
Өнгөрсөн мягмар гарагт ОХУ, Украины төлөөлөгчид Туркийн Истанбул хотноо уулзсан ба уулзалтын үеэр ОХУ-ын тал Украины хойд хязгаарт явуулж буй цэргийн ажиллагаагаа багасгана хэмээн мэдэгджээ.
ОХУ Украин руу довтолсноос хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ба ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин ОХУ Украины Киев ба Чернигов хотуудын орчимд явуулж буй цэргийн ажиллагаагаа эрс багасгана хэмээн мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Истанбулд болсон уулзалт эерэг уур амьсгалтай болж өнгөрсөн ч Украин улс цэргийн ажиллагаагаа багасгахгүй гэдгийг онцоллоо.
Түүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар ОХУ-ын үгэнд итгэх бус үйлдлийг нь харах хэрэгтэйг анхааруулахын сацуу Москва бөмбөгдөлт, агаарын цохилтоо багасгана гэсэн нь иргэдийг төөрөгдүүлж, анхаарлыг нь сарниулах гэсэн оролдлого ч байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
ОХУ-ын талаас Украины төлөөлөгчидтэй уулзсан Владимир Мединский ОХУ цэргийн ажиллагаагаа багасгана гэсэн нь ОХУ галаа зогсооно гэсэн үг биш гэдгийг онцлон, хоёр улс зөвшилцөлд хүрэхэд хугацаа шаардлагатай гэжээ.
Истанбулд болсон уулзалтын дараа ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн зарим анги хэсгүүдээ Украины нийслэл Киевээс гаргасан ч үүнийг Оросууд цэргээ бүр мөсөн гаргаж байгаа байна гэж ойлгож болохгүй хэмээн АНУ-ын албаны хүмүүс онцолжээ.
Эх сурвалж: The Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn