2014 оны 05-р сар 08-нд 09:02 цагт

Эргэлзээ тайлагдлаа

Мэдээний зураг,

Хүлээлт дууслаа. Хүлээс ч тайлагдлаа. Улс төрд үүсээд байсан олон асуудалд Ерөнхийлөгч ямар тайлбар өгөх бол гэсэн ард түмний хүлээлт ариллаа. Тод­руулбал, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй гэх заалтыг тусгасан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлээд байгаа. Улс төрийн намууд ч уг асуудлаар талцаж, нам дотроо хуваагдаж, хуулийн төслийг энэ оны долдугаар сарын 1-нээс, 2016 оны долдугаар сараас хэрэгжүүлэх ёстой хэмээн маргалдаж эхэлсэн юм. 

Эрх баригч, сөрөг хүчин, гуравдагч хүчний улстөржих том сэдэв болж зарим нь бүлгээсээ гарч, зарим нэг нь намаасаа хөөгдөх шалтгаан болж байгаа энэ хуулийг санаачилсан Ерөнхийлөгч эгүүлэн татах уу, хориг тавих болов уу, эсвэл намын гишүүдээ хаацайлахгүй тэр чигээр нь зүтгүүлэх болов уу гэдэг хүлээлт нийгэмд үүсээд байсан юм. Тэр хүлээлтийн хариуг Ерөнхийлөгч өнгөрөгч бямба гарагт UBS телевизийн “Кофе юу, цай юу” нэвтрүүлэгт оролцохдоо өглөө. 

Дан давхар дээл, Оюутолгой, Тавантолгой, Х.Тэмүүжингийн шинэчлэл зөв үү гэх мэт ард түмнийхээ хүлээсэн бүх асуудалд хариулт өгч, ёстой л дотрыг нь уужиртал, одоо юу хүлээх вэ Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсчихлоо, эргэлзээ тайлагдлаа гэж хэлтэл нь тодорхой хариулт өгчихлөө. Эв нэгдлийг хангадаг гэдгээ ч энд хөндсөн олон асуудалд голыг нь олсон хариулт өгснөөрөө харуулж чадсан юм. Ерөнхийлөгч санаагаа маш тодорхой илэрхийлсэн. Нэг зүйлийг дутуу хэлчихлээ дээ гэж санаа алдахааргүй болтол нь хариулт өгч чадсан гэж дүгнэхэд буруудах юмгүй. Тухайлбал, “Давхар дээл”-ийг тайлуулах талаар Ерөнхийлөгч хэлэхдээ “Дөнгөж хөл нь усанд хүрэхэд ямар их сандарч байна аа, энэ хүмүүс. Цаашаа хариуцлагын маш олон хууль орж ирнэ. Миний оруулсан хууль Засгийн газрыг огцруулах асуудал болоод хувирчихлаа.

Энэ чинь шал өөр асуудал. Хуулийн хугацааг би 2016 оны долдугаар сарын 1-нээс гэж санаандгүй хэлээгүй. Хуулийн хугацааг тулгачихаар баталдаггүй. Хугацааг наашлуулчих юм бол би хориг тавина аа гэж хэлсэн. Маш тодорхой шүү. 2016 он хүртэл гишүүд өөрсдийгөө бэлтгэг. Би сайд болно, гишүүн болно гэж бэлтгэг. Ер нь цаашдаа сав саванд нь оруулъя. Дээл, дээлээ л өмсөг. Фракцийн дүрэмд орчихсон бие биеэ барьцаалсан, 17 нь азаргалсан байдлаар явуулахгүй. Хуулиа эргүүлэн татаад үр дүн гарахгүй. Одоо л шийдмээр байна” хэмээн ярилаа. 

Мэдээж Ерөнхийлөгч хуулиа эргүүлж татахгүй, харин хугацаагаар оролдвол хориг тавина шүү гэдгээ хэлчихлээ. Улстөрчид, улс төрийн намууд ч энэ асуудлаар улстөржөөд хол явахгүй нь ээ. Ерөнхий сайдыг улс төрийн, эдийн засгийн удирдлагыг гартаа ав гэдгийг хэлсэн гэдэг үг бүх шийдвэрээ чи гарга. Улс төрийг тогтвортой байлга гэсэн итгэл гэж харахаас өөр аргагүй. Улс төрийн тогвортой байдлыг л хүсч байгаа, Н.Алтанхуяг сайд энэ бүхнийг гартаа атгаад явж чадна гэж харж байгаа ч Засгийн газарт хариуцлага алдсан учраас Н.Батбаяр нарын сайдуудтай хариуцлага ярих ёстой гэж харжээ. Нийгмийн хүлээлтийг ч зөв олж харсан бололтой. Ерөнхийлөгчийн хэлснээр Засгийн газар улс орноо хөгжүүлэх, хямралаас гарах  гарцаа эрчимжүүлэх, үүний тулд салбарынхаа ажлыг хийж чадахгүй байгаа зарим сайдуудтайгаа хариуцлага тооцох замаар ажлаа хийх хэрэгтэй болжээ. Н.Алтанхуяг сайд төрийг тогтвортой байлгаж чадах эсэхийг хүлээх л үлдлээ. 

Ажлаа хийж чадахгүй байгаа, Монголд гай болж байгаа нэр заагаад хэлчихсэн гурван сайдыгаа чихнээс нь татаж оруулж ирээд хариуцлага ярих уу гэдгийг харж байя. Дараагийн хүлээлт үүсгэсэн асуудал бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлыг хэр­хэн хүлээж авсан бол гэдэг байв. Ерөнхийлөгч “Х.Тэмүүжин алдаа гаргасан. Тэр алдаагаа засч чадна гэдэгт итгэж байна” гэх учир битүүлэг жиргээгээрээ юу хэлэх гэсэн бэ гэдгээ ч энэ үеэр ярьсан юм. Хууль шүүхийн салбарын ши­нэчлэл бол Х.Тэ­мүүжин сайд, Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж хоёрыг нэг цэгт уул­зуулж байгаа ганц зорилго. Зо­рил­гынхоо төлөө энэ хоёр хүн тууш­тай тэмцэнэ, зорилгоосоо юу ч болж байсан ухрахгүй гэж ард түмнийхээ өмнө амлаж бай­сан. Харин тэр амлалтыг нь биелүүлэх нэг жигүүрээ ху­галахгүй гэдгээ ч тодорхой илэр­хийлчихлээ. 

Өөр юу хэ­рэг­­тэй гэж. Хууль шүүхийн сал­­барын шинэчлэлийг хүсч бай­гаа, эв нэгдлийг хангагч Ерөн­хийлөгчийн байр суурь тодорхой, цаашдаа ч хувирах­гүй юм байна. Төрийн тэр­гүүний үгийг л ард түмэн хү­лээж байсан. Яагаад гэвэл энэ хоёр хүн шинэчлэл гэж ярьж, ши­нэчлэлийн төлөө дуугарсан учраас. Ерөнхийлөгч, Х.Тэмүү­жин хувь хүнийхээ хувьд алдаа гар­гаж болох ч тэр алдаагаа засч чадна гэж итгэдэг гэдгээ хэлж байна. Ерөнхийлөгч “Бид хууль шүүхийн шинэчлэлээс алхам ч ухрахгүй. Энэ Засгийн газ­рын эхэлж огцруулах сайд Х.Тэмүүжин биш” гээд хэл­чихлээ. Х.Тэмүүжин бол үнэт зүйлтэй залуу хүн гэдгийг хүлээн зөвшөөрлөө. 

Тэрбээр “Сайн улстөрч болохын тулд есөн шид нь бүрэлдэх ёстой гэж би хэлдэг. Тэр бол үнэлэмжтэй учраас нэг шид нь бүрдсэн. Бас харилцаа гэдэг бол бас нэг шид. Харилцаандаа анхаарах ёстой. Ухрах зүйл байгаа бол ухрах хэрэгтэй. Дандаа 100 хувь гэж байхгүй. 40 нь тэдний зөв байхад 60 нь Х.Тэмүүжингийн зөв л байдаг. Хуулийн шинэчлэл хийнэ гэдэг амаргүй. Шинэчлэл дээр алдаа гардаг. Гэхдээ тэр алдаагаа засчих юм бол цаашаа явна. Тэр Монголын хөгжилд гай болоогүй. Хууль зүйн салбарын шинэчлэлд ч гай болоогүй. Алдаагаа засахгүй яваад байсан учраас л ноцтой гэсэн юм. Гэхдээ тэндээс сургамж авч чадах хүн бол Х.Тэмүүжин. Одоо УИХ-ын чуулганаар маш чухал хуулийн төсөл орж ирэх гэж байна. Маш том хууль. Гэмт хэргийн тухай хууль. Энэ бол хүн бүхний хувь заяанд нөлөөлнө. Бүх хүмүүсийн амьдралд нөлөөлөх хууль. Хууль шүүхийн шинэчлэл одоо жинхэнэ утгаараа хүний амьдрал руу орно. 

Х.Тэмүүжин зөв зүйлийн төлөө зорьж байгаа. Х.Тэмүүжинг зайлуулах асуудал яригдвал чи эхлээд явна шүү гэж би Б.Билэгтэд хэлсэн” хэмээн ярьсан юм. Огцруулах асуудлыг дөнгөж өргөн ба­рихад нь л “Огцруулахгүй ээ. Хамгаална. Бид хамгаалж бай­гаад хууль шүүхийн шинэчлэлээ хийнэ” гэдгээ хэлж байжээ. Эх­нээсээ л тодорхой байсан байр суурь, нэг зорилгын тө­лөө зүтгэж яваа, улс төрд биш ард түмэнд хэрэгтэй залуу сай­дыг огцруулахгүй гэдэг бол Ерөн­хийлөгч, хууль шүүхийн сал­барын шинэчлэлийн тө­лөө явж байгаа хүмүүс, тэр дундаа шинэчлэлийг хам­гийн ихээр хүсч байгаа ард түм­ний зорилго юм байна. Олон ч хүний эргэлзээг энэ ярилц­лага тайлсан. Ард түмэн Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байсан юм байна. Нээрээ ч алдчихсан юм болов уу. Тэр ноцтой алдаа гэдэг нь юу юм бол. 

Нэг зорилгын төлөө явж байгаа хоёр хүний нэг нь үнэхээр алдчихав уу гэсэн эргэлзээ, хүлээс тэднийг зангилж байсан ч одоо Х.Тэмүүжингээр оролдож байгаа нөхдүүд хэн нэгний захиалгаар гэдгийг ойлгож, зөв буруу ойлголтоо цэгцэлж чадлаа. Энэ л том амжилт. Цааш­лаад Х.Тэмүүжингийн зөв гэдгийг намынх нь жирийн ги­шүүд ч хүлээн зөвшөөрч эхэл­жээ. АН-ын Гүйцэтгэх зөв­лөл хуралдаж, УИХ дахь на­мын бүл­гийн гишүүддээ Х.Тэмүү­жинг хамгаалах ёстой гэдэг чиг­лэл өгчээ. АН-ын гишүүд хэн нэгэн эрхтэн дархтан албан ту­шаалтан, хувийн эрх ашигт бус намын жирийн гишүүд, ард тү­мэндээ үйлчилж чадах эсэх нь энэ пүрэв гарагт харагдах нь. Шинэчлэлийг ухраах уу, урагш­луулах уу, гишүүд ээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.