
Австралийн агаарын тээврийн Qantas компани хүний нөөцийн хомстлын улмаас захирлууд, менежерүүдээ зорчигчдын тээшийг хариуцан 3 сар ажиллахыг хүсчээ.
Qantas компанийн үйл ажиллагаа хариуцсан албанаас мэдээлснээр Сидней болон Мельбурны онгоцны буудалд нэмж багадаа 100 хүн ажиллуулах шаардлагатай байгаа ба сайн дураар ажиллаж өгөх хүмүүсийг хайж байгаа гэжээ.
Тээш хариуцсан ажилтан нь зорчигчдын ачаа тээшийг онгоцонд ачих, онгоцноос буулгахаас гадна тээшийг онгоцны буудал дотор зөөдөг машиныг жолоодож явах аж.
Улс орнууд цар тахалтай холбоотой олон сарын турш хаалттай байсан хилээ нээснээр агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа тогтворжуулах гэж хичээж байна.
Qantas компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Колин Хьюз БиБиСи агентлагт бичсэн захидалдаа өвлийн томуу, коронавирусын халдвар зэргийн тархалт, хөдөлмөрийн зах зээлийн хүнд нөхцөл байдалтай холбоотойгоор агаарын тээврийн салбарт хүний нөөцийн асуудал хүнд байгааг онцолжээ
Qantas компанийн захирал, менежерүүд тээш хариуцсан ажилтнаар долоо хоногийн 3-5 өдөрт нь ээлжээр эсвэл өдөртөө 4-6 цаг ажиллах ба тээш хариуцсан ажилтнаар ажиллах хүмүүс нь багадаа 32 кг ачаа өргөх чадалтай байх ёстой гэжээ.
Түүнчлэн Колин Хьюзийн хэлснээр компанийн удирдах ажилтнууд жилийн хамгийн ачаалалтай үеүдэд дээрх байдлаар ажидлаж байсан туршлагатай аж.
Qantas компани хь цар тахлын улмаас их хэмжээний хохирол амссан олон арван компаниудын нэг билээ. Цар тахлын үеэр агаарын тээврийн компаниуд хэдэн мянган ажилчдаа цомхотгоход хүрсэн юм.
Тээш хариуцсан ажилтнуудын хомстлоос үүдэн онгоцны буудлууд дээр зорчигчдын ачаа гацах, бөөгнөрөх асуудал сүүлийн үед их гарах болсон байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.