
Засгийн газрын хэдэн сайдыг хэл ам, хэрүүл шуугиан салахгүй дагаж яршиг чирэгдэл болсоор байхад дээр нь нэмэгдээд жалга, довны үзлийг жанжин шугамаа болгосон эрхмүүд бас л тэдний дундаас тодорч Н.Алтанхуяг сайдын зовлонг нэмчихдэг юм байна. Уг нь бөхчүүд, уяачид л жалга довоороо хуваагдаж, ханцуй дотроо наймаалцдаг байсан бол тэднийг залгаад улстөрчид, эрхэм сайд нар гэдэг айхтар сүрхий жалга, довчид тодрон гарч ирцгээжээ. Нутаг нугаараа талцагчид, жалга довны үзэл ханхлуулагч сайд нарын тэргүүн эгнээнд Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар цохиж яваа аж. Чухамдаа эрхэм гурван сайд тун сайн жалгархсаны үр дүнд Архангай аймгийн Эрдэнэмандал сум шилдгээр тодорч, сумын удирдлагууд нь баярласандаа баахан бархиралдацгаасан сурагтай.
Одоо үед ажил, сургуульд орох, ашиг унацтай тендерийн сонгон шалгаруулалт, адаглаад л мисс хүүхэн шалгаруулах зэрэгт арын хаалгагүй бол урагшаа ганц алхдаггүй болсон цаг билээ. Танилгүй, нөлөөгүй, мөнгөгүй бол төрийн ч, хувийн ч ажил бүтэх нигуургүй болсон нь “Хаанаасаа хаалгач нь” гэдэг үг алхам тутамд амьдралд биелэлээ олж байгаагаас тодорхой харагдана.
Одоо жишээ нь хаа байсан хөдөөний хоёр сумын сайн муу, сайхан муухайг эрхэм сайд нарын “арын хаалга"-аар оруулан шийддэг болж. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 330 сумаас дөрөвхөн сумыг шилдгийн шилдгээр шалгаруулах шийдвэр гаргасан. Тус бүртээ 100 сая төгрөгийн шагнал хүртэх болзолтой энэхүү уралдааныг Засгийн газар 2009 оноос тогтоол гарган зарлаж ирсэн бөгөөд жил бүрийн өдийд шилдгийн шилдгийг сонгон шалгаруулдаг болоод байгаа.
Энэ жилийн тухайд Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал, Ховд аймгийн Үенч сумууд улсын тэргүүний сумаар шалгарч Засаг дарга нарынх нь зарим нь золтой л баярласандаа зүрх нь дэлбэрчихэлгүй хоёр яс салсан дуулдсан. Сумдын Засаг дарга нар магнайгаа хагартал баярласан нь цаанаа нарийн учиртай байж. Эрхэм Засаг дарга нар шагналынхаа мөнгөний 90 хувийг захиран зарцуулах эрхтэй болохоор сумын дарга нар баярласандаа бархиралдахаас ч аргагүй, хөөрхийс. Харин энэ удаагийнх шиг нутгийн, даргын, улс төрийн нөлөөгөөр шилдгээр шалгарсан тохиолдол 2009 оноос хойш гарч байгаагүй гэнэ. Уг нь хангайн бүсээс Хөвсгөлийн Тариалан, Архангайн Эрдэнэмандал сумд шалгараад байж л дээ. Гэтэл Архангай аймгийн Эрдэнэмандал сум тун ч нууцлагаар жигүүр урган нисч эрхэм сайд нарын буянаар шилдгээр тодорчээ. Гэтэл эхэндээ Эрдэнэмандал бус Хөвсгөлийн Тариалан сум бүсээсээ шалгараад байж. Улмаар тус бүсийг хариуцсан албаныхан шилдэг сумаар Тариаланг нэрлэж, холбогдох материалыг нь бүрдүүлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн яалт ч үгүй баримт нь хүртэл байгаа аж.
Гэвч аймаг, бүсээс шалгарсан Тариалан сумын нэр Засгийн газрын ХЭГ-т ирээд нам дарагдаж оронд нь Архангай аймгийн Эрдэнэмандал хаанаас ч юм орж ирээд шалгарчихсан байна. Тэгвэл энэ томоохон будлианыг УИХ-д Архангай аймгаас сонгогдсон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрдэнэмандалын унаган хүү Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд хатагтай Н.Удвал хамтран тарьжээ.
Архангай аймгийн Эрдэнэмандал сум ийм л гурван хүчирхэг дэмжигчдийнхээ ачаар шилдгээр тодорчээ. Харин тус сумын ЗДТГ-ын зүгээс энэ хэл амны хариуд “Манай сум 2013 оны жилийн эцэст 372 мянга 260 толгой буюу хамгийн олон мал тоолуулж, Монгол Улсын хамгийн олон малтай сумаар тодорсон. Энэ үзүүлэлтээрээ шилдэг сумаар шалгарсан” хэмээн тайлбар хийхээ мартаагүй байна лээ. Ийнхүү гурван сайдын хүчирхэг дэмжлэгээр шилдгээр шалгарсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумтай ана мана өрсөлдсөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэд тун ч сэтгэл дундуур байгаа аж.
Түүгээр зогсохгүй ЗГХЭГ-ын холбогдох ажилтнууд ч ямар шалгуураар Эрдэнэмандал сум дүүлээд гараад ирснийг гайхаад учрыг нь олохгүй суугаа дуулдсан. Энэ асуудлаар хангайн бүсийг хариуцан ажилладаг, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Жигжидсүрэн ч Тариалан сумын оронд яагаад Эрдэнэмандал шалгарчихсаныг мэдээгүй гэнэ.
Ганц тодорхой болсон зүйл нь эрхэм гурван сайд Эрдэнэмандалыг онцолж шургуулсан нь цаанаа нарийн учиртай дуулдав. Ирэх жил Эрдэнэмандал сумын 85 жилийн ой болох аж. Тиймээс л эрхэм сайдууд Эрдэнэмандалын 85 жилийн ойд сюрприз барьж, Засгийн газрын болзолт уралдааны шалгаруулалтыг будлиулжээ.
Энэ талаар тодруулж явахдаа шилдэг сумдыг эдийн засаг, нийгэм, хөгжлийн үзүүлэлт бүхий 17 шалгуурыг үндэслэн шалгаруулдгийг мэдсэн юм. Хөвсгөл аймгийн Тариалан сумын хувьд 6000 орчим хүн амтай, 70 гаруй жижиг дунд үйлдвэртэй, энэ жил л гэхэд улсын төсөвт хагас тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлсэн гээд бүхий л болзлыг хангах бүрэн дүүрэн бололцоотой байж. Бас нэг давуу тал нь байнгын эрчим хучтэй, ирэх жил хатуу хучилттай авто замаар холбогдоно гээд бусад сумаас хөгжлийн хувьд хавьгүй илүү юм байна. Гэтэл Архангайн Эрдэнэмандал сум дээрх гурван сайдын увайгүй дэмжлэгийн хүчээр урдуур нь орсонд бухимдсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж асуудлаа шударгаар шийдүүлэхээр хөөцөлдөж эхэлжээ.
Одоо үед зам, барилга, төмөр замын бүтээн байгуулалтын томоохон тендерээс эхлээд шилдэг сумын шалгаруулалтад ч Шадар сайдаас эхлээд Эдийн засгийн хөгжил, тэр ч байтугай Эрүүл мэндийн сайд нар хүртэл ханцуй шамлан идэвхийлэн оролцдог болсон сайхан цаг юмсанжээ.
Д.Энхтүвшин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.