Хий өвчин нь олон сөрөг үр дагавартай

Twitter Print
2021 оны 03-р сар 17-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

Хийн өвчний тухай маш их асууж байгаа тул Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнийн зөвлөгөөг цувралаар хүргэж байна.

Уруу арилгагч хий хошногонд оршоод олгой давсаг, нууцын эрхтэн, гуяны дотор талаар гүйнэ. Дусал, цус, өтгөн, шингэн, сарын тэмдэг зэргийг зохицуулдаг. Энэ хий хямарсан үед эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдах, хаагдах, өвдөлттэй ирэх, мөн бэлгийн үйл ажиллагаа хүртэл алдагддаг. Мөн унгаж чадахгүйгээс болж гэдэс дүүрэх хэвлийн доогуур хатгуулах, өтгөн гарахгүй байх зэрэг зовууриуд илэрдэг.

Таван хий хямарвал тус, тусынх нь шинжийг л илрүүлнэ. Түүнээс гадна билгэ чанарын үүднээсээ хийн ерөнхий шинжүүд гэж бас бий. Тухайлбал, харвалт өгөөгүй мөртөө хөшчихсөн, хөл гар нь атийсан, явж чадахгүй, хөдөлгөөн нь хязгаарлагдчихсан хүмүүс байна. Энэ бол хийн атийх, хөших шинж тэмдэг.

Мөн цээжин биеэр хатгуулна, эхүүн амт амтагдана. Даарч чичирнэ. Халуураагүй мөртөө бие арзайгаад, чичрээд байдаг. Сүүж, бэлхүүс, яс үесээр өвдөнө, эвэршээл ихтэй болж, амархан уурлана, сэтгэл санаа тогтворгүй болно. Баярлаж гомдох, уйлах нь амархан болно, нойрондоо муудна, гэдэс цанхайж дүүрнэ, хөөж хоржигноно. Үүр, үдшийн цагаар хөөстэй цэр их гарна. Ханиад хүрээгүй мөртөө цэр их гардаг нь ийм учиртай. Сэтгэл санаа тавгүй болно. Өвдөлт зүрх, эсвэл ууц, нуруу бэлхүүс, толгой гэд хаа сайгүй мэдрэгдэнэ. Аль нэг газартаа тогтвортой байдаггүй гэсэн үг.

Хий өвчинд турж эцнэ, сэтгэл санаа тогтворгүй, амархан гомдоно. Баас хатах хам шинж ихээр илэрнэ. Өтгөн хатаж хоргол адил гарна. Толгой эргэнэ, тамиргүй болно, нойр муудна, турна. Бие хатангиршина. Аль нэг мөч нь жижигхэн болоод цусны эргэлтгүй болно. Илж хүрэлцэхэд мэдээ муутай болох гэх мэт. Хөл хатангиршвал мэдрэл нь багассаар байгаад суумгай болох тал бий. Гар хөдөлгөөнгүй болж атийж хумигдах зэргээс болж хөгжлийн бэрхшээлтэй болох аюултай.

Бүх бие янгинан, залхуурна, хөшнө. Ийм шинж тэмдэгтэй хүмүүс сүүлийн үед олширч байна.

Эх сурвалж: Манба Дацан Нэгдсэн эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.