Ч.Энхээ: Ичихийн дээдээр ичиж, ард түмнийхээ өмнө малгай авч, өвдөг сөгдөн уучлал гуйж байна

Twitter Print
2020 оны 05-р сар 01-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Сонгуульд нэр дэвшиж байгаа бие даагчдыг хараад нүүр хийх газаргүй боллоо. Бидний хэсэг уран бүтээлч залуус тэртээ 89 онд хэлэлцэж, хөгжлийн замд саад болоод байсан "коммунист үзэл суртал" гэдэг нэг том чулууг сууринаас нь ховхолъё гэж зориглон шийдсэн юмсан.

Их том, хүнд чулуу шиг харагдаад байсан нь, харин ч түлхээд орхисон чинь санасныг бодвол гайгүй өнхөрчихсөндөг. Тэгээд л бид зам саадгүй боллоо гэж баярлаж, "ёоох" хэмээн хөлсөө арчицгааж, санаа амарч, өөрсдийгөө магтаж, найрлаж, цэнгэж байх хоорондоо бидний дэргэд хаанаас гарч ирснийг нь бүү мэд, наалдаж орхисон зарим нөхөд маань нөгөө бул хар чулууг арчлан тордож, улам хүнд, улам том болгоод, "ардчилал" гэсэн пайз зүүгээд, сэмээрхэн тойруу замаар бага багаар өнхрүүлсээр байгаад яг хуучин байран дээр нь буцаагаад тавьчихсныг анзаараагүй өнгөрсөн байх юм.

Уг нь тэр чулууг өнхрүүлэх биш, бүр буталж, няцалж, тоос тортог ч үгүй болгож хаях байж. Гэвч бид тэгсэнгүй, алдаа хийжээ. Энэ алдааг хийсэн буруутнуудын нэг нь би өөрөө яалт ч үгүй мөн. Өнөөгийн бий болоод байгаа авилгажсан төрийг шуналтай, эх оронч биш, адгийн новшнуудын буруугаар бий болсон гэхээс илүүгээр, чухамдаа бидний буруугаас л болсон гэж хэлэх ёстой гэдгийг бид сайн ойлгодог, гашуун ийм үгнүүдийг бидэнд аяга аягаар нь барихад дуугүй л залгилж орхидог.

Хүмүүс намайг бусдадаа ад үзэгдээд албан тушаалд очоогүй гэдэг, тийм биш, надад албан тушаал, шагналын олон санал ирдэг байсан, гэхдээ би чухамдаа энэ ичгүүрээсээ болоод, "Би юу хийсэндээ ийм эрх ямба эдлэх ёстой юм?" гэж өөрөөсөө асуухад хариулт олддоггүй байснаас тэр саналуудын ихэнхийг хүлээж аваагүй гэдгээ шударгаар хэлэх нь зүй. Залуу насны гэнэн, итгэмтгий, романтик гэмээр юм уу, зангаасаа болж, эхэлсэн ажлаа эцэст нь хүргэлгүй дутуу хийснээс болж, өнөөдөр ард түмнийхээ нуруун дээр урьд өмнө байгаагүй ийм их ачаа, доромжлол, ядуурлыг нүүрлүүлчихсэндээ харамсахын дээдээр харамсаж, ичихийн дээдээр ичиж, ард түмнийхээ өмнө малгай авч, өвдөг сөгдөн, уучлал гуйж байна.

Чимэдийн Энхээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.