Ж.Батзандан: АТГ өнөөдөр Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлж байна

Twitter Print
2020 оны 05-р сар 11-нд 13:38 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг томилогдмогц 2019 оны дөрөвдүгээр сард авлига, албан тушаалын 23 хэргийг яаралтай шийдвэрлээч гэсэн албан бичиг хүргүүлсэн. Тэд өнөөдөр Улсын ерөнхий прокурортой уулзаж, хэрэг шийдвэрлэх ажлын явцын талаар мэдээлэл авсан байна. Энэ талаар гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Бид нэг жилийн өмнө Улсын ерөнхий прокурорт хандаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан 23 хэргийг хянах хүсэлт гаргасан байна. Прокурор дээрх хэргүүдийг хянаж үзээд, 40 хэрэг болгон задалж, дийлэнх хэрэг шүүхийн шатанд шилжжээ. Өнгөрсөн хугацаанд улсад хохирол учруулсан хэргүүдээс 54 тэрбум төгрөг нөхөн төлөгдсөн гэх мэт нааштай үр дүн гарсан байна.

Тухайлбал ямар хэргүүд шалгагдаж буй талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан тодруулан мэдээлэл өглөө. Тэрбээр "Тавантолгойн ордоос 368 мянган тонн нүүрс алдагдсантай холбоотой хэргийн шинжээчийн дүгнэлт гарчээ. Прокурор зохиогчоор оролцож, төрд учруулсан хохирлоос 54 тэрбум төгрөг барагдуулсан байна. С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хуурамч баримт материал бүрдүүлж Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг хууль бусаар ялласан нь тогтоогдсон. Ийм хууль бус шийдвэр гаргаж, хилсээр хэлмэгдүүлсэн нөхдүүдэд ял оноох шүүх хурал Төв аймгийн шүүхэд тавдугаар сарын 20-нд болно.

Авлигатай тэмцэх газар өнөөдөр Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна. Б.Хурц иргэдийг дээрэмдсэн, заналхийлсан, айлган сүрдүүлсэн гэх хэргийн мөрөөр шалгалт явагдаж байна. Төрийн банкнаас 20 тэрбумыг авсан хүмүүс мөнгөө буцаан төлж, улсыг хохиролгүй болгосон гэсэн мэдээллийг Улсын ерөнхий прокурор өглөө" гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.