
Монгол нутгийн байгаль цаг агаарын онцлогоос шалтгаалж хавар цагт хачиг хэмээх халдварт өвчин тээгч шавьж үр хөврөлөө дуусган гарч ирдэг. Хачгаар дамжин халдварласан өвчлөлийн сэжигтэй тохиолдол хачгийн хөгжлийн үе шатаас хамааран гуравдугаар сарын сүүл үеэс эхлэн бүртгэгдэж эхэлдэг байна. Дэлхий дээр 3000 гаруй хачиг байдгаас Монголд 18 төрлийн 43 зүйлийн хачиг тархаж үүнээс хоёр төрлийн хачиг (Ixodes, Dermacentor) нь хүнд өвчин үүсгэдэг байна.
Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг. Гэвч хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй учир нь бүх хачиг халдвартай байдаггүй аж.
Ойн хачиг (Ixodes) Сэлэнгэ, Булган, Орхон, Хэнтий, Хөвсгөл аймагт тархалттай бөгөөд хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг, Dermacentor хачиг нь Монгол орны ихэнхи нутагт тархан, хачигт риккетсиоз өвчний гол дамжуулагч болдог. Хачигт энцефалит өвчин нь арван аймаг, Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, 27 суманд бүртгэгджээ. Өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинжүүд илэрдэг аж.
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс энэ талаарх зөвлөмжийг хүргэж байна.
- Хачигт энцефалитын голомтот бүс нутагт зорчихоос өмнө хачигт энцефалитын эсрэг вакцины бүрэн тунг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд очиж хийлгэх
- Ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахдаа хачигт хазуулахаас болгоомжилж битүү тод өнгийн хувцас өмсөж, 2-3 цаг тутамд биедээ болон хувцсандаа хачиг ассан эсэхийг шалгаж байх
- Хачигт хазуулсан тохиолдолд хямсаа болон утас ашиглан хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж сугалан авч, хачгийг битүү саванд хийж, ЗӨСҮТ-д өгч шинжлүүлэх
- Хачигт хазуулсан тохиолдолд эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдах
- Хачигт хазуулсаны дараа өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, үе мөч, ууц нуруу өвдөх, бөөлжих, гүйлгэх, тууралт гарах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.