Д.Нанзаддорж: Богд уулын арын хурдны зам наадмаас өмнө ашиглалтад орно

Twitter Print
2014 оны 05-р сар 08-нд 08:34 цагт
Мэдээний зураг,

НАЗГ-ын дарга Д.Нанзаддоржийн мэдээллээс тоймлон хүргэж байна. “НИТХ-аас гарсан тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүднээс НАЗГ-аас дэс дараатай төлөвлөгөө гаргаж 2014 онд Улаанбаатар хотод хийгдэх авто замын ажлыг цаг хугацаанд нь, хамгийн гол нь чанартай гүйцэтгүүлэхээр замын компаниудтай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ жил хийгдэх томоохон ажлуудаас тоймлон дурдвал Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам шинээр барих ажил он дамжин үргэлжилж байна. Нийт замын уртад далангийн үе, хөлдөлтөөс хамгаалах үеүд, буталсан чулуун суурийн ажил хийгдэнэ. Энэ оны 8 сарын 01-нд хүлээлгэж өгөх гэрээтэй энэ замыг баяр наадмаас өмнө хүлээж авахаар гүйцэтгэгч компанитай харилцан тохиролцоод ажиллаж байгаа.

Энэ жил нийслэлийн хэмжээнд 54,9 км замыг өргөтгөн шинэчилж, 40,4 км зам шинээр барих юм. Замын өргөтгөл шинэчлэлийн ажлууд 4 сарын дундаас эхэлсэн. Одоогоор Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил,  Гурвалжингийн гүүрээс ТЭЦ-3 явах чиглэлд Дунд голын доод гүүрийн засварын ажил, Хувьсгалчдын гудамж буюу телевизийн эцсээс Баянхошуу чиглэлийн 4.6 км авто замын  өргөтгөл, шинэчлэлийн ажил, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам шинээр барих ажил,  Яармагийн гүүрийн баруун талд барьсан түр гүүрийн холбоос хоёр талын 0.5 км замын ажил, Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км, Сэлхийн зуслангийн 4.5 км зам барих ажил болон Нисэхийн 13.7 км, Био-Шувуу чиглэлийн 22.5 км авто зам, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Улиастай чиглэлийн 6 км авто замуудын ажил графикт төлөвлөгөөний дагуу эхэлж, хэвийн үргэлжилж байна.   

Гурвалжингийн гүүрээс ТЭЦ-3 явах чиглэлд байршилтай Дунд голын доод гүүрийг  1975 онд анх барьсан бөөгөөд энэ гүүрийн баруун талд өнгөрөгч 2013 онд шинэ гүүр барьж байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн. Манайх “ЗМЗ” ХХК-тай гэрээ байгуулсаны үндсэн дээр тус компани хуучин гүүрийг засварлаж 7 сарын 10-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа. Замын ажлын явцад гүүрийн тулах хэсгүүдийг өргөж засах диафрагмм шинээр нэмж хийх, завсарын бетон, тэгшилгээний бетон, компенсатор, явган хүний зам, дугуй цохигч, гүүрийн хайс, хучилт зэрэг ажлууд хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар завсрын бетон, дам нурууг засварлаж, гүүрэн доор ригелээс дээшхи тулгуурын засварын ажлуудыг гүйцэтгээд байгаа.

Хувьсгалчдын гудамж буюу телевизийн эцсээс Баянхошуу чиглэлийн 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр “Экспресс зам” ХХК-ийн замчид ажлаа эрт эхлүүлсэн. Замын зурваст 200 гаруй объект, үүнээс 78 айлын хашаа, байшин, дэлгүүр зэрэг объект орсон учраас нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэдэгдэл хүргүүлж, замын зурвасыг чөлөөлж эхэлсэн ч энэ ажил графикийн дагуу хийгдэхгүй замчдыг багагүй бухимдуулж байгаа. Өнөөдрийн байдлаар тэнд 5 хиймэл байгууламжийн ажил эхэлсэн ба  2014 оны 10 сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм.

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам шинээр барих ажил он дамжин үргэлжилж байгааг дээр дурдсан. Энэ ажлыг хийж байгаа "ЭСТО" ХХК ажлаа 3 дугаар сард эхэлж, Зайсангийн хойд гүүрийг шинэчлэх, төмөр замтай огтлолцсон гүүр барих зэрэг ажлууд дуусах шатандаа явж байгаа. Энэ зам хурдны зам учир нийт замын уртад далангийн үе, хөлдөлтөөс хамгаалах үеүд, буталсан чулуун суурийн ажил хийх ёстой.  Энэ оны 8 сарын 01-нд хүлээлгэж өгөх гэрээтэй энэ замыг баяр наадмаас өмнө дуусгахаар “ЭСТО” ХХК-ны ажилчид хоёр ээлжээр, цаг нартай уралдан ажиллаж байгаа. 

Ер нь энэ онд Улаанбаатарт хийгдэх замын ажлын санхүүжилт хэвийн байгаа тул төлөвлөгөөт ажлууд цаг хугацаандаа хийгдэж дуусна” гэдгийг НАЗГ-ын дарга Д.Нанзаддорж онцлон тэмдэглэсэн юм.

Д.Энхтүвшин

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.