Ц.Оюунгэрэл: Одоогийн парламентын гишүүдийн өмнөөс ичдэг

Twitter Print
2020 оны 01-р сар 17-нд 17:21 цагт
Мэдээний зураг,
  • Засгийн газар, хот, яамаараа нийлж архитектурын соёлын өвөө нураадаг боллоо. Энэ байдлаа зогсоох хэрэгтэй

  • Одоогоор 200 нүхэн жорлон булаад байна. Энэ бол газар усандаа хийж буй том буян гэж боддог

  • Настнуудын нуруун дээрээс нь өрийн ачааг нь авч хаяж байгааг буруу гэхгүй. Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Яаж "Чингис" бондын өрийг төлөх гэж байгаа юм бол. Ирэх жилээс "Чингис" бондын өр төлж эхэлнэ. Үүний дараа жил 4-5 дахин их өр төлнө шүү дээ. Уг нь бид бүсээ нэлээн чангалж байж энэ их өрийн ард гарах ёстой биз дээ. Энэ улс орон бүсээ сайн чангалж байж өрнийхөө ард гарна гэж үнэнийг хэлэх улс төрч алга байна

“Санхүүгийн хариуцлагагүй байдлыг төр өөхшүүлээд байвал бид саарал жагсаалтаас хэзээ ч гарахгүй, улам л уруудна. Настнуудын нуруун дээрээс өрийн ачааг нь авч хаяж байгааг буруу гэхгүй. Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Яаж “Чингис” бондын өрийг төлөх гэж байгаа юм бол. Ирэх жилээс “Чингис” бондын өр төлж эхэлнэ. Үүний дараа жил 4-5 дахин их өр төлнө шүү дээ. Уг нь бид бүсээ нэлээн чангалж байж энэ их өрийн ард гарах ёстой биз дээ.” хэмээн ярих эгэл, эрхэмсэг хатагтай бол “Нутгийн шийдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Цэдэвдамбын Оюунгэрэл. Тэрбээр улс төрөөс холдсон ч иргэний үүргээ биелүүлсээр яваа нэгэн. Улаанбаатар хотыг хөрсний бохирдлоос салгаж, хойч үеийнхнээ уух устай байлгахын тулд сэтгэл зүтгэлээ зориулж яваа түүнийг энэ удаагийн зочноор урилаа.

-Та “Жорлонгоо өөрчилье” төсөл хэрэгжүүлээд тун завгүй явдаг бололтой. Намынхаа дотоод ажилд хэр оролцож байна вэ?

-Намынхаа дотоод ажилд оролцолгүй хэдэн жил боллоо. Сүүлийн үед олон нийтийг хамарсан төсөлдөө илүү анхаарч ажиллаж байна. 2017 онд олон нийтийг соён гэгээрүүлэх сургалтын төсөл эхлүүлсэн бол одоо бизнесийнхнийг оролцуулж, бодит ажил болгоод явж байна. Хүн харахад байшин барилга шиг том бүтээн байгуулалт биш ч зөөлөн дэд бүтцийг шийдэх өргөн хүрээний төсөл эхлүүлээд жил гаруй боллоо. Өнгөрсөн онд зөөлөн дэд бүтцийн хүрээнд 200 орчим айлыг нүхэн жорлонгоос нь салгалаа. Энэ төсөл олон нийтийг соёлжуулахад том алхам болсон. Энэ жил илүү олон өрхийг хамруулахаар зорьж байна. 

-Орон нутгийн сургуулиудын бие засах газар гадаа байрладаг нь бага ангийн хүүхдүүдэд хэцүү байдаг. Энэ төсөлд орон нутгийнхан хамрагдах боломж бий юу? 

-Төслийн хүрээнд 10 орчим байгууллага нийтийн бие засах газрыг бидний шийдлээр хийсэн. Баянхонгор аймагт хүүхдийн зуслан, сургууль завсардсан хүүхдүүдийн төрийн бус байгууллага гээд хамрагдсан газрууд бий. Хээр хөдөө байгуулсан нэг ажил бүтэлгүйтсэнийг эс тооцвол овоо урагштай байна. Зөвхөн нүхэн жорлонгийн шинэчлэлээр зогсохгүй өвөл, зуны саарал ус цэвэршүүлэх жижиг байгууламжуудыг зах зээлд нэвтрүүлээд байгаа.

Угаадас, шингэн ялгадсаа саарал ус болгон ашиглаж байгаа гэсэн үг. Саарал усны систем, био суултуураас гадна өвлийн дулаалгатай амбаар барьж өгч байна. Ингэснээр иргэд био хэрэглээг өдөр тутамдаа хэвшүүлж сурлаа. Энэ төслийг дагаад шинээр ажлын байр бий болгож байгаа. Тухайлбал, 16 борлуулагч, 20 гаруй бэлтгэн нийлүүлэгч байгууллага орлоготой болсон байна. Олон нийтийг хамарсан үндэсний томоохон баяраар бид био бие засах газрын үйлчилгээ үзүүлдэг боллоо. Хүмүүст хуурай жорлонгийн шинэ соёлыг түгээхийн тулд нэлээд хүч, хөрөнгө зарцуулж байгаа. 

-Таны эхлүүлсэн шинэ соёлын ачаар Улаанбаатар хөрсний бохирдлоос ангижрах байх. Хэр хугацаа зарцуулж байж үр дүнд хүрэх бол?

-Эхлээд “Жорлонгоо өөрчилье” ном бичээд 20 мянган хүнд хүргэхэд өөрчлөлт хийж чадах давлагаа үүснэ гэж тооцоолсон. Энэ талаарх мэдээлэл хүмүүст хүрсний дараа хийж өгдөг компани нь хаана байна гэж сураглаж эхэлсэн. Гэтэл хүмүүсийн худалдан авах чадварт нийцсэн хямд үнэтэй, хялбар цэвэрлэдэг, ашиглалтын зардал багатай био суултуур нийлүүлэх газар олдоогүй. Зах зээлд хамгийн багадаа л хоёр сая төгрөгийн үнэтэй байдаг юм билээ. Тиймээс хүмүүсийн худалдан авах чадварт нийцсэн хямд био суултуур өөрсдөө нийлүүлэх шаардлагатай боллоо. Ингээд “Мини шийдэл” хоршоо байгуулж, элссэн байгууллагууд нь мөнгө босгоод, төлбөрийг иргэдийн худалдан авах чадварт нийцүүлж уян хатан байдлаар буюу лизингээр зохицуулсан.

 Цаашдаа бид тухайн айлын дэд бүтцийг хашаанд нь хямд өртгөөр шийдэж өгөхөөр төлөвлөж байгаа. Энэ бол нэг ёсны иргэдийн захиалга юм. Халаалтыг нь бохирын асуудалтай нь хамт шийдээд өгчихөөр иргэд өөрсдийн өмчийн газар дээрээ тохилог амьдрах хүсэлтэй байна. Иймд хөршүүд нэгдэж чадвал орчин үеийн тохилог байшинг бид барьж өгөх гэж байгаа юм. Олон нийтийн сүлжээнд ч энэ талаар мэдээлэл оруулсан. Үүний дагуу өнөөдөр хоёр эмэгтэй ирж уулзлаа. 10 айл нэгдэн иргэний бүлэг болж, дундаа бохирын асуудлаа шийдэж, зардлаа хөнгөлөөд төлөвлөлтөө хийлгэж болно. Иргэд орон сууцанд орохоор орон зайгаа их алддаг юм байна. Харин хашаандаа ногоогоо тарьж, жижиг аж ахуй эрхлээд явах хүсэлтэй хүмүүсийн хувьд хямд өртгөөр хувийн хаус байгуулах нь хэд дахин хямд тусна. 

-Зарим улс үндэстний хувьд уламжлалт ахуйгаа хадгалж, соёлоо хамгаалахыг илүүд үздэг юм билээ. Монголчуудын хувьд гэрээ орчин үеийн шийдэлтэй болгож, дэд бүтцээ шийдэх нь уламжлалаа хадгалахаас гадна өв соёлоо сурталчлахад тус дөхөмтэй байх болов уу. Таны зөөлөн дэд бүтцийн шийдлийн эцсийн зорилго энэ мөн үү?

-Заавал үнэтэй орон сууц руу тэмүүлж, хэдэн жилээр өртэй амьдрах албагүй л дээ. Үүнийг бага зардлаар шийдэх гарц байна. Үүний нэг нь өнгөрсөн жил туршилтаар хэрэгжүүлсэн дулаан амбаар. Манай төрийн бус байгууллагынхан 10-аад айлыг шалны халаалттай дулаан амбаартай болгосон. Эхнэр нь жирэмсэн залуу гэр бүл гэрийнхээ үүдэнд дулаан амбаар хийлгэж, хуурай жорлон тавиулаад маш тухтай өвөлжиж байна. Энэ амбаарыг хэрхэн хийх талаар зураг төслийг бид цахимаар зааж өгнө. Тэгэхээр гарын дүйтэй хүн бүр хийх боломжтой гэсэн үг.

-Таны дүгнэж буйгаар монголчуудад соёлжих хандлага хэр төлөвшиж байна вэ?

-Хүмүүс соёлжих сонирхол их байна. Нүхэн жорлонгоос хурдан салахыг хүсэж буй нь анзаарагдлаа. Шинэ хэрэглээ нэвтрүүлж, өөрчлөлт хийж чадахгүй байгаа ганц тээг нь төлбөрийн чадвар. Худалдан авах чадварт нь нийцүүлж төлбөрийг нь уян хатан байдлаар шийдээд өгчихөөр хүмүүс дуртай хүлээж авдаг. Миний гол зорилго бол хөрсний бохирдлыг арилгах. Үүний төлөө л энэ ажлыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын гүний ус өтгөн, шингэнээр бохирдоод удвал ирээдүй хойч үе маань уух усгүй болно. Гол түгшиж буй зүйл бол энэ.

Харин Оюунгэрэл гадаадын соёлыг хэн нэгэнд тулгах гээд, бүдүүлэг амьдраад байгаа учраас засах гээд байгаа зүйл огтхон ч биш. Төслийн эцсийн зорилго нь гүний усыг л цэврээр нь хамгаалж үлдэхэд чиглэж байгаа юм. Одоогоор 200 нүхэн жорлон булаад байна. Энэ бол газар усандаа хийж буй том буян гэж боддог. Надад нэг ч төгрөгийн ашиг унаагүй. Харин бизнесийнхэнд туслах платформыг бэлдэж өгч байна.

-Та бас гал тогоог био болгох гэж байгаа гэл үү. Яаж өөрчлөх вэ?

-Био хаягдлуудын хамгийн хэцүүтэй нь бид нүүр тулаад үзчихлээ. Одоо ногоо, жимсний хальсыг цэгцэлж сурмаар байна. Өтгөн ялгадсыг цуглуулж бордоо хийлээ гэхэд ногоон байгууламжийн 10 хувийг ч ногооруулж чадахгүй. Тэгвэл хотын ногоон байгууламжийг бүхэлд нь ногооруулж чадах тийм хаягдал бидэнд байна. Энэ нь ногоо, жимсний хальс. Нийслэлийн бүх айлын ногоо, жимсний хаягдлыг цуглуулж чадвал хотыг бүхэлд нь ногоон болгох боломжтой. Үүний хүрээнд гал тогооны өрөөнд тохирсон савуудыг нийлүүлэх гэж байна. Ногооны хальсыг тусгай савных нь тусламжтайгаар био ялзмаг болгож чадвал гал тогооны хог хаягдал эрс багасна. Гэртээ боловсруулсан био ялзмагаараа цэцгээ бордож болно.

-Та цаашид эдгээр төслийнхөө ажлыг үргэлжүүлэх үү эсвэл улс төрд дахин хүч үзэх үү. УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн сар үлдлээ шүү дээ?

-Бид өнөө жил маш их ажил төлөвлөсөн. Эко хаус барих, био хаягдал цуглуулах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүдийг ажилтай, орлоготой болгохоор зорьж байна. Энэ бүгдийг хийх төлбөрийн системийг хялбар аргаар шийдэх гээд ажил ихтэй байгаа. Иргэний хувиар улс орондоо оруулж буй нэг хувь нэмэр энэ л дээ. Ямарваа нэг байдлаар том өөрчлөлт хийхэд заавал сандал суудал хэрэгтэй гэж бодохгүй байна. 

-Нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Та ССАЖ-ын сайд байхдаа Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж байсан. Харин сая иргэд соёлын өвөө нураалаа гээд хүчтэй эсэргүүцсэнийг та харсан байх. Соёлын өвийн асуудалд та ямар байр суурьтай явдаг вэ? 

-Би яг нураах шийдвэр гаргаагүй. Үзмэр хамгаалах шийдвэрийг бол гаргасан. Уг нь хүчитгэн сайжруулах, нэг хэсгийг нь үлдээж, нөгөөг нь засварлаж болох байсан л даа. Музейн дарга, ажилтнуудыг би ажлаас халаагүй. Тэд ажлаа хийж, үзмэрээ хамгаалаад явах үүрэгтэй. Музейн дарга нь үзмэрээ нүүлгэмээр байна, хамгаалмаар байна гээд орж ирсэн. Тухайн үед комисс гаргаад хөндлөнгөөс хяналт тавьж, үзмэр хамгаалах шийдвэр гаргаж байсан. Тэр үед ямар хүмүүс комисст байсныг мартаж дээ. Ер нь бол архитектурын өвийг хамгаалах бодлого манай улсад байдаггүй юм билээ. Намайг соёлын сайд байхад театр, музейн хүмүүс ирж уулзаад барилга муудлаа, засвар хиймээр байна гэж ярьж байсан. Харин архитектурчид байшин барилгын архитектурын өвийг хамгаалах бодлого боловсруулах шаардлагатай байна гэж хэлж байгаагүй.

Соёлын өвийн талаар хуралд сууж байхад мэргэжилтнүүд Улаанбаатар хотын нураасан барилгуудын зургийг харуулж байсан. Хамгаалах бодлогогүйн гайгаар маш олон архитектурын өвийг нураасан юм билээ. Засгийн газар, хот, яамаараа нийлж архитектурын соёлын өвөө нураадаг боллоо. Энэ байдлаа зогсоох хэрэгтэй. Архитектурын өвийг сүйтгэхгүйгээр байшин болон үзмэрийг хамгаалах талаар ярих цаг болсон байна. Тиймээс УДЭТ-ын архитектурын өвийг хамгаалж, сэргээн засварлах гарцыг хайгаасай гэж бодож байна. Намайг сайд байхад нураасугай гэж хэн ч мөнгө төсөвлөж байгаагүй шүү гэдгийг хэлье. Одоогийн их хурал яагаад нураасугай гэж мөнгө төсөвлөөд байгааг би ойлгохгүй байна. 

-Улстөрч хүний хувьд одоогийн УИХ ямар хэмжээнд ажиллав гэдэгт санал бодлоо хуваалцаж болох уу. Бүрэн эрхийнх нь хугацаа бараг дуусах гэж байна шүү дээ? 

-Хамгийн хар хэл амтай парламент байлаа. Яасан ч их ашиг сонирхлын зөрчилтэй юм бэ. Яасан их ЖДҮ-гийн зээл авдаг юм бэ. Аливаа улсын парламент үлгэр дуурайлалтай ажиллах ёстой биз дээ. Улстөрчид түмний төлөө ажиллаж, олон нийтийн төлөө бие сэтгэлээ зориулах үүрэгтэй. Энэ үүргээ огт биелүүлсэнгүй. Би парламентад байх хугацаандаа өөрийнхөө хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн өөрчлөгдсөнийг харсан. Ном сайн зарагдсан жил миний орлого өссөн байсан. Бусад үед дандаа буурсан. Ямар байшинтай байсан түүнтэйгээ их хурлыг дуусгасан.

Нэг машин бүртгэлтэй байсан. Машингүй болоод парламентаас буусан. Соёлын сайд байхдаа “Наад хувцаснаасаа салаач” гэсэн шүүмжлэл хүртэл сонсож байлаа. Эргээд бодоход хувцсаа шинэчлэлгүй УИХ-аас буусан юм билээ. Гэтэл одоогийн парламентын гишүүдийг харахаар өмнөөс нь ичдэг. УИХ-ын гишүүдийн гэр бүлд очсон мөнгийг ЖДҮ эрхлэгчдэд шударгаар өгсөн бол айл бүрийг био жорлонтой болгох амархан байлаа. Өнгөрсөн хугацаанд би зээл хүртэл авлаа. Заримдаа барьцаанд юмаа тавих ч хэрэг гарч байсан. Нийтдээ тэрбум гаруй төгрөг зарцуулаад байна. Нэг гишүүний авсан мөнгөөр энэ бүхнийг хийх боломж байж шүү дээ. 

-Та эдийн засагч хүний хувьд тэтгэврийн зээл тэглэсэн шийдвэрийн талаар юу хэлэх вэ? 

-Үнэндээ хэлэх ч үг алга. Улс орон маш их өртэй байна. Энэ жилээс “Чингис” бондын өр төлөгдөх гээд байдаг. Саарал жагсаалтад орчихсон байгаа. Энэ жагсаалтаас гарахын тулд маш хариуцлагатай байх шаардлага тулгарч байна. Саарал жагсаалтаасаа хар руу шилжих гээд байгаа юм уу, санхүүгийн хариуцлагагүй гэдгээ дэлхий даяар зарлаж, хэн ч биш болох гээд байгаа юм уу гэдгийг ойлгоход бэрх боллоо. Монголчууд бид дэндүү эрх чөлөөтэй хүмүүс шүү дээ. Дэлхийн аль ч улс оронтой бизнесийн харилцаа тогтоох боломжтой.

Харин үүнд улс орны санхүүгийн хариуцлагагүй байдал саад болж байна. Санхүүгийн хариуцлагагүй байдлыг төр өөхшүүлээд байвал бид саарал жагсаалтаас хэзээ ч гарахгүй, улам л уруудна. Настнуудын нуруун дээрээс өрийн ачааг нь авч хаяж байгааг буруу гэхгүй. Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Яаж “Чингис” бондын өрийг төлөх гэж байгаа юм бол. Ирэх жилээс “Чингис” бондын өр төлж эхэлнэ. Үүний дараа жил 4-5 дахин их өр төлнө шүү дээ. Уг нь бид бүсээ нэлээн чангалж байж энэ их өрийн ард гарах ёстой биз дээ. Энэ улс орон бүсээ сайн чангалж байж өрнийхөө ард гарна гэж үнэнийг хэлэх улстөрч алга байна.

Засгийн газар, парламентын нэг ч гишүүн яагаад үнэнийг хэлж чадахгүй байгаа юм бэ. Хэдий болтол бие биеэ хуурч явсаар хаана очиж бүгдээрээ бүдэрч унах бол гэдэгт л санаа зовж байна. Би бол өөрийн философио л хүмүүст хэлдэг. Бага мөнгөөр амьдарч сур. Бага орлоготой бол түүндээ нийцүүлж өөрчлөлт хийж сур гэж. Бүтээн байгуулалт, дэд бүтэц заавал нүсэр байх албагүй. Дэд бүтцийн өрөнд оролгүй, бага мөнгөөр том асуудлыг шийдэх гарцыг хайх хэрэгтэй. Саарал жагсаалтаас гарах анхны алхам бол хэт үнэтэй соёл иргэншлийг хямд өртгөөр шийдэх юм. Бид галууг дуурайж хөлөө хөлдөөх хэрэггүй шүү дээ. 

-Гадаадад олон жил амьдраад ирсэн залуус эх орноо хөгжихгүй байна гэж бухимдах боллоо. Ойрын 10 жилд манай улсын хөгжил дэвшилд ямар ахиц гарах бол? 

-Хөгжилтэй оронд амьдраад ирсэн залуус улсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй шүү дээ. Үе тэнгийнхээ залуусыг улсаа хөгжүүлэхэд уриал л даа. Би л гэхэд гэр хорооллынхныг шинэ хэрэглээтэй болгох гээд зүтгэж л байна. Нийгэм даяар асуудал болоод байгаа бэлгийн замын халдварт өвчний тархалтыг бууруулахад залуус өөрсдөө гар бие оролцох хэрэгтэй биз дээ. Манай залуус яагаад нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж болдоггүй юм бэ. Залуу хүн байж бүх юманд халаглаад суугаад байж болохгүй биз дээ. Би залуучуудад хандаж, “Зүгээр л ажилла. Уран сэтгэ, алиа хошин аргаар энэ нийгмийг өөрчлөхөд хувь нэмрээ оруул” гэж хэлдэг. Өөрчлөлтөд хүн бүр хувь нэмрээ оруулбал улс орны хөгжинө.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.47.12) 2020-01-19 07:51
      • 0
      • 1

      Өөрөөсөө ичээч соёлын спортын сайд байхдаа аа ангийн хүүхэд ах дүүдээ ста өгсөн нь ичмээр явдал бишүү ядаж урлаг спорт мэддэг бол яахав гэсэн

      Хариулах

    • Зочин

      (112.72.15.187) 2020-01-18 17:18
      • 0
      • 0

      АН гегч цевер хулгайч луйварчидыг бодвол Енё тор, засагт ч хийсен юм ч бмй шуу!!! Ер нь "Ногоон нуден лам" метууд ичиж амьдар!!! Монгол торлос уеийн уед холдсон нь улс орон, ард иргедед ач тустай байх шуу!!!

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.175) 2020-01-17 22:54
      • 0
      • 0

      Батаарыг авчирсан, лениний музей г улсад авсан гавьяатай.

      Хариулах