигийн ахалсан Аргентины хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн ням гарагт Францын шигшээ багийг хожиж, ДАШТ-ий цомын эзэн болсны дараа Аргентины засгийн газар 12-р сарын 20-ны мягмар гарагийг бүх нийтийн амралтын өдрөөр зарласан билээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр өнгөрсөн мягмар гарагт Буэнос Айрес хотын гудамжнаа ойролцоогоор 4 сая хүн цугларсан байжээ.
Аргентины шигшээ багийнхны автобусны аялал нийслэл Буэнос Айрес хотын төвд байрлах дурсгалын хөшөө хүрээд зогсох ёстой байсан ч хамгаалалтын алба гудамж талбайд цугларсан хэдэн зуун мянган хөгжөөн дэмжигчдийн баяр ёслол эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй хэмээн үзжээ.
Шигшээ багийн тамирчдыг нисдэг тэргэнд шилжүүлэн суулгасны дараа Аргентины Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Клаудио Фабиан Тапиа, "Аваргын цомын эзэд болсон тамирчдынхаа өмнөөс уучлал хүсэж байна. Маш харамсалтай байна." хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Буэнос-Айрес хотын гудамж талбайд цугларсан олон зуун мянган иргэдийн дийлэнх нь Аргентины шигшээ багийн цагаан цэнхэр өнгийн өмсгөлийг өмссөн байв.
Түүнчлэн хөлбөмбөгийн дэлхийн шилдэг тамирчин гэгддэг, домогт тоглогч, Аргентины шигшээ багийг 1986 оны ДАШТ-ий аварга болоход хөтөлсөн Диего Марадонагийн аварга том хөргийн дэргэд шигшээ багийн ахлагч Лионель Мессигийн хөргийг залжээ.
Аваргын цомын эздээ хүлээж буй хөгжөөн дэмжигчид төрөл бүрийн хөгжмийн зэмсгээр тоглож, гэрлийн шонгууд дээр авиран гарсан байв. Шигшээ багийнхны сууж явсан автобусны араас скүүтэр унан давхиж, явган даган гүйж байлаа.
PSG клубын тоглогч Мессигийн аваргын цом өргөж буй зураг нь 67 сая гаруй лайк авч, инстаграмын хамгийн олон лайктай зураг болжээ.
Аргентин даяараа өнгөрсөн ням гарагаас хойш баяр ёслолын байдалтай байгаа ба Аргентин улс 36 жилийн дараа дахин ДАШТ-ий цомын эзэн болж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(192.82.68.33) 2019-10-21 11:49их хѳѳрхѳн юм
Хариулах