
Шувуу суусан мөчрөө хугарчих вий гэж хэзээ ч айдаггүй. Мөчир нь бат бөхдөө биш мөчир хугарсан ч нисэх далавчиндаа итгэсэндээ тэр гэдэг.
Үүний адилаар хүүхдэд ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ хамгийн үнэт хөрөнгө. Тэгэхээр эцэг эх, асран хамгаалагчид "Хүүхдээ өөртөө итгэлтэй болгохын тулд яах вэ" гэж асуухаасаа урьтаад "Миний хүүхэд яагаад өөртөө итгэлгүй болчихов" гэдэгт хариу олохыг хичээгээрэй.
Хүүхэд хэдийд өөртөө итгэх итгэлгүй болох вэ?
• Хүүхдийнхээ урдуур нь орж бүхнийг хийх
• Бусадтай харьцуулах, жиших
• Алдах бүрт нь буруутгах, шүүмжлэх
• Хийж бүтээж, чадаж буй зүйлийг нь үл хайхран, илүү ихийг хүсэх
• Бусадтай өрсөлдүүлэх, аливаад заавал түрүүлэх, байр эзлэхэд хэт анхаарах
• Урлаг, спортоор бага хичээллүүлэх
• Хүүхэдтэйгээ бага ярилцах, санаа бодлыг нь сонсохгүй байх
• Өөрийнхөө санаа бодлыг хэлэх, эргэцүүлэх, томчуудын өмнөөс сөрөх үед учир шалтгааныг тодруулалгүйгээр зэмлэл өгөх
• Нас, сэтгэхүй, сонирхол, бие бялдрын хөгжилд нь ахадсан ачааллаар шахах
• Хүүхдийнхээ дэргэд хоорондоо үргэлж маргалдах, энэ үедээ хүүхдүүдээс болсон мэт аашлах гэх зэрэг олон шалтгаанаас хүүхдийн өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх чадвар сулардаг байна.
Яг одооноос эцэг эх та хүүхэд бүрийнхээ онцлог, давуу талыг олж харан, байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хийсэн зүйлд нь тохирсон урамшуулал өгч, сайн чаддаг зүйл дээр нь дөрөөлөн чадахгүй зүйлсийг нь ойлгуулаарай.
Г. Төмөрзаяа (Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч)
А. Ууганзаяа (Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн сэтгэл судлаач)
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.