
Камила Валиевагийн хэрэг ба миний бодол
Нөхцөл байдал:
1. Өнгөрсөн онд К.Валиевагийн өгсөн дээжнээс Триметазидин хэмээх хориглосон жагсаалтын S4 бүлэгт багтдаг бүх цаг үед хэрэглэхийг хориглосон бодис гарсан нь нотлогдож
2. Гэвч тамирчин өөрөө зөрчил гаргах үед 16 нас хүрээгүй буюу хамгаалагдсан этгээдэд хамаарна.
3. Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 7.4 заасны дагуу допингийн эсрэг баайгууллага буюу Оросын допингийн эсрэг байгууллага /РУСАДА/ түр түтгэлзүүлэх шийтгэл оноосон.
4. Түр түтгэлзүүлэх шийдвэр нь эрх хасах тухай албан ёсны эцсийн шийдвэр гартал үргэлжлэх ёстой. Гэтэл уг байгууллага шалтгаанаа мэдээлэлгүйгээр шийдвэрээ цуцалж орхиж.
5. Энэ нь ОУОХ нд Оросуудыг допингийн эсрэг дүрмийн зөрчлөө хаацайлсан байж магадгүй гэсэн хар төрүүлчихэв үү дээ
6. ОУОХ Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 13.2 зүйлд заасны дагуу РУСАДА-гийн уг шийдвэрийг давж заалдах өргөдөл гаргаж. Дүрмийн дагуу энэ маргааныг CAS буюу Олон Улсын Спортын Арбитрын Шүүх шийднэ.
Гарц байх болов уу?
1. Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 10.6.1.3 зүйлд зааснаар хамгаалагдсан этгээдээс зөвхөн мансууруулах бодис ангилалд хамаарах бодис илэрсэн бөгөөд түүнийгээ санамсаргүй байдлаар хэрэглэснээ нотолж чадахгүй бол 2 жил хүртэл эрхийг хасах зохицуулалттай. Гэтэл Триметазидин бол энэ ангилалд хамаарахгүй тул шийтгэл оноохгүй байх магадлалтай.
2. Үнэхээр РУСАДА тамирчнаа хамгаалж үндэслэлгүйгээр шийдвэрээ цуцалсныг CAS тогтоовол К.Валиевад ямар ч шанс байхгүй болох магадлалтай.
3. Учир нь түтгэлзүүлэх шийтгэлтэй үед оролцсон аливаа тэмцээний дүнг хүчингүй болгох тухай дүрмийн 10.10 зүйлд заалтын дагуу түүний олипийн наадамд үзүүлсэн амжилтыг хүчингүй болгоно. Гэхдээ л насанд хүрээгүй тамирчны эрхийг хасах дээрхээс өөр зохицуулалт дүрмэнд байхгүй тул “хонгилын үзүүрт гэрэл харагдаад” л байна.
4. Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 11 дүгээр бүлэгт зааснаар энэ нь багийн спорт биш ч ганцаарчилсан спортын багийн төрөл. Одоогийн тохиолдолд багийн нэг л гишүүн допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан тул багийн амжилтыг хүчингүйд тооцох үндэсгүй.
5. Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 8.2 зүйлд заасны дагуу олимпийн наадамд допингийн эсрэг дүрмийн зөрчлийн асуудлыг түргэвчилсэн журмаар шийдэх тул эцсийн шийд Валиевагийн дараагийн тэмцээнээс өмнө шийдвэр гаргах учиртай.
6. Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 20.5.12 зүйл зааснаар хамгаалагдсан этгээд допингийн эсрэг дүрмйн зөрчил гаргасан тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага нь асран хамгаалагч буюу дасгалжуулагч эмч нарын багийг мөрдөн шалгах үүрэгтэй.
Дүгнэлт:
1. Зөвхөн К.Валиевагийн хэргийг авч үвэл шийтгэлгүй өнгөрөх магадлалтай.
2. Даанч ОУОХ-ны олимпийн наадмыг допингийн эсрэг дүрмийн зөрчлөөс ангид байлгах, Оросын Допингийн эсрэг байгууллагын сайн тамирчнаа “аврах” хүсэл нь мөргөлдөж спортын арбитрын шүүхээр маргаанаа таслуулах хэмжээнд хүрч хүндэрчихлээ.
3. Хэрэв ОУОХ заргаа авбал Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 9 дүгээр бүлэгт зааснаар тамирчны үзүүлсэн амжилтыг автоматаар хүчингүй болгож, наадмаас хасна. Алдвал мэдээж алтан охин тэмцээнээ үргэлжлүүлнэ.
Одоо РУСАДА гийн шийдвэр үндэслэлтэй байгаасай, тамирчныхаа төлөө хийсэн алхам нь мөрөөдлийг нь битгий баллаасай л гэж ерөөж, олон улсын спортын арбитрын шийдвэрийг хүлээх үлдлээ.
Цогтсайхан Наранжаргал
ОУ-ын болон Азийн буудлагын холбооны Эмнэлэг, Допингийн эсрэг комиссын гишүүн
PS: Допинг мөн, биш буюу хориглосон жагсаалт
Дэлхийн Допингийн эсрэг дүрэмд заагдсан 11 зөрчлийн нэг болох дээжнээс нь хориглосон бодис илэрсэн тамирчны шинжилгээний хариу допинг мөн, биш энэ чинь зүгээр л эм гэхчлэн талцуулахад хүргэдэг. Ийм маргааны эх болсон допинг гэж юу вэ?
Товчхондоо олон нийтэд байдаг ойлголт шиг допингийн төрлийн бодис, тэр тусмаа хүч чадал оруулдаг допинг гэх "ид шидтэй" тусдаа бодис бүр ч байхгүй.
Спортын ертөнцөд зөвхөн Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас тусгай шинжээчдээр хэлэлцүүлэн жил бүр шинэчлэн баталдаг хориглосон жагсаалт хэмээх бичиг баримт л үйлчилдэг.
Хориглосон жагсаалтанд багтсан бодисуудыг тамирчин хүн хэрэглэхийг хориглодог, шинжилгээний дээжнээс нь илэрвэл хариуцлага хүлээхэд хүрдэг.
Жагсаалтыг бүхэлд нь харвал бүгд анагаах ухаанд янз бүрийн өвчнийг эдгээхэд хэрэглэдэг эмийн бодисууд.
Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг шударга өрсөлдөөнийг хангахын тулд спортын ур чадварыг зохиомлоор нэмэгдүүлэх, тамирчны эрүүл мэндийг хамгаалах, өөрт болон өрсөлдөгчдөө аюултай байдал үүсгэж болох, хэрэглэсэн зүйлээ нууж далдах байдлыг таслах зэрэг олон зорилгоор эмийн бодисуудыг хориглосон жагсаалтанд багтаадаг.
Илүү ойлгомжтой болгохын тулд ихэнх хүний мэддэг, “допинг биш эмийн” цөөн жишээ авъя.
Чихрийн шижин өвчтэй хүнд цусанд дахь чихрийн хэмжээг багасгах зорилгоор хэрэглэдэг инсулин гэдэг бодис хориглосон жагсаалтанд багтдаг. Түүнчлэн манай аварга Батсуурийн шинжилгээнээс гарч байсан, Оросын уран гулгагч Валиевагаас илэрсэн гэх Триметазидин гэдэг эм ч хориглосон жагсаалтаанд ордог. Анагаах ухааны практикт зүрхний цус хомсрол буюу ишеми гэх өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг эм.
Тэгвэл тамирчинд яагаад зүгээр л нэг зүрхний эм хориотой вэ? Инсулин болон триметазидин нь нүүрс усны солилцоонд нөлөөлөх буюу цусан дахь чихрийг задлах үйлчлэл үзүүлдэг. Чихэрийн задралын эцсийн дүнд энерги үүсч, эсүүд энергээр хангагддаг. Эмийн тусламжтайгаар нэмэлт энергитэй болсон тамирчин бусдаасаа илүү хугацаанд ажиллах чадвараа хадгалах нь тодорхой.
Бас нэг жишээ, бөөр, зүрхний өвчин болон бусад өвчний үед шээлгэж,хаван буулгах зорилгоор хэрэглэдэг фуросемид хэмээх эм бас л хориглосон жагсаалтанд байдаг. Яагаад? Нэг талаас жингийн ангилалтай спортын тамирчид богино хугацаанд шээх буюу бие доторх усаа хөөж, шударга бусаар жиндээ орж байна,шээснийхээ "ачаар" жинхэнэ асуудлаа " биеэс зайлуулах" оролдлого хийж байна гэж үздэг. Нөгөө талаас эрүүл хүн фуросемид хэрэглээд байвал бөөрөнд ачаалал үүсч, жинхнээсээ өвчлөх эрсдэлтэй.
Харин манайхны яриад байдаг допинг бол анаболик стероид хэмээгч эр бэлгийн даавраас гаргаж авсан, анагаах ухаанд эр бэлгийн дутуу хөгжилтэй залуус, янз бүрийн шалтганаар энэ гормоны "үйлдвэр" болох төмсгөө гэмтээж, авхуулж эр бэлгийн гормоноо ялгаруулж чадахаа байсан хүмүүсийг эмчлэх зорилгоор хэрэглэдэг. Ийм эмийг эрүүл залуус хэрэглэхээр булчин томорч, ажиллах чадвар нь эмийн тусламжаар ихсэж байгаа гэсэн үг. Удаан хугацаанд хэрэглээд байвал яваандаа эрүүл эрхтэнгүй болох сууриа тавьж байгаагаас ялгаа үгүй.
Тэгэхээр нэгэнт тамирчин л бол хориглосон жагсаалтанд багтсан эм болгоноос татгалзах үүрэгтэй. Шинжилгээнд уг жагсаалтанд багтсан бодис гарсан л бол допингийн эсрэг дүрэм зөрчсөн буюу допинг хэрэглэсэнд тооцогдоно. Энэ чинь зүгээр эм, допинг биш гэж маргах ямар ч хуулийн боломжгүй. Учир нь хориглосон бодисын жагсаалтанд багтдаг бодис бүгд л эм.
Тамирчин эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар хориглосон жагсаалтанд багтсан бодис хэрэглэх нь тэдний эрх. Гэхдээ үүний тулд эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх баталгаа авах ёстой. Энэ нь бас л тусдаа дүрмээр зохицуулдаг өөр асуудал.
Хориглосон бодисын жагсаалт нь нээлттэй эх сурвалж учир хүн бүр интернэтээс, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн вэб хуудаснаас үзэх боломжтой.
Эмийг допинг болголоо хэмээн тамирчнаа хамгаалдаг, мэдлэг сайтай, цөс ихт хөгжөөн дэмжигчид ч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагтай холбогдож, шинжээчдийн багтай ном хаялцаж, үүнийгээ хас гэж саналаа хэлэх эрх ч бас нээлттэй буй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.