
Тийм ээ, ийм нам байдаг. Гишүүнчлэлгүй болохоор мандат өргөмөр болдог уйтгарт хуралгүй, дарга удирдагчгүй болохоор хор найруулах балмад улс төрөөс ангид энэ намд эх орны маань бусад намын шилдэг сэхээтнүүд, оюутан залуус, ажилчин, малчид өөрсдөө ч мэдэлгүй, нэгддэг юм.
Энэ намд номенклатурчлал үгүй гэдгээр энэ нам бусдаас хүчтэй. Хуучин нийгмийн гажуудлыг давтахгүйн төлөө, хүнд суртал, авлига, улс төрийн янханчлалын эсрэг энэ нам тэмцдэг билээ. Ийм нам хаа байна аа?
Намгүй хүнийг ангийн дайсан мэт үздэг, оочер дарааллаас хасдаг үе байсан. Намд элсээгүйгээрээ “удирдлагагүй”, тийм
болохоор “найдваргүй” этгээд гэсэн хардлага дагаастай хэчнээн хүн байлаа? Магадгүй, тийм л хүмүүс цаг үеийнхээ хүнд хүчир бүхнийг үүрэн гарсан ч билүү хэн мэдэхэв. Өдрийн сонины сэтгүүлч, Аюуш баатрын тухай өр өвдөм үнэн түүхийг олж бичсэнийг үзсэн.
Сурах бичгээс, Сэнгээ зохиолчийн номоос бидний мэддэг МАХН-ын гишүүн Аюуш, жинхэнэ Аюуш биш ажээ. Айлын өргөмөл нэртэй ч нүд үзүүрлэгдэн зарцлагдсан Аюуш цэрэгт явахаас аргагүйд хүрч, харин хожмоо баатар болсных нь шагнал, төрийн халамжийг мөнөөх цэвдэг эцэг, эх нь жишим ч үгүй хүртэх болсон тухай товчхон түүх байдаг юм байна. Баатарлагаар тулалдаж эрсэдсэн түүнийг МАХН-д шууд элсүүлжээ. Япончуудын суманд сэгчүүлэн шороонд булуулсан залуу хүү дахиад намын худал суртал дор үнэн түүхээ булуулсаар өдий үетэй золгосон байна.
Хүнд суртал, ширээ сандлын донгоор хөдөлдөг намын гишүүд ард түмнийхээ эсрэг үйлдэл хийдэг, харин огт намгүй ядуу зарц Аюуш шиг хүмүүсийг сэтгэл, ухамсар нь удирдах тул түүхэн гавьяаг байгуулах нь түгээмэл байдаг. Ямар ч эрх үүрэг тулган хүлээлгээгүй цагт, хүн хүнээрээ байж, ард түмнийхээ талд, ард түмнийхээ энэ намд харьяалагдана. Тэгэхээр намтай байх үгүй нь хүний үзүүлэлт биш аж. Намын гишүүний батлах ч хүний сайн муухайг, шинэ, эсвэл хоцрогдсон сэтгэлгээтэйг илэрхийлж огт чадахгүй ээ. Намын гишүүн биш Нацагдорж эх орныхоо тухай, ямар ч тэргүүний намын гишүүнээс нь илүүгээр бичээгүй гэж үү?
Тухайн нийгэмдээ сэтгэлгээний дэвшлийг шүлгээрээ бий болгосныг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Гучаад
оны дундуур манай цэрэг армийг хиаруулах шахсан онц халдварт өвчний голомт руу мэдсээр байж, оросуудыг даган орсон найман монгол эмчийн хэн нь ч намын гишүүн биш байжээ. Тэднийг намын даалгавар биш, эмчийн тангараг нь, хүнлэг сэтгэл нь тийш түлхсэнд эргэлзэхгүй байна. Гараар нь улсын төсвийн тэрбум тэрбум төгрөг урсдаг ч хувьдаа сохор зоос завшаагүй, даруухан цалинтай нягтлан бодогч өвгөн, өөрийнх нь хүүхэд өмсөж зүүхээр гундуухан явахад улсын олон хүүхдэд ном заан сурах бичиг шагайдаг багш бүсгүй, мэс заслын ширээний нүдэнд “набор, архи”-наас өөр “авлигагүй” цэвэр гарт эмч гээд олон хүнийг намын даалгавар биш, харин хүнийхээ хувьд хүлээсэн үүрэг нь чангаан торгоодоггүй гэж үү?
Ийм улсаас ч энэ нам бас бүрддэг. Малчдаа, хамгийн нам бус явж ирсэн малчдаа мартчихлаа байна. Монгол Улс “элгээрээ хэвтчих” шахсан ерээд онд тэднийхээ зүдэрч өсгөсөн хэдэн малын буянаар л турж үхэлгүй өндийсөн хүн бүхэн намын гавьяа гэхээсээ малчдын гавьяаг хэлэх байх. “Малаа яаж маллахыг марксизмаар заалгаагүй”-дээ л малчид маань Монгол Улсын эдийн засагт үнэмлэхүй хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Ноос, ноолуурын үнэ, махны үнийн интервенциэр сонгуулийн дүнг барьцаалдаг намуудын алинд ч малчин гишүүн дуу хоолойгоо өргөөгүй л байна. Тэгэх ч албагүй.
Ингэхээр, хамгийн бодитой улс төрийн хүч бол дарга нар нь тамгаа булаалдан муур хулгана болдог намууд биш, нам бусчуудын өргөн эгнээг бэхжүүлэгч ард түмэн юм. Ард түмэн маань намуудад талцан хуваагдсан, ахмад залуу үеэрээ ялгарсан гажиг тогтолцооноос одоо л салж, дахин хуваарилалт явагдаж байна. Төр бол ганцхан нам биш, нам бол төр биш гэсэн эрүүл үзэл нийгмийн сэтгэл зүйг байлдан дагуулж эхэллээ. Намууд ч гишүүдийнхээ жинхэнэ тоог зоригтой гаргах цаг ирлээ. Намуудын жинхэнэ дүр тодорч, хүмүүс эрх чөлөөтэйгөөр сонголтоо хийж, намаасаа юуг шаардах ёстойг мэдэж, ардчилалд ид суралцаж байна. Намынхаа увайгүй үйлдлүүдэд дургүйцсэн, намаа шинэчлэхээр тэмцэж уриалсан, намыг дөнгөж байгуулан гэрчилгээг нь гардан авсан жишээ бүхэн нь бидний ардчиллын ололт юм аа.
Нам бусчуудын нам гэж бий. Энэ бол нам бүрээс цугладаг, эрүүл сэтгэлгээний уулзвар юм. Нам бусчуудын намын итгэл үнэмшил, уур бухимдал, горь найдлага бүхний илрэлээс сонгуулийн дүн, улс төрийн нүүр царай ямар байх нь шалтгаалдаг. Түүний гол дайсан хэн бэ? Намуудад талцаж номенклатурт идэгдсэн удирдагчид нь бөгөөд энэ удирдагчдынхаа өөдөөс сөрж чадахгүй байгаа хүлцэнгүй араншин нь юм.
Хуучин нийгмээ санагалзсан санаа алдалтууд ч аанай л сонсогдсоор байгааг та мэдэрдэг үү? Нүүдэлчин дайнчын удам, дураараа монголчуудыг базаж атгах нэг нударгыг, хагас колонийн дэглэмийг, тоталитар нийгмийг дахин үгүйлэх нь, нам бусчуудыг айлгаж байна. Хүчтэй лидер хэрэгтэй юм гэнэ. Энэ гэнэн сэтгэхүй дээр өнөөг хүртэл тоглож буй нам бол “төрийн
авлигадаа” гаршсан, орос дэлгүүр, тусгай хангамж, үнэгүй орон сууц, тусгай машин, онгоц, галт тэрэг, сургуулийн хуваарьт
амташсан, төр байх дуртай, албан тушаалтны нам юм. Идеалист-большевикуудаа, Сүх жанжнаасаа эхлүүлэн энэ нам алгуурхан устгаж, оронд нь хэнийг ч худалдахаас буцахгүй түшмэдүүдийн бялдууч хүрээллийг бий болгосон. Ингэж шинэ цагийн мафи-намын номенклатурын язгуур үүссэн юм.
Өнөөдөр бизнес, улс төр хоёр нэг хөнжилд орж, капиталист үр хүүхэд төрүүлэхээр чармайж байх шиг байна. Социализм л гэж чихэнд нь шивнэсэн болохоос, бид ийм нийгмийг, үр төлийг үзчихсэн шүү дээ. Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүүхэд гэдэг шиг, авлигалт төртэй, ядууралт ард түмэнтэй байсан түүх рүүгээ эргэн орлоо. Капитализм-Социализмын дунд ингэж тарчилж байснаас, гурав дахь гарцыг хайж болохгүй гэж үү?
Энэ гурав дахь төрийн системийг Дэн Сяопин анх хэрэгжүүлсэн гэж үздэг ч, үүсэл нь барууны идеалист философичдын зүгээс гарсан билээ. Академик Сахаровын арав гаруй жилийн хөдөлмөр шингэсэн “Метафоры политики” номд энэ үзэл нэвт бий дээ. Миний ойлгосноор, энэ систем хэт хялбар тул анхааралд өртөхгүй явж ирсэн ч байх магад. Гэхдээ, саяхны оросын “Литературная газета” сонины нэг дугаарыг бүхэлд нь энэ сэдэвт зориулсныг бодоход Орос орон ч манайх шиг зөв шийдлийг эрж хайхаас няцаагүй хэвээр ажээ.
Сахаровын энэ онол бол “конвергенцийн онол” юм. Социализм, капитализмаас оюуны болон практикийн хамаг шалгарсан бүгдийг шимж аваад, алдаатай харгис, бүдүүлэг тохиромжгүйг нь халах замаар шинэ нийгэм байгуулах тухай онол юм байна. Нам бусчуудын нам, өөрөө ч ийн ухамсарлан тодорхойлоогүй атал, энэ системийн талд байгааг л сайн мэдэрч байна аа. Аль ч намын номенклатураас ангид явж ирсэн шударга гишүүд хэчнээн олон гээ. МАХН-ыг дангаараа төр барих цагаас эхлэн өдийг хүртэл намдаа үнэнч, алба үүргээ ягштал сайн гүйцэтгэдэг, дэврүүхэн итгэл, сэтгэлтэй мянга мянган хүмүүсээр бид бахархах нь зүйн хэрэг. Гэвч тэд маань ч МАХН- даа гологдоод удлаа. Түрийвч нимгэн сэхээтэн, түрийвч зузаан луйварчин хоёрын ялгааг МАХН олж харахаа больжээ. Намгүй яваа баян луйварчинг гуйж эгнээндээ оруулснаас, ядмагхан ч үнэнч, цэвэр гишүүдийнхээ хүрээг бататгах улс төрийн боловсон хүчний бодлого хаягджээ.
“Большевик” гишүүд маань намдаа хууртагдсанаа хүлээн зөвшөөрөх дургүйдээ, эсвэл улс төр лүү гөлгөр хүйтэн царай үзүүлье гэхдээ, олон нам соливол хүний ёсонд нийцэхгүй гэж боддогтоо, намын батлахаа буцааж өгөөгүй яваа юм. Үүгээрээ ч тэд, нам бусчуудын намын эгнээнд хальтран орсоор байгаа юм. Ардчиллаа хамгаалж чадаагүй нам, номенклатурыг загалмайлсан нам хоёр, аль аль нь гишүүдээ “нам бусчуудын намд” алдаж эхэллээ. Ерөөс хатуу гишүүнчлэлгүй намуудын тогтолцоог хүлээж авах дэлхийн улс орнуудын улс төрийн хандлага хүчтэй хөгжиж, нам бол улс орон хөгжих бодлого боловсруулдаг, дэвшүүлсэн хөтөлбөрөөрөө өрсөлддөг институт л болж үлдэх хэтийн төлөвийг мөн анзаарахгүй байж болохгүй санагдана. Хууль зүйн яаманд бүртгэлгүй хэрнээ, Монгол Улсад нам бусчуудын нам гарцаагүй байдаг л юм даа.
Цоодолын Хулан
“Зүгээр л нэг амьдрахсан” номноос. 2002 он