Оросын арми Украины зүүн бүс нутаг дахь довтолгоогоо эрчимжүүлжээ

Twitter Print
2023 оны 02-р сар 28-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Донецк мужийн Бахмут хотыг бүслэхээр Украины зүүн бүс нутаг дахь довтолгоогоо үргэлжлүүлсээр байна. Цаг агаар дулаарсантай холбоотойгоор хүндрэл ихээр гарч байгааг Украины тал онцолжээ.

Оросын арми Бахмут хотыг хамгаалж байгаа Украины цэргүүдийн хангамжийг саатуулснаар Украины цэргүүдийг Бахмут хотоос гаргах, бууж өгөхөөс өөр аргагүй байдалд оруулахыг оролдож байгаа ба тус хотыг хяналтанд авах нь ОХУ-ын хувьд томоохон ялалт болох юм.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Бахмут хот болон тус хотын ойр орчмыг хамгаалж буй Украины цэргүүд бол "жинхэнэ баатрууд" хэмээн өнгөрсөн даваа гарагт хэлсэн үгэндээ онцолсон билээ.

Украины зэвсэгт хүчнээс мэдээлснээр Москва Бахмутыг хяналтанд авахаар тулалдаж байгаа цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлж, ойролцоох тосгон суурингуудад цохилт өгч эхэлжээ.

Цаг агаар дулаарсантай холбоотойгоор газар гэсэж, цэргийн хүнд машин техник, танкнууд шаварт суух тохиолдлууд ихээр гарч байгаа аж.

Өнгөрсөн жилийн сүүлээр цэргийн албанд татагдсан олон мянган цэргүүдээр хүчээ "сэлбэсэн" Оросын арми зүүн фронт дахь довтолгоогоо эрчимжүүлээд байна.

Нөгөө талаас Бахмут хотыг эзлэх оросуудын өмнөх оролдлогууд бүтэлгүйтэж байсныг ажиглагчид онцолж байна.

Украины зүүн бүс нутгийн зэвсэгт хүчний төлөөлөгч Сергей Черевати орон нутгийн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Украины арми зүүн фронтоор довтолж буй оросуудын эсрэг бүх хүч чадлаараа тулалдаж байгаа гэсэн бол Москва Бахмутын ойролцоо байрлах Украины зэвсэгт хүчний зэвсгийн агуулахыг устгаж, Америкт үйлдвэрлэсэн пуужингууд, Украины дронуудыг буудан унагасан хэмээн мэдэгджээ.

Украины цэргийн шинжээч Олех Жданов Бахмутын өмнөд зүгийн хэсэг газар л Украины хяналтанд байгаа гэж итгэлтэй хэлж болно, бусад дүүргүүдэд нь нөхцөл байдал хаашаа ч эргэж болзошгүй байгаа хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.