
"Суут хүн гэгч мөнхийн хүүхэд" хэмээн 100 гаруй жилийн өмнө Рабиндранат Таагүр хэлсэн. Шинжлэх ухааны суурь онолын нэг харьцангуйн онол бол суут Эйнштейний хүн төрөлхтөнд үлдээсэн түүний бага нас.
А.Эйнштейн арван зургаахан настай байхдаа "Гэрлийн цацрагтай адил хурдаар зэрэгцэн гүйвэл яах бол" гэж гэнэт бодож. Насанд хүрсэн хүний ухаанаар энэ бол хүүхдийн гэнэн томоогүй бодол. Гэтэл энэ нь хүн төрөлхтний хамгийн агуу онолын язгуур болжээ. Ихэнх хүн багынхаа энэ мэт бодлыг бага настайгаа цуг орхидог. Харин Эйнштейн яагаад орхиогүй вэ. Тэр үргэлж хүүхдээрээ байсанд оршино. Ерөөс суу заль гэдэг бага насаа насан туршдаа хадгалж явах чадвар. Хүүхдийн сэтгэлгээ бол хүний ертөнцийн учир шалтгаант сэтгэлгээ бус ЯЗГУУР сэтгэлгээ.
Унаган төрхөөрөө байгаа сэтгэлгээ ч гэж хэлж болно. Хүүхэд сансарын оюуны орноос хүний ертөнцөд ирдэг. Харин хүний ертөнц бол олон зуун жил нийгэмжсэн, хэвшмэл ертөнц. Нийгэмжсэн сэтгэлгээ бол хүний онцгой, язгуур хүсэл эрмэлзлэлийг дарамтлан нийт олныхоор сэтгэхийг шаарддаг. Тогтсон ойлголт, хууль дүрмийн дагуу сэтгэхийг хар нялхаас нь тулгадаг. Энэ хүлээсэнд хараахан хүлүүлээгүй байгаа үедээ хүүхэд үзэгдэл юмсыг өөрийн бие сэтгэл, дахин давтагдашгүй ухаанаар хардаг. Энэ бол язгуур сэтгэлгээ. "Юмсыг тогтсон ойлголтоор бус өөрийн харж байгаагаар зурах нь юу юунаас эрхэм байдаггүй гэж үү" гэж Пабло Пикассо өөрөөсөө байнга асуудаг байсан.
Хүүхэд ухаантай сэцэн цэлмэг юм уу, үнэн зөв харагдах гэж оролддоггүй. Түүний ялгааг ч мэддэггүй. Хүн бодол санаа, үг яриа, үйл хөдлөлөө хянан цагдаад эхэлсэн цагаас хүүхэд наснаасаа хагацдаг. Гэтэл ухаан бодол элдэв хяналт, шахалтгүй чөлөөтэй урсч байх учиртай. Хүүхэд шиг байна гэдэг бол гайхан шагших сэтгэлээ гээхгүй байна гэсэн үг. Орчлон ертөнцийг хүүхдийн нүдээр харж байгаа юм шиг, үзэгдэл юмсыг анх удаа харж буй юм шиг харахын нэр. Энэ бол эрхэмээс эрхэм нь билээ.
Дарма Батбаяр "Бүтээхүйн зүй тогтол" номын хэсгээс...
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.