
Коронавирусын халдвар авсан Европын хамгийн өндөр настай хүн болох 116 настай Францын гэлэнмаа Андрэ 117 насныхаа төрсөн өдрийн өмнөхөн эдгэжээ. 1944 онд гэлэнмаа болж Андрэ нэр авсан Люсил Рандон өнгөрсөн 1-р сарын 16-нд шинжилгээгээр коронавирусын халдвартай болсоноо мэджээ.
Түүний хэлж байгаагаар түүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ба өөрийгөө халдвар авсан гэдгээ мэдээгүй аж. Түүнийг Францын өмнөд хэсэгт байрлах Тулон хот дахь өндөр настны асрамжийн газарт нь тусгаарласан байсан ба одоо тэрээр бүрэн эдгэрчээ. Андрэ гэлэнмаа харааны бэрхшээлтэй бөгөөд тэргэнцэр ашиглан хөдөлдөг ба тэрээр ирэх пүрэв гарагт болох 117 насны төрсөн өдрөө тэсэн ядан хүлээж буйгаа мэдэгджээ.
Түүний амьдардаг өндөр настны асрамжийн газрын төлөөлөгчийн ярьснаар Андрэ гэлэнмаа коронавирусын халдвар авсанаа мэдээд эрүүл мэндийнхээ тухай бус хооллолт болон өдрийн дэглэмд нь өөрчлөлт орох эсэхийг лавлан асууж, асрамжийн газарт амьдардаг бусад асруулагч нарт санаа нь ихээр зовниж байсан аж. Андрэ гэлэнмаа 1904 оны 2-р сарын 11-нд төрсөн ба Европын хамгийн өндөр настай, дэлхийн 2 дахь хамгийн өндөр настай хүн юм. Тэрээр Францын нэгэн сувагт өгсөн ярилцлагадаа үхэхээс айхгүй байгаа учраас КОВИД-19 өвчнөөс огт айгаагүй хэмээн ярьжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.