
Украины Мариуполь боомт хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлэх 3 дахь ажиллагаа энэ баасан гарагт эхэлнэ хэмээн НҮБ-аас мэдээлж байна.
Азовсталь үйлдвэрийн доорх нуувчинд Украины цэргүүдээс гадна 200 орчим энгийн иргэд нуугдаж байгаа ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш уг "тамын нөхцөл байдлаас" иргэдийг гаргахын тулд боломжтой бүгдийг хийх ёстой хэмээн мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зүгээс Азовстальд байрлаж буй Украины цэргүүд бууж өгсөн тохиолдолд Оросын талаас энгийн иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх гарцыг гаргаж өгөхөд бэлэн хэмээн мэдэгдсэн байна. В.Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Мариупольд ялалт байгуулсан хэмээн зарласан ба цэргүүддээ Азовсталь төмөрлөгийн үйлдвэрийг эзлэхийг бус бүсэлж, хамгаалалтанд авахыг үүрэг болгосон гэжээ.
Гэвч ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн тус үйлдвэрийг бөмбөгдсөөр байгаа талаар Украины талаас мэдээлж байна. Хүйтэн дайны үед баригдсан Азовсталь үйлдвэрийн доор цөмийн дэлбэрэлтийн үед нуугдах нуувч, хоорондоо холбоотой газар доорх хонгилууд байдаг ба Украины цэрэг цагдаагийнхан энгийн иргэдийн хамтаар тэдгээр хонгилуудад нуугдаж байгаа аж.
Украины Үндэсний гвардийн "Азов" тусгай ангийн удирдагч Святослав Паламарын мэдэгдсэнээр Азовсталь үйлдвэрийн хэсэгт Оросын цэргүүд нэвтэрч, Украин болон Оросын цэргүүд хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ.
Нөгөө талаас Кремль уг мэдээллийг үгүйсгэж, ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн өнгөрсөн мягмар гарагаас хойш 3 өдрийн турш галаа зогсоох шийдвэрээ дагаж байгаа хэмээн мэдэгджээ.
Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещук иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа энэ баасан гарагийн үд дунд эхэлнэ хэмээн нийгмийн сүлжээндээ бичсэн байна.
Өнгөрсөн ням гарагт Азовсталь үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн ба тэдгээрийн дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байсан бол өнөөдөр тус үйлдвэрт үлдсэн энгийн иргэд дунд 20 гаруй хүүхэд байгаа аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn